Сэтгүүл зүйгээр суралцаж буй ахлах ангийн оюутнуудад зориулсан “Бизнес дэх хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлье!” сургалт боллоо. Сургалтыг Европын Холбооны санхүүжилтээр, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд зохион байгуулсан юм.
ХМЗ байгуулагдсанаас хойш сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүйтэй холбоотой 600 гаруй өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Эдгээр гомдлын 30 орчим хувь нь бизнесийн байгууллагуудаас ирсэн бөгөөд тэдгээр нь редакцыг эх сурвалжаа нягтлаагүй, мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг нягтлаагүй, тайлбар өгөх боломж олгоогүй, мэдээллийн тэнцвэрт байдлыг хангаагүй, байгууллагын албан хаагчдын хувийн мэдээллийг задруулсан, хувь хүний болон байгууллагын нэр хүндэд халдсан гэх агуулгатай байдаг. Харин Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1-т үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх, мэдээллийг нягтлах, тэнцвэртэй мэдээлэх нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг, 6-д хувийн нууцад хүндэтгэлтэй хандахыг томъёолсон байдаг билээ. Иймд ХМЗ нь бизнес дэх хүний эрхийг хүндэтгэх, мэдрэмжтэй мэдээлэх талаар сургалтын хөтөлбөр болон хэрэглэгдэхүүн бэлтгээд анхны тандалтын сургалтаа дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад МУИС, СУИС-ийн КТМУС, ХУИС-ийн 34 оюутан бүртгүүлснээс 23 оюутан хамрагдав. Сургалтын үдээс өмнөх хэсэг Асуудлыг ойлгохуй буюу “Бизнес дэх хүний эрх гэж юу вэ? өнөөгийн нөхцөл байдал, үр дагавар, хүний эрхэд үзүүлэх эерэг, сөрөг нөлөөллүүд”, “Бизнес үйл ажиллагаандаа хүний эрхийг хүндэтгэж ажиллахад нөлөө үзүүлж чадсан сэтгүүл зүйн бүтээлийн жишээ, тэдгээрээс авах сургамжуудад тулгуурлан хэвшмэл ойлголтыг өөрчлөх нь” сэдвээр мэдлэг олгох, хэвшмэл ойлголтыг засахад чиглэсэн бол үдээс хойших хэсэг энэ чиглэлээр асуудлыг үр дүнтэй мэдээлж, сурвалжлахад хэрхэн анхаарах, сэтгүүл зүйн бичлэгийн ур чадвараа хэрхэн хөгжүүлэх зэрэгт чиглэсэн юм. Сургалтын онцлог нь онолын мэдлэгийг дасгал ажил, хөгжөөнт тоглоомтой хослуулсан явдал байв.
Оролцогчдын зүгээс сургалтын хөтөлбөрийг лекцийн бус оролцоот сургалтын аргачлалаар боловсруулсан нь шинэлэг бөгөөд үр дүнтэй, сонирхолтой байсан гээд цаашид энэ сэдвээр олон удаагийн сургалт зохион байгуулахыг хүслээ. Энэ удаагийн сургалт нь тус хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан анхны сургалт байсан бөгөөд дараагийн удаад эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хамруулахаар зорьж байна.
Мөн цаашид тус сургалтын оролцогчид бизнес дэх хүний эрхийн асуудлаар ёс зүйн хэм хэмжээг хангасан богино хэмжээний медиа контент гаргаж бэлтгэж түгээх юм.