“Дижитал эрин үеийн ёс зүй: Хиймэл оюуны сорилт ба боломж” хэмээх сэдвийг Хэвлэл мэдээллийн зөвлөл онцолж зургаа дахь удаагийн Сэтгүүл зүйн ёс зүйн форумыг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 10-нд болох тус форумын талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа ikon.mn cайтад ярилцлага өглөө.
- Хэвлэл мэдээллийн зөвлөл энэ удаа “Дижитал эрин үеийн ёс зүй: Хиймэл оюуны сорилт ба боломж” сэдвээр форум зохион байгуулах гэж байна. Юуны өмнө форумын гол зорилго юу болох талаар ярилцъя.
- Дижитал шилжилт бидний мэдээлэлтэй харилцах харилцааг бүхэлд нь өөрчилж байна. Хиймэл оюун(AI)-ны хэрэглээ сэтгүүл зүйд аль хэдийн нэвтэрч, мэдээ бэлтгэх, эх сурвалж боловсруулах, уншигчийн хэрэглээг тооцоолох зэрэгт ашиглагдаж эхэлсэн.
Гэвч энэ хөгжилтэй зэрэгцээд ёс зүйн олон асуудал тулгарч байна. Форумын зорилго бол сэтгүүлчид, редакцууд, бодлого боловсруулагчид, иргэний нийгмийнхэн хамтдаа хэлэлцэж, ёс зүйн сорилтод ямар бэлтгэлтэй байж, боломжийг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг дээр санал солилцох юм.
- Сорилтынх нь талаар та илүү тодруулахгүй юу? Яг ямар сорилтууд тулгарч байна вэ?
- Нэгдүгээрт, алгоритмын ил тод байдал. Өнөөдөр бид уншиж байгаа мэдээ, харж байгаа мэдээлэл бүгд тодорхой алгоритмын шийдвэрээр бидний өмнө гарч ирдэг. Гэхдээ энэ процесс хэр шударга вэ, хэний эрх ашгийг хамгаалж байна вэ гэдэг асуулт нээлттэй байна.
Хоёрдугаарт, Deepfake болон хуурамч мэдээлэл. Хиймэл оюуны хөгжлийн буруу хэрэглээ нь нийгмийн итгэлцэлд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл өндөр байна.
Гуравдугаарт, сэтгүүлчийн үүрэг ба хариуцлага маш чухал. Олон хүн “AI мэдээ бичээд өгч байна” гэж бодож магадгүй. Гэвч үнэндээ редакцын хяналт, ёс зүйн шүүлтүүргүйгээр мэдээлэл цацагдах нь хамгийн том аюул.
- Тэгвэл AI-ийн буруу хэрэглээнээс үүдэлтэй мэдээллийн хохиролд хэн хариуцлага хүлээх ёстой гэж та үзэж байна вэ? Хөгжүүлэгч үү, хэрэглэгч үү, эсвэл хэвлэл мэдээллийн байгууллага уу?
- Энэ бол нэлээд ээдрээтэй асуудал юм. Учир нь хариуцлагыг хэн нэгэнд шууд түлхэх боломжгүй. Дэлхий нийтээр энэ асуудлаар хэлэлцэж буй тул манай форумаар ч бид хамтдаа хэлэлцэхийг зорьж байна. Хэвлэл мэдээллийн байгууллага өмнөх үеэсээ ч илүү ёс зүйн зарчимдаа анхаарч илүү нямбай ажиллах шаардлага тулгарч байна.
- Энэ удаагийн ёс зүйн форум сорилт, боломж аль алийг нь хэлэлцэх гэж байна. Хиймэл оюун ухааны сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн салбарт бий болгож буй боломжийг та юу гэж тодорхойлох вэ?
- Боломж бол маш өргөн бий. Өгөгдөлд суурилсан сэтгүүл зүй, баримтыг нягтлан шалгах шинэ арга хэрэгсэл, уншигчтай харилцах шинэ платформууд бүгд хиймэл оюунд түшиглэн хөгжиж байна. Хамгийн гол нь бид технологийг бус харин ёс зүйн зарчимтай уялдуулж ашиглах ёстой.
- Тухайлбал, ямар зарчим баримтлах вэ. Монгол Улсад хиймэл оюуны зохицуулалт, ёс зүйн код бий болгох талаар ямар алхмууд хэрэгтэй гэж та үзэж байна вэ?
- Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 10 жилийн өмнө Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг хэлэлцэн батлахдаа олон талын оролцоог хангаж, урт удаан хэлэлцүүлгийн үр дүнд баталсан.
Сүүлийн хоёр жил ёс зүйн зарчимд цаг үеийн шаардлагаар нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ёс зүйн хороодын гишүүд ажиллаж буй бөгөөд хиймэл оюун нь бас нэгэн сорилт болж байна. Тухайлбал хиймэл оюун ашиглаад ёс зүйн зарчмын алдаа гаргасан бол Ёс зүйн хороо үүнийг хэрхэн яаж дүгнэж шийдэх вэ гэдэг дээр анхаарч бид харилцан суралцаж судалж байна.
Хамгийн наад зах нь хиймэл оюуныг сэтгүүл зүйн бүтээлдээ ашигласан бол “AI-аар бүтээв” гэх мэт уншигчдад танигдах шошго тавих зэргээр бидэнд хийх хэлэлцэх зүйл их байна.
- Монголын хэвлэл мэдээллийн орчинд энэ асуудал ямар ач холбогдолтой вэ?
- Сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн салбар аль хэдийн олон сорилттой тулгарч байна. Итгэлцлийн хомсдол, санхүүгийн дарамт, хурд ба хяналтын зөрчил гэх мэт. Одоо дээрээс нь хиймэл оюуны эрин үе орж ирлээ. Энэ үед ёс зүйгээс ухрах бус, харин ч улам бататгах шаардлага бий.
Хэвлэл мэдээллийн зөвлөл бол сэтгүүлчийн мэргэжлийн эрх чөлөө, олон нийтийн эрх ашгийг хамгаалах хоорондын тэнцвэрийг сахиулагч байгууллага. Тиймээс энэ мэт чухал асуудлыг олон нийтийн хэлэлцүүлэгт оруулах нь бидний үүрэг гэж харж байна. Энэ бол зөвхөн мэргэжлийнхний биш, бүх нийтийн асуудал гэдгийг онцолмоор байна.
- Хиймэл оюун ухаан сэтгүүлчийн ажлыг орлох уу, эсвэл дэмжих үү гэдгийг нь төгсгөлд нь асуумаар байна. Сэтгүүлч ер нь хэрэгтэй юу?
- Маш товчхон хариулбал хиймэл оюун сэтгүүлчийг орлож чадахгүй гэж хэлмээр байна.
Хиймэл оюуныг зөв ашиглавал бидний мэдээллийн чанарыг сайжруулж, иргэний оролцоог өргөжүүлэх асар том боломж. Гэхдээ хяналтгүй орхивол үнэн ба худлын ялгааг бүдгэрүүлж, ардчилалд хор хүргэх эрсдэл өндөр.
Тиймээс бид бүгдээрээ - сэтгүүлч, хэрэглэгч, бодлого боловсруулагч гэлтгүй - ёс зүйн хариуцлагаа ухамсарлаж, дижитал эрин үеийг зөв сонголтоор угтах ёстой гэж бодож байна.