BBC-ийн дэргэдэх хараат бус байгууллага болох BBC Media Action нь олон улсын хөгжлийн салбарт 100 гаруй жилийн сэтгүүл зүйн туршлагатай бөгөөд редакцынхаа соёлыг дэлхийн бусад улс орнуудын мэргэжил нэгт нөхдөдөө хуваалцдаг.
Тус төсөл нь Монголын UB LIFE, Graph.mn, Өрөг.мн редакцуудтай хамтран эмэгтэйчүүдийн бодит түүх, дуу хоолойг тусгасан контентуудыг бэлтгэн олон нийтэд хүргэсэн нь нийгмийн ойлголтыг өөрчлөх, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит ажил болсон гэдгийг оролцогчид онцлов.
Арга хэмжээний үеэр Их Британиас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт болон Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн Яамны Энэтхэг-Номхон Далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн сайд Сийма Малхотра нарт төслийн үр дүнг танилцууллаа. Хэвлэл мэдээлэл, бодлого, олон улсын хамтын ажиллагааны огтлолцол болсон энэхүү санаачилга нь эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэлээ.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа шалгарсан редакцуудад баяр хүргэж, нийтийн эрх ашгийн төлөөх орхигдсон сэдвүүдийг хөндөж баримтад тулгуурлан, хүний эрхэд нийцүүлэн, ёс зүйн шаардлага хангасан бүтээлүүд бэлтгэсэнд талархаж буйгаа илэрхийллээ.

Түүнчлэн Их Британийн тал эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих сургалт, зөвлөгөө, сүлжээ бий болгох чиглэлд 20 гаруй жилийн турш хэрэгжүүлж ирсэн хөтөлбөрүүдээ өргөжүүлж, эмэгтэй улстөрчдийн хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь эрхийг хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх чиглэлд Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран ажиллаж байна. Эдгээр санаачилга нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал байр суурь эзэлж байгааг тэмдэглэв.
Эмэгтэйчүүдийн эрх, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилгын хүрээнд Өрөг.мн, Graph.mn, Ub.Life сайтын тус тусын сэдвийн дагуу бэлтгэсэн баримтат бүтээлийг та бүхэнд хүргэж байна.
Urug.mn: https://www.facebook.com/reel/900775369451702
Graph.mn: https://www.facebook.com/reel/1932957673995372
Ub.Life: https://www.facebook.com/reel/1640778686959954
