PEAK.MN - Х.БАДАМЦЭЦЭГ
Нийслэл хотод ажил амьдралаа залгуулж насыг элээсэн Бат тэтгэвэрт гарснаас хойш даралт ихсэх болон чихрийн шижин өвчинтэй тэмцсээр иржээ.
Тэрээр 2024 оны хавар толгой нь эргэж, гар нь бадайраад улсын эмнэлэгт очсон байна. Хүлээн авагчийн сувилагч “Та урьд нь манайд үзүүлж байсан уу?” гэж асуухад, тэр “Тийм ээ, Болд эмчид үзүүлж байсан” гэж хариулжээ.
“Өө, тэр эмч одоо энд байхгүй ээ. “Дулаан өнгө” гэсэн хувийн эмнэлэгтээ (Эмнэлгийн нэрийг өөрчилсөн болно) ажиллахаар гарсан. Хэрвээ дахин үзүүлэх гэж байгаа бол тийшээ очсон нь дээр дээ” гэж сувилагч намуухан хэлэв.
30 минутын дараа Бат такси бариад “Дулаан өнгө” эмнэлгийг зорив. Улсын эмнэлгээс гурван гудамжны цаана, шилэн фасадтай, гоёмсог өндөр барилгад Болд эмчийн эмнэлэг ажилладаг ажээ. Хаалганы хажууд “Эрүүл мэндийн даатгал үйлчилнэ” гэсэн бичиг хадаатай байв.
Эмч цагаан халаадныхаа энгэрт “Дулаан өнгө эмнэлгийн захирал” гэсэн тэмдэг зүүжээ. “Таны даралт дахиад өссөн байна. Шинжилгээгээ давтан өг, MRI-д оръё. Манай энд шинжилгээний багц хөнгөлөлттэй байгаа” гэж тэрээр хэлэв.
Улмаар шинжилгээний хуудас дээр “MRI 80,000 төг” гэж бичээд Батад өглөө.
“Энэ чинь миний даатгалаар болохгүй юу?” гэхэд эмч хөмсгөө өргөөд,
“Улсын систем ачаалалтай байгаа. Хүлээвэл 10 хоног болно. Гэхдээ энд шууд хийлгэх боломжтой. Хэрвээ ЭМД-д бичүүлэх бол улсын эмнэлэг рүү буцаж очих хэрэгтэй. Тэгвэл би бичиж өгье” гэв.
Бат эмчийнхээ үгийг дагаж MRI-д орж, эмчилгээний төлбөрөө ч хувиасаа төлсөн юм.
Хоёр долоо хоногийн дараа тэр “Дулаан өнгө эмнэлэг”-ээс эмийн жор авч, тусгайлан зааж өгсөн эмийн санд очсон. Харин тэр эмийн сангийн лангууны ард Болд эмчийн төрөл садны хүн зогсож байв. Хөдөө орон нутаг ялангуяа аймгийн төв нутаг дэвсгэрийн хувьд том биш бөгөөд хүмүүс бие биенээ зүс мэднэ.
“Улсын эмнэлэгт онош хийж өгсөн эмч маань хагалгааны дараах хяналтыг өөрийн эмнэлэгт хийлгэ” гэж надад санал болгосон. Уг нь эрүүл мэндийн даатгалаараа улсын эмнэлэгт үнэ төлбөргүй хяналтад явах хүсэлтэй байсан ч дараагийн үзлэгийн цаг нь долоо хоног хүлээхээр байсан” гэж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28-р хорооны иргэн Г.Болдмаа ярив.
Монгол улсын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2025 онд хувийн 178 эмнэлэгт нийт 240 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Эдгээрийн дийлэнх нь улсын эмнэлэгт зэрэг ажилладаг эмч нарын эзэмшилд байдаг. “Хоёр халаадтай эмч” гэх энэ үзэгдэл сүүлийн таван жилд эмнэлгийн системийн хэвийн дүр зураг болжээ.
Нэг хаалга нь төрийн нэртэй, нөгөө хаалга нь хувийн халаастай Монголын эрүүл мэндийн тогтолцооны гаж үзэгдэл ийнхүү “хоёр хаалгатай” болон хуваагджээ.
Ашиг сонирхлын зөрчилд үйлчилсэн хуулиуд
“Улсын эмч нар хувийн эмнэлэг ажиллуулах эрхтэй байгаа нь ёс зүйн хувьд асуудалтай. Энэ бол эрүүл мэндийн тогтолцооны шударга бус байдлын нэг үндэс. Гэвч энэ байдлыг хориглосон тодорхой зохицуулалт үгүй. Харин эсрэгээр, 2024 онд батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь “өрсөлдөөнт орчин бүрдүүлэх” нэрийн дор төрийн сангийн хөрөнгийг хувийн эмнэлгүүд рүү урсгах нөхцөл болсон гэж” Эрүүл мэндийн сайд асан мэргэжилтэн дүгнэж байна.
Энэ нь НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-д заасан “Төр засаг нь хүний эрхэд нөлөөлж болохуйц үйлчилгзэ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ хийх, эсвэл тэдэнд зориулсан хууль тогтоохдоо олон улсын хүний эрхийн хуулиар хүлээсэн өөрсдийн үүргээ биелүүлах үүднээс зохих хяналт шалгалтыг тавьж байх нь зүйтэй.” гэсэн үндсэн зарчимд харшилж байна.
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны тайланд мэдээлснээр MRI шинжилгээний бараг тал нь буюу 42 хувь нь хувийн эмнэлгүүдэд хийгддэг болжээ. Энэ нь өндөр өртөгтэй оношилгооны үйлчилгээ хувийн хэвшилд төвлөрч байгааг илтгэхийн зэрэгцээ, дундаж төлбөр 320 мянган төгрөг байгаа нь иргэдийн санхүүгийн ачааллыг нэмэгдүүлж буйг харуулж байна.
Улсын эмнэлэгт энэ үзүүлэлт дунджаар 80,000 төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл, нэг MRI бүр дээр 240,000 төгрөгийн илүү төлбөр хувийн эмнэлгийн орлого болон шингэж байна. Харин тэрхүү илүү төлбөрийн тодорхой хэсэг эрүүл мэндийн даатгалын сангаас, өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн халааснаас гардаг.
2024 онд Эрүүл мэндийн даатгалын сангийн нийт орлого 1.6 их наяд төгрөг байсан бол үүнээс 35 хувь буюу 560 тэрбум төгрөгийг хувийн байгууллагууд руу шилжүүлснийг Эрүүл мэндийн даатгалын сангийн жилийн тайлангаас харж болно
Эмчийн хоёр дүр ба ёс зүйн зөрчил
Монголын эмч нарын дундаж цалин 2025 оны байдлаар 1.8 сая төгрөг. Өөрөөр хэлбэл, эмчийн цалин нийтийн дунд “дундаж” мэт боловч амьдралын өртөг, байр, зээл, боловсролын зардал зэргийг тооцвол тогтвортой амьдрах түвшнээс хол зөрүүтэй.
Ийм нөхцөлд эмч нарын хувийн эмнэлэг ажиллуулах, эсвэл ажлынхаа цагийг хоёр хувааж хувийн хэвшилд ажиллах нь буруутгах зүйл биш мэт. Гэвч асуудал үүнд бус, төрийн болон хувийн үүрэг давхардахад оршиж байна.
НҮБ-ын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийн тухай Ерөнхий тайлбар №14 (2000) дахь дараах зарчим ч үүнтэй зөрчилдөж байна.
“Эмчилгээний шийдвэрийг эдийн засгийн ашиг сонирхлоор бус, өвчтөний эрүүл мэндийн хэрэгцээгээр тодорхойлох ёстой.”Гэтэл манай улсад зарим газар эмч нь өвчтөний төлөө биш, өөрийн лаборатори, эмийн сангийн орлогын төлөө шийдвэр гаргаж байна.
Хүний эрхийн асуудлаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан 35 дугаар хуралдааны 23 дугаар тогтоолд “Өвчтөнд эмчилгээний бүх хувилбарыг ойлгомжтой хэлбэрээр тайлбарлах нь хүний эрхийг хүндэтгэх нэг хэсэг” гэж заасан байдаг.
Бат “MRI даатгалаар болох уу?” гэж асуухад Болд эмч “Болно, гэхдээ 10 хоног хүлээнэ” гэх мэдээлэл өгсөн нь бүрэн бус, чиглүүлсэн мэдээлэл байв.
Өвчтөн даатгалын сангийн нөхцөл, улсын эмнэлгийн бодит сонголт, хүлээлгийн хугацааны талаар бодитой мэдээлэл авсан бол магадгүй хувиасаа төлбөр хийхгүй байх байсан. Монголд өвчтөн мэдээлэл авах эрхийг хуульд заасан ч, бодит амьдралд эмчийн бизнесийн сонирхол энэ эрхийг хааж байна.
Өмнөх түүх рүү эргэн очиход, Бат MRI-гийн хариугаа аваад очтол Болд эмч “Танд тархины судасны хатуурал эхэлж байна, тариа хийлгэе” гэв. Мөн тэрбээр “Энд тариа хийлгэвэл 7 хоногийн багц 900 мянга, харин даатгалаар улсын эмнэлэгт хийлгэвэл 0₮. Гэхдээ хүлээлгэ их байна” гэж нэмж хэлсэн. Бат хоног хугацаа алдаж эрүү мэндээрээ хохирох вий гэхээс айж байлаа. Тиймээс тэр дор нь тэтгэврийн хуримтлалаасаа төлбөрөө хийхээр болтол сувилагч “бид зөвхөн тэр эмийн сангаас л авдаг” гэж зааж өгөв.
Бат зааж өгсөн газраас нь тариагаа авч эмчилгээгээ дуусгасан. Тэгээд удалгүй Дорноговь аймаг руу шилжжээ. Шилжиж ирээд хоёр сарын дараа мөн л хувийн хэвшлийн сайн гэх эмнэлгийн эмчид очиход, “Танд судасны хатуурал биш, харин шингэний дутагдал байсан байна. Тариа хэрэггүй байжээ” гэв. Тэр мөчид Батын итгэл тасарсан.
“Улаанбаатар хотод би сайн эмнэлэгт, сайн эмч дээр өөрийгөө эмчлүүлж байна гэж бодсон. Гэтэл миний өвчнийг бизнес болгосон байжээ.” хэмээн Бат ярилаа.
Тэгвэл Дорноговьд дээр өгүүлсэн хувшийн хэвшлийн эмнэлэгт ажиллаж буй эмч нарын хандлага, ёс зүй өөр түвшинд байна.
Бат энд шилжиж ирээд хувийн эмнэлгээс бодит үнэнийг сонсож эмчилгээний зөв онош, дэглэмийг мэдэж авсан. Мөн бас нэг төстэй түүх бий.
2024 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “Наран” эмэгтэйчүүдийн эмнэлэгт иргэн Цэцэг үзлэг, шинжилгээ хийлгэжээ. Шинжилгээний хариу гарсны дараа дахин эмчдээ очиход тус эмнэлгийн эмч Н.Наран оношийг нь дэлгэрэнгүй тайлбарлаж бага зэргийн өдрийн эмчилгээ хийлгэх шаардлагатай юм байна. Эмч нь бичиг хийгээд өгье улсын эмнэлэгтээ очоод хийлгэчихвэл төлбөргүй хийлгэх боломжтой гэжээ.
“Би эмчээс танайх эмчилгээгээ өөрсдөө хийдэг үү гэхэд тухайн эмч манайх өдрийн 50 мянган төгрөгөөр хийдэг. Чи 5 хоногийн эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тиймээс улсын эмнэлэгтээ очоод үнэ төлбөргүй хийлгэвэл зүгээр байхаа гэж надад зөвлөж байсан” хэмээн иргэн Цэцэг ярилаа.
Иргэдийн итгэл ба хүний эрхийн тэгш бус байдал
Монголд Эрүүл мэндийн ёс зүйн хороо байгуулагдсан ч, гомдлын 70 гаруй хувь нь шийдвэргүй хаагддаг тухай Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хорооны 2024 оны тайланд дурджээ.
Учир нь эмчийн ашиг сонирхлын зөрчлийг нотлох бараг боломжгүй. Эмнэлэг, лаборатори, эмийн сан тусдаа хуулийн этгээд хэлбэртэй учраас нэг хүний нөлөөллийг батлахад баримт дутна.
Эмч нарын хувийн бизнесийг “хууль ёсны” гэж хамгаалах нь түгээмэл. Хуульд хориглоогүй ч, хүний эрхийн хэм хэмжээнд харш зүйлс олон бий.
Жишээ нь, НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд-ын (UN Guiding Principles, 2011) 13-х зарчимд “Компанийн үйл ажиллагаа хүний эрхэд сөргөөр нөлөөлөхгүй байх хариуцлага нь хуулиар хориглосон эсэхээс үл хамаарна.” гэж дурдсан байдаг.
Иймд хувийн эмнэлэг, лаборатори, эмийн сангийн ашиг сонирхлын гинжин хэлхээ нь хуулийн хүрээнд ч хүний эрхийн зөрчил байж болно.
“Төрийн эмнэлэг дээр очвол удаан хүлээдэг, харин мөнгө нь байвал хувийн эмнэлэгт очвол хурдан шуурхай, чанартай” гэж хүмүүс ярилцах нь бий.
Нэг талаас төрийн үйлчилгээний чанар муудаж, нөгөө талаас хувийн салбар төрийн нэрийг ашиглан даатгалын мөнгөөр ашиг олж байна.
Энэ нь эцэстээ эрүүл мэндийн тэгш хүртээмжийг үгүй хийж, “эрүүл мэнд бол хүний эрх” гэх зарчим алдагдаж байна.
НҮБ-ын Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгчийн илтгэлд “Хувийн салбарт төрийн хөрөнгө оруулахдаа хүний эрхийн шалгуураар хянах ёстой. Үгүй бол төр хүний эрх зөрчигдөхөд оролцогч тал болно.” хэмээн 2023 оны илтгэлд илтгэсэн байна.
Эцэст нь Батын түүх бол ганц хүний түүх биш. Түүний түүх бол Монголын эрүүл мэндийн тогтолцоог тусгасан хэмээн хэлж болно. Хоёр хаалгатай эмнэлэгт орж, төрийн итгэл, хувийн ашиг хоёрын дунд гацсан олон мянган хүний түүх. Энэ бол төр, хувийн хэвшил, даатгал, эмийн бизнесийн орчинд мэргэжлийн ёс зүй, хүний эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг зөрчиж “орлого” болгон хувиргаж байгаа ганц жишээ.
Эмчийн бизнесийг эрх зүйгээр зохицуулъя
Ашиг сонирхлын ил тод байдлыг хуульчилсан эрх зүйн зохицуулалтад эмч нарын мэргэжлийн зүйл ажиллагааг тодорхой тусгах хэрэгтэй хэмээн АТГ-ын ахлах комиссар Ш.Цэнд-Аюуш хэллээ.
Учир нь Монголд төрийн хяналт шаардлагатай түвшинд хүрээгүй ажээ. Тухайлбал, АТГ-т эмч нартай холбоотой ашиг сонирхлын зөрчлийг шалгах эрх зүйн зохицуулалт байхгүй юм.
Мөн улсын эмнэлэгт ажилладаг эмч нарын давхар эзэмшдэг хувийн эмнэлэг, лаборатори, эмийн сангийн бүртгэлийг https://www.opendatalab.mn гэх мэт нээлттэй өгөгдлийн системд ил болгох нь зүйтэй.
Ийм бүртгэл мэдээллийн ил тод байдал бол Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 2021 онд шинэчилсэн, дэлхийн олон улс оронд хэрэгждэг зарчим.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйлгээг ил тод болгож хаана, хэнд, ямар үйлчилгээний төлбөр олгож байгааг сар бүр олон нийтэд нээлттэй байршуулах, даатгалын нөхцөл, эмчилгээний хувилбар, үнэлгээг бичгээр тайлбарлахыг эмчид заавал үүрэг болгох зэрэг харилцааг Эрүүл мэндийн тухай хуульд зохицуулж өгөх нь асуудлыг шийдэх нэг гарц байж болох юм.
Эх сурвалж: Peak.mn