Мэдээ, мэдээлэл

Х.Нямбаатар сайдын үйлдэл мөнгө өгье, эрх чөлөөгөө худалд гэсэнтэй ялгаагүй
Х.Нямбаатар сайдын үйлдэл мөнгө өгье, эрх чөлөөгөө худалд гэсэнтэй ялгаагүй

Х.Нямбаатар сайдын үйлдэл мөнгө өгье, эрх чөлөөгөө худалд гэсэнтэй ялгаагүй

   Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар яаран шүүрч авсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийнхөө  талаар  дутуу хагас зүйл энэ тэндээс дуулах төдий түүсэн, түүхий мэдээлэлтэй байгаагаа олон нийтэд харуулчих шиг болсон. 

Харин энэ нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд ганц ХЗДХЯ биш бусад хууль  санаачлах эрхтэй субеъктүүд ч анхаарал хандуулж, хэвлэл мэдээллийнхэн бид ч  хууль эрх зүйгээ нягтлан шүүж, үүсээд буй асуудлуудыг тууштай тунгаан ярилцаж, дорвитойхон шинэчлэл хийх цаг нь болсныг илтгэж байна.

 

   Энэ нийтлэлээр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Эрүүгийн хуулийн “гүтгэх” гэмт хэргийн заалтыг хүндрүүлэх тухай гээд өргөн хүрээтэй, олныг хамарсан, хөврөөд дуусахгүй хүнд өнцгийг түр орхиж, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд Нямбаатар сайдын зүгээс онцгойлон оруулсан гэж мэдэгдсэн Хэвлэл мэдээллийн  зөвлөл байгуулах тухай бүлэгтэй холбоотой  асуудалд төвлөрч мэдээлэл хүргэх нь нийгэмд тустай санагдлаа.

 

Иргэдийн мэдэх эрхийг хангаж, сэтгүүл зүйн  хариуцлагыг дээшлүүлэх зорилготой Хэвлэл мэдээллийн зөвлөл /Media Council/ буюу өөрийн зохицуулалтын байгууллагыг төрийн оролцоо, зохицуулалттай байлгаж угаасаа болохгүй. ХЗДХЯ-ны боловсруулсан гэх Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл буюу сайдын барьсан цаасны  хамгийн “но”-той ноцтой хэсэг нь энд байгаа  юм.

 

Нямбаатар сайд сошиалын зохицуулалт болон Хэвлэлийн өөрийн зохицуулалтын асуудал дээр Европын холбоо, Герман улсын  туршлагыг ярих гэж оролдож байгаад нь олзуурхаж байна. Тэрбээр Германы төрийн өндөр дээд албан тушаалтантай  уулзсан тухайгаа ч телевизэд өгсөн  ярилцлагадаа хальт хавьчуулах шиг болсон. Тэр уулзалт нь мэдээж улс төрийн зорилготой  байсан байх. Гэхдээ тэр хүртэл явсан юм чинь сайд та Хэвлэлийн зөвлөлийн  талаар Германаас нэг чухал ойлголтыг маш сайн ухамсарлаж ирсэн байх ёстой байсан. Тэр нь юу гээч. ХБНГУ-ын улстөрчид Хэвлэлийн зөвлөлдөө маш их итгэдэг. Бас хол хөндий байдаг. Тус улсад  хэвлэлийн зөвлөл гэдэг байгууллагын нэр хүнд хууль шүүхийн байгууллагатай зэрэгцэн оршдог гэж хэлж болно. Тиймээс тус улсын  Засгийн газраас нь Хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилтийн гуравны нэгийг өгдөг. Яагаад төрөөс нь мөнгө өгдөг вэ гэвэл сэтгүүлч, хэвлэл мэдээллийн редакцитай холбоотой шүүх рүү явж шийдвэрлэгдэх байсан  олон зуун хэрэг Хэвлэлийн зөвлөл дээр шийдвэрлэгддэг учраас тэр. Өөрөөр хэлбэл,  Германы Засгийн газар Хэвлэлийн зөвлөл нь шүүхийн хэрэг шийдвэрлэх  төсөвт зардлыг маш ихээр хэмнэж байна гэж үзэж Хэвлэлийн зөвлөлд санхүүжилт өгдөг гэсэн үг. Тэгвэл үүнтэй холбоотой Нямбаатар сайдад ганцхан асуулт хаяглан асуумаар байна.

 

-Яагаад Германы  Засгийн газар  Хэвлэлийн зөвлөлдөө төсөв өгчихөөд дотоод асуудалд нь ямар ч төрийн оролцоогүй байж болдог. Монголд яагаад байж болдоггүй юм бэ? Яагаад?

 

Үүнтэй холбоотой Монголын хэвлэлийн зөвлөлийг байгуулагдах цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд олон үе шаттай  сургалт хийж, алдаа оноо бүр дээр зөвлөж ирсэн ХБНГУ-ын Хэвлэлийн зөвлөлийн Орлогч дарга, олон улсын зөвлөх Манфред Протецийн  бидэнд байнга сануулж, учирладаг зүйлийг энд  ишлэе.  “Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн код бол нийгмийн үнэт зүйл юм. Хэвлэлийн зөвлөл нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн редакцыг ёс зүйн кодоо зөрчсөн эсэхийг нь л тогтоодог байгууллага. Тиймээс тус байгууллагын зүгээс тухайн  хэвлэлийн редакцийг  “Зөрчил гаргасан байна” гэдгийг олон нийтэд зарлаж байгаа нь Хэвлэлийн зөвлөлийн хамгийн хүнд шийтгэл нь байдаг” хэмээн сануулдаг. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч гэсэн ашгийн төлөө тул өрсөлдөөн дунд  амьдардаг. Тиймээс сайн нэр хүндтэй байх нь хамгийн чухал. Тэгвэл ажилдаа  хариуцлагагүй хандсаных нь төлөө тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр төрд нь халдах эрх Хэвлэлийн зөвлөлд байдаг. “...Энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ингэж ёс зүйн алдаа гаргажээ” хэмээн олон нийтэд зарладаг учраас тэр. Зөөлөн боловч хүнд шийтгэл.

 

Энэ бол Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн зургаан жилийн үйл ажиллагаанд хэвшсэн  мөрдлөг. Тэрхүү нийгмийн үнэт зүйлийн хэмжээнд тавигддаг ёс зүйн код нь юу вэ гэдгийг уншигчид маань сонирхох байх. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар арван заалт бүхий “Монголын хэвлэлийн зөвлөлийн ёс зүйн зарчим”-ыг баталсан. Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хамгаалан бататгаж, Монголын сэтгүүл зүйн хэм хэмжээ нь  хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний олон улсын хэм хэмжээг сахин мөрдөж буйг уг ёс зүйн кодоор  илэрхийлсэн гэсэн үг. Ёс зүйн кодыг сонирхохыг хүсвэл  www.mediacouncil.mn сайт руу зочлоорой. 

 

Эргээд үндсэн асуудал руугаа оръё. Нямбаатар сайд аа, та болон танай хуулийн төслийн ажлын хэсгийнхэн  ХБНГУ, Европын холбооны туршлагыг хэлээд байгаа шигээ тийм сайн судалсан, явсан юм бол дээрх миний тавьсан асуултын хариултыг бүрэн дүүрэн олсон байх учиртай сан. Гэтэл хууль болгож буулгасан зүйл чинь судалж мэдсэнийхээ эсрэг байгаад Монголын хэвлэлийн зөвлөлийн шанг татаж, ажил үйлийг хэрэгжүүлж яваа бид  мэл гайхаж, цэл хөхөрч байна. Бид  бүтэн зургаан жилийн турш энэ байгууллагын суурийг бат тавилцаж, зөв төлөвшүүлэхийн төлөө ажил, амралтын цагаасаа хугасалж, оюун бодлоо чилээн сайн дураараа ажилласандаа харамсаж байна.

 

Гэхдээ бас баргийн шуурганд ганхахааргүй суурь, зөв төлөвшил, шинэ соёлтой байгууллага бий болгож чадсанаа ч энэ өдрүүдэд илүүтэй мэдэрч бахархах сэтгэл төрж байна. Бид гэдэгт сэтгүүл зүйн чанар, ёс зүйн төлөө сэтгэлээ чилээдэг энэ салбарын хүн бүрийг хамрууж байгаа юм.

 

Хэвлэлийн зөвлөлд ямар хүмүүс байдаг вэ гэж дараагийн асуулт ургах байх. Сайдын хэлсэн шиг хэвлэлийн эзэд голдуу хэдхэн хүн суудаггүй юм гэдгийг хамгийн түрүүнд хариуцлагатайгаар тэмдэглэх байна. Удирдах зөвлөл, Ёс зүйн хороодын аль алинд нь хэвлэлийн байгууллагын эздийн төлөөлөл, сэтгүүлч, мэргэжлийн холбоод, олон нийт, орон нутгийн хэвлэлийн төлөөллүүд тэгш оролцоотой байдаг. Энэ тухай хойшоо Хэвлэлийн зөвлөлийн  тухай хэсэгт өгүүлэх тул түр орхиё.

 

Сайд та, Хэвлэлийн зөвлөлөөр үйлчлүүлсэн олон зуун хүний итгэлийг хөсөрдүүлж буйгаа мэдэж байгаа юу?

 

Ямар ч гэсэн гүтгэх гэмт хэрэгтэй хатуу тэмцэх гэж байгаа Хууль зүйн сайд маань өөрөө  “Одоогийн  Хэвлэлийн зөвлөлд эзэн голдуу хэдэн хүн байдаг юм шиг байна лээ. МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр зэрэг хүмүүс яваандаа хувьчилж авах санаатай байгаа юм билээ” гэж олон нийтэд илтэд худлаа мэдээлэл өгсөнд гомдолтой байна. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага хувьчлагдана гэж юу байх билээ.

 

Сайд манай  Хэвлэлийн зөвлөлийн талаар огт мэдэхгүй биш мэддэг л дээ. Зүгээр л мэдэн будилж, үгүйсгэхийг хүсэв. Хэвлэл мэдээллийн зөвлөл жил бүр “Ёс зүйн форум” зохион байгуулдаг уламжлалтай. Уг форумд Нямбаатар сайд УИХ-ын гишүүний хувиар оролцож, индрээс үг хэлж байсан удаатай.

 

   Мөн 2018 онд ХЗДХЯ-нд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн ажлын хэсэг байгуулж, хэвлэл мэдээллийн салбарын холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцоход Хэвлэл мэдээллийн зөвлөл ч багтсан. Тийм байхад  Нямбаатар сайд Монголын хэвлэлийн зөвлөлийг  огт мэдэхгүй царайлж, ор тас үгүйсгэж, шинээр байгуулах тухай  ярьж яваа нь түүний төрийн сайдын  албан тушаалтай нь зөрчилдөж байна. Эндээс Монголд улстөрчид хуулиар далайлган бусдын эрх, нэр хүндэд ямар эрээ цээргүйгээр халдаж болдгийг нийгэмд “хоточ нохойн” үүрэг гүйцэтгэгч сэтгүүлчдийн төлөөлөл өөрсөд дээрээ тод томруун харж сууна. 

 

Сайдын  олон нийтэд өгсөн  ташаа мэдээлэл зөвхөн Хэвлэл мэдээллийн зөвлөлийг  үгүйсгээд зогсохгүй тус байгууллагаар  өнөөдрийг хүртэл итгэж үйлчлүүлсэн олон зуун хүний талархал, итгэлийг талаар болгож байгааг мэдэж байгаа юу? Монголын хэвлэлийн зөвлөлд 2015-2020 онд нийт 400 орчим гомдол ирсэн байдаг. Аль ч улсын хэвлэлийн зөвлөлд хүлээн авах гомдлын тоо чухал. Монголын хэвлэлийн зөвлөлд анх  байгуулагдсан жилд гэхэд л  20-иод гомдол ирсэн байгааг та графикаас хараарай. Энэ бол өөрийн зохицуулалтын байгууллага хэрэгтэй байсныг илтгэж байгаа хэрэг. “Манайд ирсэн гомдлын 70-80 хувь нь энгийн иргэдийнх байдаг. Эндээс  юу харагдаж байна гэхээр хуулийн зохицуулалтыг төрийн өндөр албан тушаалтан, улстөрчид илүү ашигладаг бол өөрийн зохицуулалтыг жирийн иргэд чухалчилж үзэж байна гэж  дүгнэж болно” хэмээн Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа онцолсон.

 

Шуудхан хэлэхэд Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл дотооддоо төдийгүй гадаадад ч нэр хүнд өндөртэй болсон гэдгийг тэмдэглэхийг хүсч байна. Тухайлбал, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийг байгуулагдаад удаагүй байхад  Европын хараат бус хэвлэлийн зөвлөлүүдийн холбоо гишүүнээр элсүүлсэн. Өөрийн зохицуулалтын удаан жилийн түүхтэй Европын Холбоо жижигхэн Монголын шинэхэн ТББ-ыг зүгээр нэг сайн дур нь хүрээд элсүүлчихээгүй нь лавтай. Түүнчлэн  хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ өдгөө 73-р байрт жагсаж байгаа Монгол Улс 2015 онд анх удаагаа түүхэндээ 54-р байр руу урагшилж орж ирсэн нь тухайн онд Монголд хэвлэл мэдээллийн салбарынхны санаачилгаар өөрийн зохицуулалтын байгууллага бий болсонтой холбоотой байв.

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлд хэн байдаг  вэ?

 

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл редакцад харьяалагддаг болон хэвлэлийн байгууллагатай гэрээтэй ажилладаг хэн бүхэнд  хаалга нь  нээлттэй байгууллага юм. Учир нь тус  байгууллагыг Монголын хэвлэлийн салбарынхны өөрсдийн санааачлага, хичээл  зүтгэлээр  2015 оны нэгдүгээр сарын 28-нд нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын статустайгаар байгуулсан. Удирдах зөвлөл болон хоёр Ёс зүйн хорооны нийт  45 хүн тэнд Монголын хэвлэл мэдээллийн салбарыг бүхэлд нь төлөөлж байгаа гэж хэлж болно. Эдгээр төлөөллийг сонгохдоо олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй өөрийн орны онцлогоо харгалзаж, хүрээгээ өргөн байлгахыг чухалчилсан. Ингэхдээ  хэвлэл мэдээллийн салбараас хэвлэмэл хэвлэл, өргөн нэвтрүүлэг, орон нутаг, цахим хэвлэл, олон нийт гэсэн таван чиглэл тус бүр дээр эзэн, сэтгүүлчийн ижил тэнцүү тоотой төлөөлөл сонгон шалгаруулсан байдаг. Тийм болохоор тэр 45 төлөөлөлд  ямар нэгэн энэ тэр байгууллага, эзэн,  сэтгүүлч  гэсэн эрх ашгийн зөрчил  огт байдаггүй гэдгийг баттай хэлнэ. Гагцхүү тэдэнд Хэвлэлийн зөвлөл гэсэн өөрийн зохицуулалтын байгууллагыг  төлөвшихөд өөрсдийн хувь нэмрийг оруулж, сэтгүүлч, хэвлэлийн редакцын хариуцлагыг дээшлүүлэхийн төлөө шинийг сурч мэдэж, шинэ соёлыг бүтээлцэж байгаадаа олзуурхаж яваа нэг л нэгдмэл сонирхол буй. Тэд өнөөдрийг хүртэл ямар ч цалин урамшуулалгүй, сайн дураар ажиллаж ирсэн. Хэр гомдол ирж байгаагаас шалтгаалж хоёр ёс зүйн хороо дор хаяж улиралдаа нэг хуралддаг. Тэр болгонд тус хороодын орон нутгийн төлөөллүүд Булган, Архангай,  Сэлэнгэ, Эрдэнэт, Төв, Дархан-Уул, Дорнод зэрэг аймгаас ирж хуралдаа оролцоно.

 

   Сургалт хийдэг гадаадын багш, зөвлөхүүд манайхны энэ хичээл зүтгэлийг маш өндрөөр үнэлж, сэтгэл нь хөдөлдөг. Ийм байхад Монголын хэвлэлийн зөвлөл маш хурдан төлөвшиж, богино хугацаанд өсөж хөгжинө гэдэгт итгэж байгаагаа ч илэрхийлдэг.  Тэгвэл өнөөдөр Германы хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга ноён Манфред Протце “Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байна. Бид тус зөвлөлийг байгуулагдах цагаас нь өнөөдрийг хүртэл хөндлөнгөөс ажигласаар ирсэн. Энэ бүх ажиглалт тус зөвлөл ажлаа сайн хийж буйг үнэлэх үнэлгээ юм. Хэвлэлийн зөвлөл олон нийтийн мэдэх эрхэд  зургаан жил  хараат бус шүүгчээр ажиллаж байна” хэмээн үнэлснийг тэмдэглэхэд таатай. Харин дотоодод Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар  хөндлөнгөөс дээрхийн адил тодорхой  үнэлэлт дүгнэлт хэлэх мэргэжилтэн, эксперт одоохондоо  гарахгүй байж магадгүй. Энэ нь бид сурч мэдэх, гомдол хүлээн авч, шийдвэрлэх гол ажлаа анхнаас нь олон улсын стандарт жишигт ойртуулан авч явъя гэдэгт анхаарч ажиллахаа л чухалчилсан  болохоос хийж хэрэгжүүлж буй үинэ соёлынхоо талаар дотоодод сурталчилан таниулах ажлыг давхар авч яваагүйтэй холбоотой байх. Харин  өнгөрсөн хугацаанд хэвлэлийн зөвлөлийн ач тусыг өөр дээрээ мэдэрсэн олон сэтгүүлч, хэвлэлийн редакц бий. Тэд өөрсдийн дүгнэлтийг хэлж чадна.

 

Хэвлэлийн ёс зүй 30 хараат бус “шүүгч”-ээр баталгаажсан

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гомдол хүлээн авах, хэлэлцэн шийдвэрлэх бүх процесс өөрийн дэг, стандарттай. Өнөөдрийн бий болсон хэвлэлийн зөвлөлийг гаднаас нь өнгөцхөн харж шүүх хүн бишгүй л байна байх. Хамгийн гол бидний талархах зүйл гомдлыг шүүн хэлэлцэх үүрэгтэй хоёр  Ёс зүйн хорооны гишүүдээ байгуулагдсан цагаасаа эхлээд бараг зургаан жилийн турш тасралтгүй үе шаттай сургаж, мэргэшүүлж чадсаныг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй юм. Өөрийн зохицуулалтын талаар Монголын хэвлэлд  зургаан жилийн өмнө А ч байгаагүй. Байгуулагдах хүртэл өөрийн зохицуулалт байх ёстой гэж манлайлж байсан хүмүүс хэсэг бүлгээрээ  гаднын орнуудын  олон туршлагыг судалсан, хэлэлцсэн байдаг.  Байгуулагдангуутаа хэвлэлийн зөвлөлийн зуу гаруй  жилийн түүх, сайн туршлага, хөгжлийн эрэмбээрээ дэлхийд  хүлээн зөвшөөрөгдөж, өндөр үнэлэгддэг Европын холбоо, ХБНГУ-ын туршлагаас шууд суралцаж, сурч мэдэж эхэлсэн. Түүнийгээ өөрийн орны онцлогт тохируулж “буулгасан” гэх үү дээ.  Бүх гишүүдийн болон ёс зүйн хороодын сургалтыг ХБНГУ-ын Хэвлэлийн зөвлөлийн Орлогч дарга Манфред Протце болон ардчиллыг дэмжигч Германы DW академийн дэмжлэгтэйгээр зургаан жилийн туршид тасралтгүй хийж ирсэн. Жилд хоёроос дээш удаа  хийдэг. Эхний жилд буюу 2015 онд гурван ч удаа сургалт авсан. Өнөөдрийг хүртэл нийт 13 удаагийн гадаад багштай сургалт хийсэн байна.

 

 Сургалтыг онцлоод байгаа учир нь үүгээр бид өөрийн зохицууллатын байгууллагын зүрх нь болсон ёс зүйн хороодын гишүүдээ системтэй, сайн бэлтгэж чадсан билээ. Үндсэндээ хэвлэлийн салбарт 30 хараат бус шүүгчийг бэлтгэсэн гэж хэлнэ. Энэ бол Монголын Хэвлэлийн зөвлөлийн  нэр хүндийг одоо ч, цаашид ч  өндөрт өргөх баллуурдаад арилахгүй суурь нь. Үнэ цэнэ нь юм. Гомдлыг үнэн зөв шударга шүүх нь ёс зүйн хороодын гишүүдийн  үүрэг. Бас том хариуцлага. Гишүүд үүнийгээ ухамсарласан байдаг учраас сургалтдаа ямар ч үед цаг гаргаж чаддаг, хуралдаа хариуцлагатай ханддаг тогтсон соёлтой. Өөрсдийн  энэ зүтгэл, соёлын  хүчинд салбарын маань хариуцлага, хараат бус байдал  дээшилнэ гэсэн итгэлээр жигүүрлэж, баяр хөөртэй байдаг. Төлөөллүүд томилгооны хугацаатай. Гэхдээ Хэвлэлийн зөвлөлийн хувьд хамаг хүч, анхаарлаа тавьж бэлтгэсэн Ёс зүйн хороодын гишүүдээ хугацаа нь болсон гээд бүгдийг бөөнөөр нь шинэчлэх бодлого байхгүй. Хуучин, шинийн харьцааг барьж дараагийн хүмүүсээ сургаж, дадлагажуулах, соёлоо уламжлуулахыг эрхэмлэдэг. Одоогийн байдлаар Зөвлөлийн нийт гишүүдийн гуравны нэг нь солигдсон байгаа юм.  Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлд сэтгүүлчдийн баганыг төлөөлж орж ирсэн шинэ гишүүн бол Time.mn сайтын сэтгүүлч Г.Улсболд. Сэтгүүлчийн шалгаруулалтыг явуулахдаа Хэвлэлийн зөвлөлийн вэб сайт дээр олон нийтэд нээлттэй зарладаг. Мөн Удирдах зөвлөлд олон нийтийн төлөөллөөс сонгогдсон гишүүний оронд шинээр хүний эрхийн хамгаалагч хуульч Б.Болорсайханыг сонгосон байх жишээтэй. Энэ нь юу хэлж байна гэхээр Хэвлэлийн зөвлөлд сэтгүүл зүй, олон нйтийн өргөн төлөөлөл, олон нийтэд нээлттэй, тодорхой дүрэм журмын дагуу сонгон шалгаруулалтаар орж ирдэг гэсэн үг. Энэ тал дээр харин ч  маш ардчилалтай. Ямар нэгэн байгууллага, эзэн, даргын төлөө эрх ашиг тэнд огт байдаггүй. Харин олон нийтийн мэдэх эрх, хариуцлагатай сэтгүүл зүйн зарчим л үйлчлэх учиртай. Ардчилалтай гэсэнтэй холбоотой нэг жишээ цухас дурдъя л даа. Тухайлбал,  аль нэгэн Ёс зүйн хорооны гишүүний ажилладаг байгууллагатай холбоотой гомдол хэлэлцэх бол  тэр хуралдаанд хамаарал бүхий ёс зүйн хорооны гишүүнийг оролцуулдаггүй дүрэмтэй. 

 

Мэдээж Монголын хэвлэлийн зөвлөлийн хувьд хүмүүсээ сайн сургаж, дотоод, гадаадад хүлээн зөвшөөрөгдөж амжилттай яваа ч өнөөдрийг хүртэл Удирдах зөвлөлийн гишүүдийн толгойны өвчин болж ирсэн нэг асуудал бол байгууллагын санхүүжилт юм. Өнгөрсөн хугацаанд тогтвортой санхүүжилтийн стратеги боловсруулах, туршлага судлах цөөнгүй сургалт ч авсан. Нэг бус хувилбартай боловсруулсан стртатеги ч байдаг. Заримаас нь хэрэгжүүлээд явж байгаа нь ч бий. Илүү баталгаатай сайн болгох санал, төлөвлөгөөний эрэлд ч байнга гардаг, мэргэжлийн зөвлөгөө авдаг.  Гаднын туршлагууд бол Засгийн газраас нь тодорхой хувийн болон бүтэн санхүүжилт өгөх нь  байдаг. Гаднын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр явах нь ч бий. Манай хувьд хэвлэл мэдээллийн салбарынхаа редакцуудаас хураамж авах байдлаар үзсэн. Ухамсраараа асуудалгүй өгдөг газрууд байдаг ч өгөхгүй нь олон. Ямар ч гэсэн үйл ажиллагаа явуулахын тулд орлого олохоос аргагүй учраас Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын албаны зүгээс одоохондоо олон нийтийн мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөө, хараат бус сэтгүүл зүй, ардчиллыг дэмжигч зарим олон улсын байгууллага руу сургалт хийх чиглэлд төсөл бичдэг. Германы DW академ төсөл хэрэгжүүлж зарим зардалд туслах нь бий. Тус байгууллагын зүгээс манайхыг  санхүүжилтийн хувьд аль болох хурдан асуудлаа шийдвэрлэхийг шахаж шаарддаг.  Бидний хувьд ч хичээж байгаа.

 

Хэвлэлийн зөвлөлийн санхүүжилтийн асуудал хэдий толгойны өвчин хэвээр байгаа ч өнөөдрийнх шиг  төр мөнгө өгье, харин та нар эрх чөлөөгөө худалд гэсэн ийм утгагүй саналыг Монголын хэвлэлийн зөвлөл хэзээ ч хүлээж авахгүй. Нийгмийн үнэ цэнийг оршоох энэхүү үйл ажиллагаанд шударга, зөв санхүүжилт олдоно гэдэгт итгэдэг. Олохын төлөө ч үе үеийн Удирдах зөвлөлийн гишүүд уйгагүй явах буй за.

 

Ямартаа ч Монгол Улс  хэвлэл мэдээллийн салбарын  өөрийн зохицуулалтын байгууллагатай болж, олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь сэтгүүл зүйд гарсан том амжилт юм. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын эзэн, сэтгүүлч, мэргэжлийн холбоод, олон нийтийн төлөөллийн зургаан жилийн хөдөлмөрийн үр дүн, бахархах түүх юм.

 

Монголд Хэвлэлийн зөвлөл дархлаатай болж чадсан. Цаашид бие даан цэцэглэн хөгжиж ч бас чадна.

 

И.Отгонжаргал/Сэтгүүлч, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн УЗ-ийн гишүүн/

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД