Цэцэрлэг хотын утаа хүний эрхийг ноцтой зөрчиж буйг олон талт оролцоотойгоор хэлэлцлээ

Цэцэрлэг хотын утаа хүний эрхийг ноцтой зөрчиж буйг олон талт оролцоотойгоор хэлэлцлээ

Архангай аймгийн төвд 2025 оны есдүгээр сарын 22-нд болсон олон талт хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагууд, судалгаа шинжилгээний төв, хүний эрхийн болон иргэний нийгмийн төлөөлөл, бизнес эрхлэгчид, орон нутгийн иргэд болон сэтгүүлчид зэрэг 30 гаруй төлөөлөл оролцож, агаарын бохирдол эрүүл мэнд, эдийн засаг, хүний эрхэд учруулж буй хор уршиг, аюул эрсдлийн талаар хэлэлцлээ. Энэхүү арга хэмжээг “Архангайн амьдрал” сонины редакц санаачлан Хэвлэл Мэдээллийн Зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд тэд агаарын бохирдлын талаар эрэн сурвалжлах бүтээл бэлтгэхдээ гол эх сурвалжуудыг уулзуулж, иргэдийн дуу хоолойг сонсож, холбогдох баримт, мэдээллүүдээ нягтлав.

Хэлэлцүүлгийн үеэр Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгал орчны шинжилгээний лабораторийн ерөнхий технологич инженер М.Чулуунхүү 2024 оны өвөл хийсэн хэмжилтийн дүнг танилцуулахдаа “Нэгдүгээр сард хийсэн 31 удаагийн хэмжилтээс 22-д нь PM2.5 тоосонцор стандарт давсан. Хоёрдугаар сард 29 хэмжилтээс 27-д нь мөн хэтрэлт гарсан. Азотын давхар исэл 5–7 дахин, хүхэрлэг хий хоёр дахин нэмэгдсэн” хэмээн анхаарууллаа. Аймгийн төвд 2024 оны хавар суурилуулсан автомат станц минут тутамд нарийвчилсан өгөгдөл гаргадаг ч ‘утааны голомт’ бүсүүдэд явуулын хэмжилт хийх хүчин чадал хүрэлцэхгүй байна” хэмээн тэрээр онцлов.

Цэцэрлэг хотын хүн амын эрүүл мэндийн ноцтой эрсдлийн талаар Аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Э.Ариун-Эрдэнэ мэдээлж, амьсгалын замын өвчлөл тогтмол өндөр түвшинд байгаа, хүүхдийн томуугийн дэгдэлт арваннэгдүгээр сараас дараа жилийн хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг нь утаатай шууд холбоотой хэмээн дүгнэлээ. Хамгийн ноцтой нь зүрх судасны өвчин ч нэмэгдэж, уушгины архаг өвчлөл ихэссээр байгаа юм байна. ЕБС-ийн багш Ц.Цэрэнбалжид “Хүүхдүүд бараг сар бүр ханиадтай. Өвлийн улиралд хичээл таслалт ихсэж, тэдний сурч боловсрох эрх сүүлийн жилүүдэд байнга зөрчигдөх боллоо” хэмээн өөрийн ажиглалтаа хуваалцав. Мөн ахмад настан А.Бямбажав “Өглөө, оройдоо цонхоо онгойлгох боломжгүй. Гэрийн дотор тортог ихээр хуримтлагддаг” хэмээн ярьсан нь иргэдийн амьдралд агаарын бохирдол, утаа ямар түвшинд нөлөөлж байгааг харуулж байна.

 

Хүний эрхийн үндэсний комиссын Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа “Цэцэрлэг хотын 23 мянга орчим иргэн, үүнд найман мянга гаруй хүүхэд утаанд нэрвэгдэн Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтойгоор зөрчигдөж байна” гэдгийг судалгаагаар эш татсан. Тэрээр мөн эрүүл орчинд амьдрах эрхийн зөрчил нь боловсрол эзэмших, хөдөлмөрлөх, амьдралын чанарт шууд сөргөөр нөлөөлж байгааг ч мөн дурьдсан.

Түүх сөхвөл, 2014 онд буюу арваад жилийн өмнө МУ-ын Засгийн газраас Цэцэрлэг хотод дулааны станц барихаар шийдвэрлэсэн ч шүүхийн маргаан, тендэрийн нөхцөл шаардлага, санхүүжилтийн гацалт зэргээс шалтгаалан өнөөдрийг хүртэл нэг алхам ч урагшилж чадаагүй аж. Цэцэрлэг хотыг нүүрсээр галлаж дулаанаар хангадаг “Эх голомтын илч” ХХК дулааны цахилгаан станц барих асуудлыг анхнаас нь саатуулан удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргасаар олон жилийг үджээ. Тус компаний эзэмшлийн 11 уурын зуухны ихэнх нь 40–50 жилийн настай, шүүлтүүргүй хэвээр ажиллаж, ихээхэн бохирдол ялгаруулсаар байгааг холбогдох албаны хүн шүүмжилж байна. Энэ талаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Батболд дурдсан ч дулааны цахилгаан станцын хувь заяаны талаар нааштай мэдээлэл өгсөнгүй.

 

Тиймээс хэлэлцүүлэгт оролцогчид өнөөгийн нөхцөл байдлаа хэлэлцэхээс гадна боломжит шийдлийн талаар санал дэвшүүллээ. Тухайлбал, “Ногоон зээл”-ээр айл өрхийн дулаалгыг дэмжих, цахилгаан халаалт нэвтрүүлэх, уурын зууханд шүүлтүүр заавал суурилуулах, иргэдийн эрүүл, аюулгүй байдлаа хангах мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зэрэг санал давамгайлж байв. Аймгийн төв буюу Эрдэнэбулган сумын удирдлагын төлөөлөл “Иргэд дулаан алдагдлыг бууруулах талаар хангалттай мэдээлэл байхгүй тул хөрөнгийн дэмжлэгтэй сургалт, зөвлөлгөө чухал” гэдгийг онцлов. Харин уурын зуух ажиллуулдаг компанийн төлөөлөгч “Шүүлтүүр суурилуулах нь өртөг өндөртэй ч технологийн шинэчлэл хийхээс өөр гарцгүй” хэмээн мэдэгдэв.

Энэхүү хэлэлцүүлгийг санаачилсан сэтгүүлч О.Амарзаяа “Төр, шинжлэх ухаан, иргэд болон бизнесийн төлөөллийг нэг дор цуглуулж, дата мэдээллийг газар дээр нь нягталж, бодит дуу хоолойг сонсох нь чанартай сэтгүүл зүйн бүтээл бэлтгэхэд хамгийн чухал” хэмээн онцлов. Ийнхүү зөвхөн мэдээлэл түгээх бус олон талын эх сурвалжуудыг нэг дор цуглуулж, хараат бусаар мэдээллийг нягтлан шалгах боломжийг олгосноор энэхүү хэлэлцүүлэг нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн судалгааны ажилд сайн туршлага боллоо гэдгийг тэрээр нэмж тэмдэглэв.

Цэцэрлэг хотын агаарын бохирдол нь зөвхөн өвлийн улиралд бус, жилийн туршид эрүүл мэнд, эдийн засаг, хүний эрхэд урт хугацааны эрсдэл учруулж аюул дагуулж буйг энэхүү хэлэлцүүлэг оролцоо ба баримтаар харууллаа. Дулааны станцын төсөл олон жил гацаанд орж, гэр хорооллын нүүрс түлэлт нэмэгдэхийн хэрээр орон нутгийн иргэдийн амьдралын чанар доройтсоор байна. Иймээс хэлэлцүүлгийн оролцогчид аймгийн иргэдийн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх”-ийг хамгаалахад шийдвэр гаргагчдыг илүү ухаалаг бөгөөд шуурхай алхам хийхийг шаардлаа.

Бэлтгэсэн: сэтгүүлч О.Амарзаяа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.