Мэдээ, мэдээлэл

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал тайлангийн хэлэлцүүлэгт оролцлоо
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал тайлангийн хэлэлцүүлэгт оролцлоо

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал тайлангийн хэлэлцүүлэгт оролцлоо

Эмнести Интернэшнлийн "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал" тайлан танилцуулах хэлэлцүүлэг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр боллоо. Уг хэлэлцүүлэгт Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монгол дахь элчин сайдын яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулийн эрдэмтэн багш, оюутнуудын төлөөлөл оролцож, дэлхийн болон Монгол улсын хүний эрхийн өнөөгийн төлөв байдлын талаар хэлэлцсэн юм.

 

Хэлэлцүүлгийн үеэр илтгэгчид Дэлхийн хүний эрхийн төлөв байдал Эмнести Интернэшнлийн тайланд, Бүс нутаг, хөрш орнуудын хүний эрх, Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал ХЭҮК болон Эмнести Интернэшнлийн тайланд хэрхэн тусгагдсан талаар танилцууллаа. 

 

Түүнчлэн, Монгол улсад хүний эрхийн нөхцөл байдал нь хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, геополитик, цахим харилцаа холбооны салбарт ямар байгаа талаар салбарын төлөөллүүд ярилцаж, санал бодлоо солилцсон юм.

 

 

Тухайлбал энэхүү панел хэлэлцүүлэгт Хэвлэл мэдээллийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа оролцож сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааг чөлөөтэй явуулах, хэвлэн нийтлэх эрхээ айдас, шахалтгүйгээр эдлэхэд сэтгүүлчдэд тулгарч буй асуудал практик болон хууль эрх зүйн хүрээнд ямар байгаа, энэ асуудлыг шийдвэрлэх гарц боломжийн талаар ярихдаа: “Иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбарынхан бол хүний эрхийн төлөө тэмцэгчид, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг хамгаалагчид байдаг. ХМЗ нь хэвлэл мэдээллийн ёс зүйн эгэх хариуцлагыг дэмжиж, салбар өөрөө өөрийгөө зохицуулах замаар дархлаагаа бий болгох механизмыг хэрэгжүүлдэг. 

 

Сэтгүүлчдийн аюулгүй байдалд халдах, аливаа дарамт шахалт ирвэл нийгмээрээ бид онцгой анхаарах шаардлагатай. Хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд шахалт үзүүлбэл сэтгүүлчид цаашлаад олон нийтийн мэдэх эрх зөрчигдөнө. Эдгээр нь сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах, мэдээлэхгүй өнгөрөх, “дуугүй” болох эрсдэл дагуулдаг. Энэ нь алсуураа ардчиллыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавартай. 

 

Мөн Эрүүгийн хуульд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэн эрх чөлөөний хязгаарлалттай холбоотой арваад заалт байна. Тухайлбал, бусдыг гүтгэх, доромжлох, сүрдүүлэх, заналхийлэх, худал мэдээлэл тарааж зориуд дампууруулах, хувийн орон зай, халдашгүй байдалд халдах гэх зэргийг хязгаарласан. Эдгээр агуулга нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд мөн тусгагдсан байдаг. Сэтгүүлчид ёс зүйн зарчмаа ягштал мөрдөж ажилласанаар Эрүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Харин эдгээр заалт нь хэвлэлийн эрх чөлөөг хэрэгжүүлэх, сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад саад учруулж буй эсэх, урвуулан ашиглагдах, хэтрүүлэн ашиглах эрсдэл бий эсэхэд бодит дүгнэлт хийх шаардлагатай. Иймд салбар хооронд болон мэргэжилтнүүдийн дунд мэдлэг ойлголтоо нэгтгэх, харилцан санал солилцох нь чухал юм.   

 

Тиймээс нэгдүгээрт, хууль эрх зүйн орчинд хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай холбоотой эрүүгийн хуулийн зүйл заалтууд нь хэрхэн ашиглагдаж, ямар үр дагавар үзүүлж буйд дүн шинжилгээ хийх, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөөллийг судлах хэрэгтэй. Хоёрдугаарт, аливаа эрх зүйн баримт бичигт сэтгүүл зүйн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нарийвчилж заах тусам урвуулан ашиглагдах эрсдэл өндөр. Энэ нь редакц болон сэтгүүлчдийг өөрийн цензурт хөтлөх эрсдэлтэй. Гуравдугаарт, сүүлийн жилүүдэд авлига, хээл хахуультай холбоотой эрэн сурвалжлах бүтээл нийтлэгдсэний дараа редакцыг шүүхэд болон салбарын өөрийн зохицуулалтын байгууллагад гомдол гаргах замаар давхар ханддаг байдал нийтлэг болж байна. Хууль хяналтын байгууллагаар шалгагдах үед эх сурвалжаа илчлэх дарамт сэтгүүлчдэд тулгардаг нь бодит бэрхшээл. Сэтгүүлчдэд тулгарч буй айдас, цензурыг бууруулах хамгийн үр дүнтэй арга зам бол редакцын бүтээлтэй холбоотой гомдлыг ХМЗ-д гаргах замаар шийдвэрлэх явдал юм’’  хэмээн онцлов.  

 

Дэлхийн 155 гаруй улс орон, газар нутагт 10 сая хүнийг эгнээндээ нэгтгэж, дэлхий даяарх хүний эрх хамгаалагчдын хөдөлгөөн өрнүүлдэг Эмнести Интернэшнл нь 1961 оноос хойш “Дэлхийн хүний эрхий төлөв байдал”-ын тайланг гарган, oлон нийдэт танилцуулдаг билээ.

 

 

Гэрэл зургийн эх сурвалж: Эмнести Интернэшнл

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД