Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дадлагажигч Ч.Чойжилсүрэн "Цахилгаан дугуй, скүүтер залуусын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна" бүтээлээ танилцуулж байна.
Хотын гудамжаар алхах бүрд л моторын дуу, бас цахилгааны зөөлөн шуугиан сонсогддог болоод удаж байна. “Jet”, “Tapa” гэх нэрс өнөөдөр залуус бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болчихсон. Цахилгаан скүүтер, дугуй бол зүгээр нэг унаа биш, хотын хэмнэл өөрчлөгдөж байгаагийн дохио мэт надад санагддаг.
Цахилгаан түрээсийн унаа Монголд шинэлэг хэр нь үнэндээ замын түгжрэл, шатахууны үнэ, хомсдол, утааны асуудлыг шийдэх нэг хэрэгсэл болж байгаа. Өмнө нь “скүүтэр, дугуй бол хүүхдүүдийн тоглоом” гэж боддог байсан бол одоо хот дотор ажил, сургуулиа зорих, найзтайгаа уулзах зэрэг өдөр тутмын унаа болчихсон. Зам дээр хэд хэдэн цаг түгжрэлд суухгүйгээр нэг газраас нөгөөд хүрч, өөрийн ажлаа түргэн шуурхай амжуулах боломжтой. Гэхдээ бүх зүйл төгс байдаггүй шиг цахилгаан дугуйн үйлчилгээ нь дугуйн замгүй Улаанбаатар хотод өөр асуудлууд дагуулсаар байна.
Явган хүний замаар зорчиход хүндрэлтэй бас удаан. Тиймээс залуучууд цаг, мөнгөө бодоод машин зам дээр цахилгаан хэрэгслээр хөдөлгөөнд оролцох нь ихэссэн. Гэвч цахилгаан хэрэгсэлд зориулсан тусгай зам байхгүй, үүнийг зохицуулах дүрэм журам тодорхойгүйн улмаас олон залуус эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай мэдээ гарсаар байна. Үүний илрэл нь статистикаар ч харагддаг. Монголд 2022 онд 201, 2024 онд 532 осол гарчээ. Мөн осолдсон хүмүүсийн 95.1 хувь нь хамгаалалтын малгай өмсөөгүй байсан ба тэдний ихэнх нь 10–19 насныхан байсан юм.
Цахилгаан дугуй, скүүтэрийн бизнес хөгжиж байгаа ч аюулгүй байдлын дүрэм, шаардлагыг мартаж болохгүй гэдгийг харуулж байна. Дээрээс нь энэ чиглэлийн бизнес эрхлэгчид залуу үеийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэгт анхаарлаа хандуулах шаардлагатай харагдана. Тухайлбал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд” гэсэн гарын авлага бий. Тэнд “Аж ахуйн нэгж, байгууллагууд нь хүний эрхийг хүндлэх үүрэгтэй бөгөөд энэ нь тухайн байгууллагууд нь хүний эрхийг зөрчихөөс зайлсхийх мөн өөрийн үйл ажиллагаатай холбоотойгоор хүний эрхийг зөрчсөн аливаа сөрөг үйлдлийг нэн даруй олж илрүүлж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийг хэлнэ” гэсэн байдаг. Үүнийг цахилгаан түрээсийн унаа бизнес эрхлэгчид анхаарч мөрддөг үү? Хэрэв үгүй бол цахилгаан дугуй, скүүтэрийн бизнес эрхлэгчид залууст зориулсан аюулгүй байдлын дүрэм, насны ангилал нэмэх, цахилгаан дугуй, скүүтер унах үед дуулга, гэрэл ойлгогч хантааз, тохойвч, өвдгөгч зэргийг дагалдуулан шаардлагаа өндөрсүүлэх зайлшгүй хэрэгтэй гэдгийг сануулж байна.
Бусад улс орнуудын туршлагаас харахад, тухайлбал Герман, Франц, Нидерланд зэрэг оронд цахилгаан скүүтерийг зөвхөн дугуйн замаар явахыг зөвшөөрдөг. Япон болон Сингапурт явган хүний замаар зорчихыг хатуу хориглодог. Хэрэв явган хүний замаар зөрчвөл өндөр торгуультай. АНУ-д хот бүр өөрийн дүрэмтэй боловч явган хүний зам дээр скүүтэртэй гарахыг зөвшөөрдөггүй.
Одоогоор эдгээр тээврийн хэрэгслийн хэрэглээтэй холбоотой эрх зүйн зохицуулалт манайд хангалтгүй байгаа нь осол, гэмтлийн тоог нэмэгдүүлж, хүний эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлж байна. Манай улсын хувьд хууль эрх зүйн зохицуулалтыг яаралтай боловсруулж хэрэгжүүлэх нь хамгийн чухал юм. Тухайлбал, цахилгаан хөдөлгүүрт хэрэгслийг тусгай ангилалд багтаах, хурд, нас, даатгалын хязгаар тогтоох, явган зорчигчийн зам дээр явахыг хориглох, түрээсийн аппликэйшнүүдэд хурдаа хязгаарлах техник шийдэл хэрэгжүүлэх, зөрчил гаргасан хэрэглэгчид торгууль оногдуулах зэрэг арга хэмжээ авч болно.
Удахгүй хавар ирнэ. Бид дахиад л аюулгүй байдалдаа эрсдэл учруулан машин зам дээр скүүтерээ унаад гарах уу? Эсвэл хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийг шаардах ёстой юу?




Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэв. Уг бүтээл нь зөвхөн зохиогчийн үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.