Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан Б.Энхням өөрийн “Тэдэнд бидний өрөвдөх харц биш, ажиллах боломж хэрэгтэй” хэмээх бүтээлээ танилцууллаа.
Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлт бол хүний эрхийн төдийгүй эдийн засгийн чухал асуудал болсоор байгаа билээ. Манай улсад 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас зөвхөн дөрөвний нэг нь л тогтмол ажил эрхэлж байгаа нь хөдөлмөрийн зах зээлд оролцох боломж хэр хязгаарлагдмал байгааг харуулдаг. Хүмүүс тэднийг тусламж хэрэгтэй бүлэг гэж хардаг ч үнэндээ тэд мэдлэг, ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй, нийгэмд хувь нэмэр оруулахыг хүсэж буй иргэд юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал өнөөг хүртэл нийгмийн анхаарлын гадна орхигдсоор л. 2017 онд ердөө 7,199 хүн л нийгмийн даатгалын шимтгэл төлж, цалин хөлстэй ажил эрхэлж байсан. Харин 2018 оны есдүгээр сарын байдлаар энэ тоо 22.5 хувиар өссөн нь тодорхой ахиц мэт боловч, бодит байдал дээр нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд тун бага хувьтай үзүүлэлт хэвээр байгаа юм.
Монголын бизнесийн орчинд хүртээмжтэй ажлын байр гэх ойлголт сүүлийн жилүүдэд хөндөгдөж байгаа ч бодит хэрэгжилт сул байсаар байна. Тэргэнцэртэй иргэдэд тохирсон орц гарц, ариун цэврийн өрөө, хүртээмжтэй вэбсайт, цахим систем маш ховор бөгөөд ажлын орчны соёл ч бүрэн төлөвшөөгүй. Гэсэн хэдий ч дэлхийн жишээ харвал хүртээмжтэй ажлын байр нь зөвхөн хүний эрхийн асуудал бус, бизнесийн амжилтын түлхүүр болдог нь батлагдсан. Жишээлбэл Deloitte компанийн 2023 оны судалгаагаар инклюзив бодлого хэрэгжүүлсэн байгууллагуудын хэрэглэгчийн сэтгэл ханамж 39 хувиар, ашиг орлого 27 хувиар өссөн байна.
Microsoft компани аутизмтай иргэдийг программ туршилт хариуцуулах тусгай хөтөлбөрт хамруулж, тэдний анхаарал төвлөрөл, нарийн мэдээлэл боловсруулах чадварыг ашиглаж байгаа бол Starbucks сонсголын бэрхшээлтэй ажилтнуудад зориулсан тусгай “signing store”-уудыг нээсэн. Unilever хүртээмжтэй ажлын орчин бүрдүүлснээр ажилтны бүтээмжийг 30 хувиар өсгөсөн гэж мэдээлсэн байдаг. Эдгээр туршлагуудын ард нэг л санаа бий хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн зах зээлд татан оролцуулах нь зөвхөн нийгмийн шударга ёсны илэрхийлэл бус, эдийн засгийн үр өгөөжтэй алхам юм.

Монгол Улсад ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Жишээ нь, томоохон хүнсний үйлдвэрлэлийн компани болох АПУ ХК нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн зах зээлд татан оролцуулах чиглэлд бодит алхам хийж буй байгууллагын нэг юм. 2022 оны байдлаар тус компанид хэл яриа, сонсгол, хараа, хөдөлгөөний бэрхшээлтэй нийт 27 хүн ажиллаж байсан бөгөөд үүний 19 нь үйлдвэр, агуулахын тасагт, дөрөв нь нь захиргааны албанд, дөрөв нь менежментийн түвшинд ажиллаж байжээ. Энэ санаачилгыг Япон улсын JICA байгууллага болон ХНХЯ хамтран хэрэгжүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд дэмжсэн байна. АПУ-ийн зүгээс зөвхөн ажилд авах бус, “ажлын байрны дасгалжуулагч” сургалт зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудаа хамт олонтой харилцах, заавар авах нөхцөлөөр хангажээ. Мөн үйлдвэрийн орчныг илүү хүртээмжтэй болгож, мэдээллийн самбар, дүрслэл, дохионы хэлний орчуулагчийг тогтмол ашиглаж эхэлсэн нь бусад компанид даган дуурайх сайн жишээ болсон юм. Энэ бүхний үр дүнд ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдэж, компанийн дотоод уур амьсгал илүү нээлттэй, ойлголцлын соёлд шилжжээ. Үүнээс гадна хэрэглэгчид, харилцагчдын дунд тус компанийн нэр хүнд, итгэлцэл өссөн тухай судалгаа бий.
Энэ нь тухайн компанийн нэр хүндийг өсгөхөөс гадна хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлж, дотоод ажилтнуудын сэтгэл ханамжийг сайжруулж байна. Үнэндээ оролцоо нэмэгдэх тусам хамтын үнэ цэнэ бий болдог.
ХЭҮК-ийн судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 68 хувь нь ажиллах хүсэлтэй байдаг ч ажил олгогчдын дийлэнх нь тэднийг тохирох ажилтан гэж үздэггүй ажээ. Энэ бол хүний эрхийн төдийгүй бизнесийн алдагдсан боломж юм. Тэднийг оролцуулах нь ажиллах хүчний шинэ нөөц бий болгохоос гадна хэрэглэгчдийн дунд итгэлцэл, хүндлэл төрүүлдэг.

Өнөөдөр хэрэглэгчид зөвхөн бүтээгдэхүүн сонгохгүй, үнэт зүйл сонгодог цаг ирсэн. Хэрвээ нэг компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжиж, орчноо хүртээмжтэй болгож чадвал тэр брэнд хэрэглэгчдийн дунд “сайн үйлсийн төлөө ажилладаг” гэсэн ойлголт бий болгодог. Энэ нь хэрэглэгчийн тоо, ашиг орлого, нийгмийн нэр хүндэд шууд эерэг нөлөө үзүүлдэг.
НҮБ-ын судалгаагаар хүртээмжтэй бодлого баримталсан компаниудын 70 хувь нь шинэ хэрэглэгч татах чадвар өндөр, 50 хувь нь ашгийн түвшин нэмэгдсэн гэж мэдээлсэн байна. Энэ бол оролцоог өрөвдөх сэтгэл бус, бизнесийн ухаалаг бодлого болж болдог гэдгийг нотолж буй тоо баримт юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн тусламжийн хүлээн авагч бус, хөгжлийн нэгэн хөдөлгөгч хүч гэж хүлээн зөвшөөрөх цаг иржээ. Тэдний оролцоог нэмэгдүүлэх нь зөвхөн ажил эрхлэлтийн тоон үзүүлэлт бус, илүү шударга, илүү бүтээмжтэй, илүү итгэлтэй нийгмийн эдийн засгийг бүтээх алхам юм. Хэрвээ компаниуд хүртээмжийг суртал уриа бус бодит үнэт зүйл болговол, тэр нь нийгмийн итгэлцлийг сэргээж, эдийн засгийн өсөлтийн шинэ эх үүсвэр болно. Монголын бизнесийн салбарт “АПУ”-ийн жишээг даган, “Говь”, “CU”, “Таван Богд” зэрэг компани хүртээмжийн бодлогоо тодорхой хэлбэрээр хэрэгжүүлж эхэлж байгаа нь нийгмийн зөв чиг хандлагын дохио юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллах боломжтой, оролцох хүсэлтэй, хамтдаа бүтээх эрмэлзэлтэй. Тэдэнд өрөвдөх сэтгэл биш, зөвхөн боломж л хэрэгтэй.

Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд бэлтгэв. Уг бүтээл нь зөвхөн зохиогчийн үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.