Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутан Д.Дэрэмийн бүтээлийг танилцуулж байна.
Ажлын байр бол зүгээр нэг орлого олох талбар бус, хүний сэтгэл, үнэлэмж, итгэлийг хамгаалах орон зай байх ёстой. Гэтэл энэ орчин хүнд үгсийн цуурайгаар дүүрч, дуугүй тэвчсэн зовлонгоор жин дарагдах нь элбэг болсон нь харамсалтай. “Чи чадахгүй байна”, “Чиний оронд өөр хүн байвал дээр байсан”, “Ажилдаа үнэхээр муу юм аа” гэх мэт хүнд үгс зөвхөн хэлж буй хүний амнаас гараад өнгөрдөггүй. Харин сонсож буй хүний дотор цуурайтан үлдэж, өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийж, сэтгэлийг нь мохоож, сэтгэл зүйн дарамтад автуулдаг. Ихэнх тохиолдолд үүнийг “хошигнол”, “ажлын байран дээр байдаг л зүйл” гэж хүлээж авдаг тул хүмүүс анзааралгүй тэвчих нь бий. Гэвч угтаа энэ нь хүний эрхийг зөрчиж буй хэлбэр.

Нэгэн жишээ дурдъя.
Нагацын маань 20 настай охин Б.Цэлмэг оюутан болж чадаагүй учраас мөрөөдөлгүй үлдэх вий гэсэндээ бусдын адил олон зүйл туршиж үзсэний эцэст хийх дуртай, бас сайн хийж чаддаг зүйлээ олов. Мэдээж дуртай зүйлээ хийж буй түүний хувьд удаан хайсан хоббигоо олсондоо сэтгэл хангалуун байсан юм. Гэтэл ороод удаагүй шинэ ажил нь өөрийгөө хөгжүүлэх боломж биш, үргэлж төвөгшөөх асуудал нь болж хувирлаа. “Хэцүү ч гэсэн удаан ажилласан хуучин ажлынхаа хамт олон, уур амьсгал, нэг ёсондоо цалингаас бусад бүгдийг санаж байна” гэв. Учир нь одоогийн ажлынх нь цалин зах зээлийнхээс өндөр үнэлгээтэй.

Тэр өглөө бүр ажилдаа ирэхдээ хаалгаа нээх мөч хүртэл сэтгэл нь нэг л хүнд байдаг болсноо хэлэхдээ наанаа худлаа инээж, цаанаа гунигтай байгаа нь харагдав. “Хэн нэгэн чанга үг хэлэхгүй ч тэнд ямар нэгэн үл үзэгдэх дарамт үргэлж оршдог. Удирдлага маань “Бүгдийг инээмсэглэж хүлээж ав” гэж хэлдэг ч тэр инээмсэглэл дотор хүйтэн айдас, шүүмжлэл, үл хүндлэл багтсан байдаг. Хамт олныхоо дэргэд намайг “алдаа гаргагч” хэмээн хошигнон дооглох бүрт инээвхийлэх гэж хичээдэг ч дотроо “Би үнэхээр үнэ цэнгүй хүн юм болов уу”, “Нээрээ л би бүх зүйлийг алддаг юм байна” гэсэн гутранги бодол байнга орж ирдэг байлаа. Түүнийг ингэж хэлэхэд учрыг нь асуувал:
-“Би уг нь олон ажил хийж үзсэн. Гоо сайхан, тэр дундаа хүний хумс будах шиг гоё санагдсан ажил байгаагүй. Өнөөдөр би артист гэсэн нэртэй болж, энэ газар намайг ажилд авсанд баярлаж байгаа ч надад хамт олны харилцаа, хандлага их чухал байдаг. Тухгүй уур амьсгалд миний ажлын бүтээмж ч “нурж” байгаа учраас дуртай зүйлээ орхих бодол байнга төрөх болсон. Түүнийгээ ч удирдлагадаа хэлж үзсэн. Хариуд нь “Танай үеийнхэн сүртэй” гэсэн хүйтэн хариу сонссон. Би өөрийнхөө төлөө цаашид ажиллах уу, бас өөрийнхөө төлөө ажлаасаа гарах уу гэдгээ шийдэх л үлдсэн” гэлээ.
Дуртай ажил, өндөр цалин, гоёмсог нэр хүндээс илүүтэйгээр дэмждэг, итгэл найдвар өгдөг энгийн харилцаа л хүн ажилдаа үлдэх шалтгаан болдог. Б.Цэлмэгийн түүх бол залуу хүний зүрхний чимээг сонсож чаддаггүй, “Инээмсэглэлээр бүхнийг дар” гэсэн хуучирсан хандлагын эсрэг дуугүй ч хүчтэй эсэргүүцэл юм. Хөдөлмөрийн орчин нь хүний сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангаж чадахгүй бол хамгийн дуртай ажил хүртэл дарамтын эх үүсвэр болж, хүний итгэл, мөрөөдлийг үгүй хийж ч мэднэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2022 оны тайланд дурдсанаар, дэлхий даяар ажиллагсдын 15-20 хувь нь ажлын байрны сэтгэл зүйн дарамтад өртдөг гэжээ. Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ILO) судалгаагаар ийм дарамтад өртсөн ажилтнуудын 56 хувийнх нь ажлын бүтээмж буурч, 30 хувь нь сэтгэл гутралд ордог, 12 хувь нь ажлаа орхидог байна. Энэ нь байгууллагын дотоод соёл, удирдлагын хандлага, хариуцлагын тогтолцоотой шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, үг ямар хүчтэй, хандлага ямар чухал гэдэг нь харагдаж байгаа юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцид “Ажилтан дарамт, хүчирхийллээс ангид, аюулгүй орчинд ажиллах эрхтэй” гэж заасан байдаг. Энэ бол хуулийн заалт төдий биш, хүний эрхийн хамгийн энгийн, гэхдээ хамгийн чухал баталгаа юм.

Монголд ч дээрх асуудал үл үзэгдэх хэлбэрээр газар авч буй. Ажлын байрны шаардлага, шүүмжлэл нэрийн дор дарамт, үл хүндлэл, доромжлол түгээмэл гардаг ч бидний олонх нь үүнийг хүлээн зөвшөөрөөд удаж байна. Харамсалтай нь энэ нь хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллах эрх, сэтгэл санааны халдашгүй байдлыг зөрчиж байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн дарамт нь гаднаа сахилга журам мэт харагддаг ч үнэндээ хүний үнэ цэнийг мохоож, байгууллагын итгэлцлийг задалдаг хүч. Үүнийг үл ойшоох нь чимээгүй хохирогчдыг нэмэгдүүлж, ажлын байрны соёлыг ялзруулсаар л байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нэрийдлээр доромж үг хэлэх нь хэзээ ч зөвтгөгдөхгүй. Хүнд үгсийн цуурай эерэг үгээр дарагдаж, дуугүй зовлон ойлголт, дэмжлэгээр нимгэрдэг. Ажлын байр бол айдас биш, урам зориг төрөх орчин байх ёстой. Тиймээс бид бүгд хүн бүрийн эрхийг хамгаалж, хүндлэлд суурилсан харилцааг бүтээх үүрэгтэй. Тэр үед л ажил, амьдрал утга төгөлдөр болж чадна.

Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд бэлтгэв. Уг бүтээл нь зөвхөн зохиогчийн үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.