Мэдээ, мэдээлэл

Амжилтын түүх: Би "Орхон аймгийн хог хаягдал, байгууллагын ногоон шошго" сэдвийг сонгосон
Амжилтын түүх: Би

Амжилтын түүх: Би "Орхон аймгийн хог хаягдал, байгууллагын ногоон шошго" сэдвийг сонгосон

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Монгол улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тогтвортой хөгжлийн 17 зорилгын талаар мэдлэг дээшлүүлэх сэтгүүлчдэд зориулсан сургалтанд оролцож бүтээлийн тэтгэлэгт уралдаанд шалгарч чадсанд танд юуны өмнө баяр хүргэе.

 

- Ta бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу? Хэвлэл мэдээллийн салбарт хэчнээн жил ажиллаж байна вэ?

 

- Намайг Хүрлээгийн Мөнхтуяа гэдэг. Энэ салбарт 15 дахь жилдээ ажиллаж байгаа. Орхон аймгийн “EBS HD” телевизэд сүүлийн 5 жил ажиллаж байна. Мөн Монголын радиогийн сурвалжлагчаар ажилладаг.

 

- Энэ удаагийн сургалтад та өөрийнхөө туршлагыг ярьж бусад оролцогч сэтгүүлчдэд урам өгсөн байгаа. Хүмүүс их таатай хүлээж авсан.

 

- Орон нутгийн сэтгүүлчдийн тогтвортой хөгжлийн бодлогын/ТХБ/ талаарх ойлголт, мэдлэгийг шалгасан туршлагаа хуваалцсан сайхан сургалт болсон. Бид бэлтгэж буй мэдээ, сурвалжлагадаа ТХБ-ын ойлголтуудыг хэрхэн  шигтгэж оруулдаг тухай, мөн иргэдэд амьдралд ойрхон туршлагаар тайлбарлаж түгээхийг зорьдог талаар ярилцсан. Түүнчлэн орон нутагт баримталж буй урт хугацааны бодлогын баримт бичиг зөвхөн цаасан дээр бичсэн тоо баримтын араас хөөцөлдөх бус ахуй амьдрал, аж байдал дээр ард иргэдийн дадал хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажил дутагдалтай байгаа зэрэг асуудлыг өөрийн жишээ дээр ярьсан нь сонирхолтой байсан болов уу.   

 

- Тогтвортой хөгжлийн зорилгын талаар яагаад сонирхох болсон бэ? Дагнаж хийсэн бүтээлүүд байгаа юу? 

 

- 2018 оны эхээр хүүхдээ хараад амралттай байх үед БОАЖЯ болон ШХА-аас зохион байгуулах сургалтад суух уу гэж найз маань санал болгоод хамрагдсан. Сургалт Улаанбаатар хотод 7 хоног үргэлжилсэн. Тухайн үед МҮОНТ-ээс сургалтын талаар мэдээлэл бэлтгэхээр сурвалжлагч ирсэн байсан. Сэтгүүлч “Та энэ сургалтаас юуг сурч мэдэж байна? Хаанаас ирж оролцож байгаа вэ?” гэж асуусан юм. Би “Жирийн нэгэн Швейцар иргэн Монголчуудын төлөө, намайг сургахын тулд татвар төлсөн учраас үүрэг хариуцлага ногдож байна” гэж хариулсан байдаг. Тэр мэдээг Монгол талын төслийн захирал үзээд надад хандаж талархал илэрхийлсэн нь маш их урам өгсөн. Түүгээр ч зогсохгүй орон нутагтаа нэвтрүүлэг хийхэд дэмжлэг үзүүлсэн юм. Ингээд анх 2018 оны намар хог хаягдлын чиглэлээр Дархан-Уул, Орхон, Булган 3 аймгийг харьцуулсан нэвтрүүлэг хийснээр ажил маань эхэлсэн юм. Түүнээс хойш бэлтгэн гаргаж буй мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг бүртээ ТХБ-ыг түгээхийг хичээн ажиллаж байна.

 

- Танай орон нутагт тулгамдаад байгаа тогтвортой хөгжлийн ямар асуудлууд байдаг вэ?

 

- Орхон аймгийн тухайд Тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025 бодлогын бичиг баримтыг 2019 онд НҮБ-ын дэмжлэгтэйгээр баталсан байдаг. Үүнийг гардаж оролцсон төрийн албан хаагчдаас бусад түвшний төрийн албаныхан ойлголт маш дутмаг юм шиг санагддаг. Бодлогын бичиг баримтаа баталчихсан аймаг толгойдоо өмсөх малгайтай болчихсон л гэж би хардаг юм.

 

- Энэ удаагийн бүтээлийн уралдаанд шалгарсан бүтээлийн сэдэв, өнцөг юу байсан бэ?

 

- Энэ удаагийн уралдаанд Орхон аймгийн хог хаягдал, байгууллагын ногоон шошго сэдвийг сонгосон. Учир нь бохирдуулагч нь хог хаягдалдаа хариуцлагатай ханддаг нөлөөллийг үзүүлэх, цаашлаад хог хаягдлыг ангилан ялгах дадал хандлага иргэн бүрт төлөвших ёстойг сануулах юм. Тиймээс байгууллагын ногоон шошго стандартыг нэвтрүүлсэн туршлага сурвалжлахаар төлөвлөсөн. Харамсалтай нь орон нутагт энэ талын мэдлэг мэдээлэл хараахан алга байлаа.

 

- ХМЗ-өөс зохион байгуулдаг үйл явдлууд, сургалтуудад хэр оролцдог вэ?

 

- Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулж байгаа гурван ч сургалтад орон зайнаас үл хамаарч онлайнаар хамрагдсан байна. Энэ онд маш сайн мэдээлэл солилцож эргэх холбоотой ажиллаж байгаа. Цаашид ч хамтран ажиллах сонирхол их бий. Мэргэжлийн талаас үнэхээр их дэмжлэг болдог. Богино хугацааны чанартай сургалтаар багагүй мэдлэг олж авдаг.

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД