Мэдээ, мэдээлэл

Прокурорын байгууллагын удирдах ажилтнуудад мэдээлэл хийлээ
Прокурорын байгууллагын удирдах ажилтнуудад мэдээлэл хийлээ

Прокурорын байгууллагын удирдах ажилтнуудад мэдээлэл хийлээ

   Монгол улсын ерөнхий прокурорын газраас хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулсан Прокурорын байгууллагын удирдах ажилтны 2021 оны нэгдсэн зөвлөгөөний үеэр ХМЗ-ийн төлөөлөл оролцож, мэдээлэл өглөө. Тодруулбал, зөвлөгөөний сүүлийн өдөр болсон “Прокурор олон нийттэй харилцах нь” сэдэвт сургалтын үеэр ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал болоод хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” сэдэвт илтгэл танилцуулсан юм. 

 

   Ингэхдээ Монголын хэвлэл мэдээллийн орчин болон өнөөгийн байдал, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, сэтгүүл зүйн ёс зүй, түүний хэрэгжилт зэрэг агуулгын хүрээнд мэдээлэл өглөө. Тэрээр “ХМЗ-өөс  шийдвэрлэсэн өргөдөл гомдлоос харахад редакц баримтаа дутуу нягталж шалгаснаас санамсаргүй алдаа гаргасан тохиолдол дийлэнх хувийг эзэлж байна. Иймд  сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар бус өөрийн зохицуулалтаар шийдвэрлэдэг жишгийг тогтоох нь зүйтэй нь” гэдгийг илтгэлдээ дурджээ.

 

   Түүнчлэн МУЕПГ-т 2020 оны нэгдүгээс сараас арваннэгдүгээр сар хүртэлх 10 сарын хугацаанд “худал мэдээлэл тараах” 206 гэмт хэрэгт 149 хүнийг холбон шалгажээ. Эдгээрээс 8,7 хувь буюу 18 хэрэгт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага холбогдон шалгагдсан боловч зөрчил бүртгэгдээгүй байна. Эрүүгийн хуулийн 13.14, 14.8.1-т сэтгүүлчид бус иргэд голдуу холбогдож буйг статистик дүн мэдээлэл харууллаа. Иймээс худал мэдээлэлтэй тэмцэхэд сэтгүүлч, редакцын нягтлан шалгах, баримтжуулж нотлох зэрэг мэргэжлийн үйл ажиллагаа, үүрэг улам өндөр болж буйг тэрээр мөн онцоллоо. 

 

   Тус сургалтад прокурорын байгууллагын нийслэлийн болон 21 аймгийн 60 гаруй удирдах ажилтнууд цахимаар оролцсон юм.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД