Мэдээ, мэдээлэл

“Эрсдэлийн харилцаа ба сэтгүүл зүй” сэдэвт цахим уулзалт боллоо
“Эрсдэлийн харилцаа ба сэтгүүл зүй” сэдэвт цахим уулзалт боллоо

“Эрсдэлийн харилцаа ба сэтгүүл зүй” сэдэвт цахим уулзалт боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Орон нутгийн телевизүүдийн холбоотой хамтран “Эрсдэлийн харилцаа ба сэтгүүл зүй” сэдэвт цахим уулзалтыг 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.  

 

Уулзалтаар КОВИД-19 цар тахлын үеийн сэтгүүл зүйн үүрэг, эрсдэлийн үед редакцын баримтлах бодлого, ёс зүйн зарчимын талаар мэргэжилтнүүд мэдээлэл хийж, санал солилцлоо.

 

Уулзалтын эхэнд Орон нутгийн телевизүүдийн холбооны тэргүүн Ч.Баярсайхан орон нутагт КОВИД-19 халдварт өвчний тохиолдлууд илрэх болсонтой холбоотойгоор нөхцөл байдал ямар байгаа талаар сэтгүүлчдээс мэдээлэл авах, мэргэжилтнүүдийн дуу хоолойг сонсох зорилгоор уг уулзалтыг зохион байгуулах санаачилгыг гаргаснаа дурдав. Уг уулзалтад 21 аймгийн 30 гаруй сэтгүүлчид оролцсоноос Увс, Завхан, Хөвсгөл аймгийн төлөөлөл аймагтаа тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар асуулт асууж, мэргэжилтнүүдийн зүгээс эрсдэлийн харилцааг үр дүнтэй хийх сүүлийн үеийн чиг хандлага болон туршлагаасаа хуваалцсан юм. 

 

“Эрсдэлийн мэдээллийн харилцаанд хамгийн чухал зүйл бол харилцан ойлголцох явдал юм” хэмээн Фактчек Монгол сүлжээний зохицуулагч Ц.Тамир хэллээ. Төрийн үйл ажиллагаанд “шүүмжлэл”-тэй хандахаас гадна Засгийн газар, төрийн байгууллагаас гаргаж буй бодит, баталгаатай мэдээллийг түгээхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах шаардлагатай нь өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлуудаас тодорхой харагдлаа гээд Улаанбаатар хотод өрнөсөн үйл явцаас орон нутгийнхан суралцаад явах бүрэн боломж байгааг тэрээр мөн дурдав. Эрсдэлийн харилцаанд сэтгүүл зүйн хурд биш мэдээллийн чанар хамгийн чухал. Анхдагч байхаас илүүтэй үнэн байх, найдвартай байх, бусдын зовлонг хуваалцахад анхаарах, улмаар ёс зүйн зарчим, редакцын дүрмээ баримталж ажиллах нь чухал байна гэв.  

 

“Яг энэ зарчмаар Gogo.mn сайт ажиллаж байна. Сэтгүүлчид бид нэгдүгээрт хурдаа хойш нь тавих, хоёрдугаарт сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй байна. Иргэд хоёр жилийн турш айдастай амьдарч байхад сэтгүүлчид яарч сандран буруу зөрүү мэдээлээд, тэрийгээ буцааж татаад байх нь олон нийтийг үймүүлж, нийгэмд тогтворгүй байдал үүсгэх зэрэг  сөрөг үр дагавартай. Тиймээс юун түрүүнд тайвшраад, нөхцөл байдлыг бодитоор үнэлж,  гаргаж буй мэдээллээ сайн нягтлаарай. Мөн ялгаварлан гадуурхах байдлыг сэтгүүлчид гаргах вий, дэврээх вий” хэмээн Gogo.mn сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг онцоллоо. Түүнчлэн сэтгүүлчийн аюулгүй байдалд редакцын зүгээс анхаарах шаардлагатайг тэрээр сануулав. 

 

ХМЗ-ийн РТВ-ийн ёс зүйн хорооны орлогч дарга Ц.Чимиддондог 2020 оны 4 дүгээр сард батлагдсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль болон бусад эрх зүйн баримт бичигт тулгуурлаад АОК, ЗДТГ-тайгаа хэрхэн харилцах тухай мэдээллийг өглөө. Хэвлэл мэдээллийн төлөөллийг АОК-ын үйл ажиллагаанд татан оролцуулах, тодорхой зохион байгуулалтад ороод явах шаардлагатай байгааг Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн С.Шаравдорж онцлов.   

 

Оролцогчдын зүгээс эрсдэлийн үед хэвлэл мэдээлэл хэрхэн ажиллах, өнөөгийн нөхцөл байдал, түүнийг хэрхэн даван туулж буй туршлагыг хуваалцсан зөвлөмж бүхий гарын авлага гаргахыг зохион байгуулагчдаас хүслээ. ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа тус санаачилгыг дэмжиж, уулзалтыг хааж хэлсэн үгэндээ “Хэвлэл мэдээллийнхэн бие биенээсээ харилцан суралцах, цар тахлын үед хэрхэн ажиллах талаар сайн туршлагуудыг түгээх дээр анхаарч байгаад баяртай байна, үүнийг цаашид дэлгэрүүлж ажиллах нь зүйтэй. Мөн талбар дээр ажиллаж байгаа эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй холбоо харилцаатай байх, мэдээллийг нягтлах, баталгаажуулах чадвараа ахиулах, худал мэдээлэлтэй тэмцэх ажлыг зохих байгууллагуудтай хамтран хийх хэрэгцээ байгаа нь харагдаж байна” гэсэн юм.  

 

ХМЗ-ийн зүгээс энэ төрлийн уулзалтуудыг цаашид үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД