"Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэсэн оюутнуудын цуврал бүтээл #4

Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн оюутан Н.Номин “Нарантуул” руу явж наймаа хийе” бүтээлээ танилцууллаа.

“Нарантуул” руу явж наймаа хийе

Өдрийн 12.00 цаг. Өчигдөр орсон цас өнөөдөр үл ялиг мөс болон гялтганана. Нар мандаж, хотын төвөөр машин сийрэг, харин Баянзүрх дүүргийн зүүн хэсэгт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төв, бидний хэлж заншсанаар “Нарантуул” захын чиглэлд замын хөдөлгөөн эрчимтэй. Хотын хүн амын 61 хувь нь жилд дор хаяж нэг удаа “Нарантуул” зах руу ордог гэсэн судалгаа бий. Өдөрт дунджаар 43 мянган хүн үйлчлүүлдэг энэ газар бол Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй худалдааны төв. Гэвч “олон улсын” гэсэн тодотгол нь нэр төдий болж, зах доторх нөхцөл өөр байдлыг илэрхийлнэ.

Захын төв буюу гол хаалгаар орлоо. Хаа сайгүй лангууныхаа урд талын цасыг хусаж цэвэрлэх хүмүүс болон лангууны дээвэр болж буй даавуун дээр тогтсон цасыг цэвэрлэж байв. Өчигдөр орсон цас хайлж, газарт шавар болсон бол нар тусах боломжгүй хэсгээр хөлдөж мөс болжээ. Зүүн чихэнд “Халуун цайгаа аваарай” гэх настай эгчийн дуутай зэрэгцэн баруун чихэнд “Ямар хүйтэн юм бэ, даараад байна” хэмээн хар, саарал ороолт өмссөн, хар куртикний гадуураа зөөлөн даавуугаар нэмж зузаалсан эгч хажуу талынхаа лангууны эгчтэй буу халж ярих нь сонсогдоно.

Хажуугаар хүмүүсийн урсгал тасрахгүй, ачаа үүрсэн хүн, бараагаа зарахыг хичээж “Цамцнууд 13,000 болж хямдарлаа” гэхчлэн хашхирах худалдаачид таарна. . Зах дотор ормогц нарны тусгал шууд хаагдах ба жавартай хүйтэн байдал угтана. Лангуу хооронд маш нарийнхан зайтай, дээр дурдсанчлан зам мөстсөн учраас хүмүүс яг л “дун” аятай алхах аж. Зарим лангууны ойролцоо дээврээс хайлж буй мөс ус болон дусалж, куртик норгоно.

⁃Хүн багатай байна шүү

⁃“Гурав, дөрвөн цагийн үед хүн гайгүй ихсэх байх” хэмээн ярилцах бараа зөөж байсан хоёр ахын яриа биеллээ олж, 30 минутын дараа зах руу орж ирэх хүний тоо нэмэгдэв. Үйлчлүүлэгчид мөсөн зам дээр болгоомжлон алхаж, хүмүүсийг зөрж өнгөрөх гэж хичээнэ.

14.00 цаг. Худалдаачдын цайны цаг эхэлжээ. Зах дээр өнөөдөр хамгийн их худалдаалагдаж буй зүйл бол халуун цай. Захын өнцөг бүрд халуун уух зүйл, халуун өндөг, идэх зүйл зарах тэрэг түрсэн хүмүүс явах бөгөөд худалдаачид цай л их авах юм. Ийм их цай, шингэн юм ууж байгаа хэр нь хаана бие засаад байгааг нь ойлгоход хэцүү юм. Гадаа хэсэгт нь миний харснаар ариун цэврийн өрөө гэсэн нэг, хоёр бичиг харагдсан. “Баялаг Ундраа” дотор бол ариун цэврийн өрөөтэй, 300 төгрөгийн төлбөртэй. Гэхдээ яг бие засмаар санагдсан үед дотор зах руу яарна гэдэг хэцүү асуудал юм. Халуун цайтай, гэрээсээ бэлтгэж ирсэн халуун савтай хоолоо зэргэлдээ хоёр, гурван лангууны худалдаачид нийлээд нэг лангуун дээрээ идэх нь харагдах юм. Зарим нь хэд хэдээрээ нийлээд хөзөр тоглон цагийг барах төлөвлөгөөтэй байгаа бололтой. Гадаа -11 Цельсийн хэм зааж байлаа.

Орой улам л хүйтэн болно. Гадаа нэг цаг ч зогсож чадалгүй дулаацахаар “Баялаг Ундраа” худалдааны төв рүү орсон би яаж энэ хүмүүс бүтэн өдрийн турш байж гадаа ажиллаж чаддагийг гайхан бодов. Эл зах 10 жилийн өмнө сурагч байхаас минь хойш огт өөрчлөгдөөгүй нь гайхмаар. Одоо би чинь оюутан болсон шүү дээ.

Надад “Нарантуул” захтай холбоотой түүх байдаг юм. Манайх намайг төрөх үед авсан нэг гацуур байдаг юм. Нэг метр гаруй өндөртэй, гацуур мод шиг мөчиртэй, хар дугуй суурьтай. Одоо ч байдаг. Дурсамжтай гээд хадгалдаг юм л даа. Олон жилийн өмнө гацуур маань хуучирчээ, солих цаг ирж хэмээн гацуураа шинэчлэхээр зах руу явж билээ. Анх удаа “Нарантуул” захад хөл тавьж үзсэн хэрэг. Ээжийгээ дагаж явсаар гацуур зарж буй хэсэгт ирлээ. Төрөл бүрийн гацууруудтай. Цас орчихсон. Гацууруудаа газар тавьчихсан. Бүтэн хоёр, магадгүй гурван цаг ч гадаа зогссон байж магад. Хэдий хувийн бэлтгэлээ хангаж, зузаан хувцасласан ч хацар хөлдөнгөө л алдаж билээ. Одоо хүртэл мартагдахгүй байна гэхээр их л даарч. Ээж лангуунаас лангуу руу явж, гацуур үзнэ. Гэсэн ч эцэст нь гацуураа аваагүй ч захын гуанзны хоол идэж аваад харьсан юм даг.

“Нарантуул” захад байхгүй юм алга. Яг нарийн харах аваас хүний хэрэгцээний зүйлс цөм бүрэн. Хэдэн жилийн өмнө лангуу болгон бараатай байсан бол эзэнгүй хоосон лангуунууд их болжээ. Магадгүй улирлаас шалтгаалдаг байх. Нэг хэсэгт л дор хаяж хоёр, гурван хоосон лангуу харагдаж байв. Арга ч үгүй биз ээ. Өвлийн хүйтэнд гадаа бараа зарахыг хүсэх хүн цөөн байх. Яаж ийгээд дотор байхыг хүснэ шүү дээ.

16.00 цаг. “Нарантуул” захын “аялал” ингээд дууслаа. Хот хөгжиж, технологи, онлайн худалдаа өргөжиж байхад ч “Нарантуул” зах хэвээрээ л байна. Худалдаачдын хөдөлмөр, эрх ашгийг хамгаалах, ая тухтай ажлын байрны орчныг сайжруулахаар хийх ажил их байгаа ч олигтой үр дүн харагдсангүй.

 

Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд бэлтгэв. Уг бүтээл нь зөвхөн зохиогчийн үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.