Урлаг, соёлын мэдээ, мэдээллийг түгээх, сурвалжлах, соёлын агуулга, ойлголтуудын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар шүүмж, судалгаа шинжилгээтэй нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх нь соёлын сэтгүүл зүйн цөм юм.
Соёлын бүтээлч үйлдвэрлэл, орчин цагийн урлагийн төрөл зүйл, соёлын өвийн тухай сэтгүүлчдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн зөвлөл, СУИС-ийн Соёлын сургуультай хамтран “Сэтгүүл зүйд соёлыг илэрхийлэх нь” сэдэвт гурван удаагийн цахим сургалтыг 2023 оны 9 сарын 15-наас 10.13-ны хооронд зохион байгууллаа.
Тус сургалтын ач холбогдлыг СУИС-ийн Соёлын сургуулийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Мөнхбадрал “Хүн төрөлхтний соёлын ололт хийгээд үндэсний соёл, уламжлалыг олон нийтэд хүргэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд чухал орон зайтай салбар бол хэвлэл мэдээллийн салбар юм. Тиймээс соёлын сэтгүүлчдийг бэлтгэх сургалт зохион байгуулж, сэтгүүлчдийн соёлын мэдлэгийг нэмэгдүүлэх, түүний ач холбогдол, цар хүрээг таниулах нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ боллоо. Хэвлэл мэдээлэл бол шууд утгаараа нийгмийг соён гэгээрүүлэх салбар бөгөөд энэхүү үүргээ нэр төртэй биелүүлснээр орчин үеийн дэлхий дахины соёлын харилцаанд монголчууд өөрийн бат бөх байр суурьтай оролцоход томоохон түлхэц болно. Телевиз үздэг, радио сонсдог, ном, сонин уншдаг болон цахим орчны идэвхтэй хэрэглэгчдийн тус тусын онцлогт нийцсэн соёлын мэдээ, мэдээлэл, контентыг олон сонголттойгоор бүтээх нь нийгмийн соён гэгээрүүлж буй чухал үйл хэрэг юм.” гэж дүгнэлээ.
Мөн үеэр Соёлын сэтгүүл зүйг хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сэтгүүл зүйд урлагийн агуулгыг хэрхэн бүтээх талаар туршлага солилцох, соёлын олон талт байдлыг таниулах, урлагийг олон нийтэд ойлгуулах, урлагаар дамжуулан шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо чухал байгааг салбарын мэргэжилтнүүд онцоллоо.
Сургалтын талаарх сэтгэгдэлдээ МҮОНР-ийн хөгжмийн редакцын сэтгүүлч, редактор С.Бэрцэцэг “Сургалтаас урлаг ба жендэрийн асуудал, дэлхийд кино зах зээлийн эзлэх байр суурь, Монголын сүүлийн үеийн контентуудын хандалт, олон улсын кино наадмуудыг сурвалжлах боломжууд зэрэг олон төрлийн мэдээллийг авлаа. Сургалтын төгсгөлд соёл болон хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийн уялдаа холбоо болон цаашид хамтарч ажиллах нөөц боломжуудын талаар ярилцаж, хоорондын туршлагаа солилцох санаачилга нь зүйтэй санагдсан” гэж дурдсан юм.
Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд хүний эрх, эрх чөлөө, хүнлэг ёс, хүн чанарыг баримтлан ажиллахыг тусгасан байдаг. Иймд сэтгүүлчид соёлын агуулга бүхий нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэхдээ арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, шашин шүтлэг болон олон талт байдлын ойлголтоо нэмэгдүүлэх нь тэдний мэргэжлийн ур чадварт чухал нөлөөтэйг багш, салбарын мэргэжилтнүүд хэлж байна.