Мэдээ, мэдээлэл

Хүний эрх, жендэрийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо
Хүний эрх, жендэрийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо

Хүний эрх, жендэрийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо

Улаанбаатар хот, 2021 оны долдугаар сарын 8-ны өдөр: Хэвлэл мэдээллийн зөвлөл нь Жендэрийн үндэсний хороотой хамтран хүний эрх, жендэрийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хоёр байгууллага нь 3 жилийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хүний эрх, жендэрийн сэтгүүлчдийн клубийг байгуулж, үйл ажиллагааг дэмжин ажиллахаар болсон юм. Тиймээс энэ чиглэлээр сурвалжилж байсан туршлагатай болон мэргэших хүсэлтэй сэтгүүлчидтэй цахимаар уулзаж, санал бодлоо солилцлоо. 

 

 

Энэ талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа хэлэхдээХэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим нь сэтгүүлч ажлаа хийхдээ юуг нийтэлж болох уу, ямар асуудалд бид хүний эрхийн мэдрэмжтэй хандаж, бусдын эрхэм чанарт халдаж болохгүй вэ гэдгийг тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, алдаа гаргахаас сэргийлнэ, алдсан бол түүнийг нь хэлж өгч, цаашид юунд анхаарах ёстойг мэргэжлийн хүрээнд сануулдаг. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагын эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүний эрх, жендэрийн сэтгүүлчдийн клубийг санаачилж, сэтгүүлчдийн хүсэл эрмэлзэл, эв санааны нэгдэл дор байгуулж байна” гэв.

 

2015-2020 онд Хэвлэл мэдээллийн зөвлөлд 383 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд үүний 30 гаруй хувь нь ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголт, хандлагыг дэвэргэсэн, хохирогчийг хамгаалаагүй, хувийн нууцад хүндэтгэлтэй хандаагүй, хүүхдийн эрхийг хэвлэл мэдээлэлд зөрчсөн ёс зүйн алдаа гаргасан гэх гомдол байсан аж. 

 

Мөн өнгөрсөн жилийн сүүлээр хэвлэл мэдээлэл, жендэрийн шинжээчид “Сэтгүүл зүйн ба нийгмийн хэвлэл мэдээллийн бодлогын жендэрийн мэдрэмж”-д үнэлгээ хийсэн аж. Тус үнэлгээний санал асуулгад эрхлэгч, ерөнхий редакторууд сэтгүүлчдээ жендэр болон жендэрт суурилсан хүчирхийллийн сэдвээр мэргэшүүлэх, давтан сургах, редакцдаа баримтлах дүрэм журамтай байх шаардлагатай гэдгийг онцолсон ажээ. 

 

Хамтын ажиллагааны талаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр онцлохдооЭнэ сэдвээр туршлага солилцох, мэдлэгээ дээшлүүлэх талбарыг бүрдүүлэх зорилгоор клубийн үйл ажиллагааг дэмжиж байна. Улмаар жендэр, жендэрт суурилсан хүчирхийллийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд редакцуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж тогтвортой хамтран ажиллах зөвлөмж бодит ажил хэрэг болно гэдэгт итгэж байна” гэв. 

 

Цахим уулзалтад оролцсон 10 гаруй сэтгүүлчид сайн дурын үндсэн дээр клубийн гишүүн болно гэдгээ илэрхийллээ. Тухайлбал, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ийгл ньюс телевиз, Live телевиз, Стар телевиз, Ikon.mn сайт, Gogo.mn сайт, Peak.mn сайт, Urug.mn сайт болон Архангай медиа групп гэх мэт байгууллагуудын сэтгүүлчид оролцлоо. Мөн клуб нь үйл ажиллагааг дэмжин гишүүнээр элсэх сонирхолтой сэтгүүлчдэд нээлттэй юм.

 

Чөлөөт сэтгүүлч Б.Халиун хэлэхдээ Хүний эрх, жендэрийн асуудал бол маш том судлагдахуун. Энэ тухай мэдлэгийг ерөнхий боловсрол, их сургуульд хангалттай сайн авч чаддаггүй. Тиймээс ажиллаж байхдаа дахин суралцах нь зайлшгүй юм. Эдийн засаг, эрүүл мэнд, уул  уурхай гэх мэт салбар бүрийн асуудлыг сэтгүүлчид олон нийтэд хүргэхдээ  хүний эрх, жендэрийн мэдлэгтэй, мэдрэмжтэй байгаасай гэж боддог. Харамсалтай нь өнөөдөр тийм биш. Санаатай болон санамсаргүй байдлаар хүний нэр төрд халдах тохиолдол байна” гэлээ. 

 

Peak.mn сайтын эрхлэгч Ц.Цэрэндолгор санал солилцохдоо Жендэрийн асуудал гэхээр эмэгтэй сэтгүүлчид бичдэг, эсвэл сайн дураараа сурвалжлах нь одоо ч байсаар байна. Иймд албан ёсоор сэтгүүлчдийн клуб байгуулах нь ач холбогдолтой гэж үзэж байна. Учир нь энэ сэдвийг бид нар яриад байгаа атлаа сайн мэддэггүй. Мөн жендэрийн тухай ярилцлага, сурвалжилгыг ач холбогдол багатай ч үнэлэх нь бий. Гэсэн хэдий ч хандалт, уншилт маш сайн байдаг. Уншигчийн сонирхдог сэдвүүдийн нэг шүү дээ” гэв.

 

Клубийн үйл ажиллагаа нь сэтгүүлчдийг мэргэшүүлэх, харилцан туршлага солилцох, бүтээлийн тэтгэлэг олгох, сэтгүүл зүйн бүтээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, нийгэмд хэлэлцүүлэг өрнүүлэх, олон талын эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг нээж өгнө гэдгийг санаачлагчид тодотгож байлаа. 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД