ХҮҮХДИЙН ХЭРГИЙГ МЭДЭЭЛЭХДЭЭ НЭН ТҮРҮҮНД ЭРХИЙГ НЬ ХАМГААЛАХЫГ УРИАЛАВ

ХҮҮХДИЙН ХЭРГИЙГ МЭДЭЭЛЭХДЭЭ НЭН ТҮРҮҮНД ЭРХИЙГ НЬ ХАМГААЛАХЫГ УРИАЛАВ

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс Ханнс-Зайделийн сантай хамтран “Монгол Улсад насанд хүрээгүй хүний гэмт хэрэг, гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх болон хэвлэл мэдээллийн ёс зүйтэй оролцоо” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын нэгэнд зохион байгууллаа. Хүүхдийн эрх, хэвлэлийн эрх чөлөө, шүүхийн ил тод байдал гурав хоорондоо хэрхэн огтлолцдог вэ гэсэн асуултад хэлэлцүүлгийн гол агуулга чиглэж байв.   

Дугуй ширээний хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн салбарынхан, шүүгч, хуульч, судлаач, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон нь энэ сэдвийн олон талт шинжийг илтгэж байв. 

Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсад хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоо, гэр бүл, хүүхдийн дагнасан шүүхийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагыг танилцуулж, энэ тогтолцоонд хэвлэл мэдээллийн оролцоо ямар нөлөө үзүүлж байгааг хөндсөн юм. Хүүхэд холбогдсон хэрэг бүр зөвхөн хууль зүйн процесс биш, цаанаа тухайн хүүхдийн амьдрал, ирээдүй, нийгэмшлийн асуудлыг дагуулж байдаг гэдгийг хууль зүйн салбарын илтгэгчид онцоллоо.

Харин хэлэлцүүлэг гүнзгийрэх тусам нэг чухал сэдэв тодорсон нь сэтгүүл зүйн мэдээлэх эрх ба хүүхдийн эрхийг хамгаалах үүргийн зааг байлаа. Хүүхэдтэй холбоотой эрүү, шүүхийн хэргийн талаар мэдээлэхдээ олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх нь сэтгүүл зүйн үндсэн үүрэг хэдий ч, тухайн хүүхдийн нэр төр, хувийн нууц, цаашдын амьдралд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг давхар тооцох ёстойг оролцогчид онцолж байв. Ялангуяа зарим тохиолдолд олон нийтийн сонирхолын үүднээс мэдээлэх ёстой гэсэн сэтгүүлчдийн хандлага хүүхдийн эрхийг хамгаалах зарчмаас давуу тал болж байгааг ч шүүмжилсэн байр суурь гарч байлаа.

Мөн шүүхийн байгууллагаас мэдээлэл өгөх байдал, хэвлэл мэдээлэл түүнийг хэрхэн ашиглаж, олон нийтэд хүргэж байгаа талаар ч ярилцлага өрнөсөн. Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн төлөөллүүд шүүх ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг илүү ойлгомжтой, хариуцлагатай болгох шаардлага байгааг дурдсан юм. Ялангуяа шүүхийн мэдээллийг мэргэжлийн түвшинд тайлбарлан хүргэх, буруу ойлголт үүсгэхгүй байх нь чухал гэдэг дээр санал нэгдэв.

Хэлэлцүүлгийн үеэр хүүхэд холбогдсон хэргийн дараах үе шат, өөрөөр хэлбэл дахин нийгэмшүүлэх бодлого ч хөндөгдсөн. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийтэлсэн мэдээлэл нь тухайн хүүхдийн ирээдүйд хэрхэн нөлөөлж болох, олон нийтийн хандлагыг хэрхэн бүрдүүлдэг талаар оролцогчид байр сууриа илэрхийлсэн нь энэ сэдвийг зөвхөн мэдээлэл танилцуулах төдийгүй хүүхдийн ирээдүйн амьдралын үр дагаврыг тооцож харах шаардлагатайг харуулж байлаа.

Хүүхдийн тухай мэдээлэх асуудал нь зөвхөн сэтгүүлчийн шийдвэр биш, шүүхийн шийдвэр ч биш харин нийгмийн хамтын хариуцлага гэдгийг төгсгөлд нь оролцогчид хамтдаа хүлээн зөвшөөрсөн билээ. 

Ийнхүү уг хэлэлцүүлэг нь салбар хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцохоос гадна цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан уулзалт болсон юм. Хүүхдийн эрхийг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөг хадгалах, шүүхийн ил тод байдлыг хангах гэсэн гурван чухал зорилтыг зэрэгцүүлэн авч явах нь амаргүй ч зайлшгүй шаардлагатай зорилт гэдгийг оролцогчид санал нэгтэйгээр илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.