Хорооны шийдвэр

Редакцуудыг мэдээллээ нягтлан шалгалгүй, бусдын нэр төрд халдсан гэж үзлээ
Редакцуудыг мэдээллээ нягтлан шалгалгүй, бусдын нэр төрд халдсан гэж үзлээ

Редакцуудыг мэдээллээ нягтлан шалгалгүй, бусдын нэр төрд халдсан гэж үзлээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2023 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 23-ны өдөр боллоо. Энэ удаагийн хурлаар олон улсын хоёр байгууллага болон хоёр иргэнээс ирүүлсэн гомдлуудыг хэлэлцлээ. 

 

 

Нэг. Редакц мэдээллээ нягтлан шалгаж баримтаар баталгаажуулалгүй түгээжээ

 

Монголын залуучуудын холбооны сheck.mn сайт болон тус сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар “МЗХ-ны ерөнхий нарийн бичгийн албан тушаалд санаархсан Г.Ганзориг гэж хэн бэ?” гэх гарчигтай мэдээлэл түгээжээ. Нэр нь дурдагдаж буй иргэн редакцыг нэр төр, алдар хүндийг нь зориуд гутааж, олон нийтэд илт худал мэдээлэл тараасан, зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга гэсэн хоёр тусдаа албан тушаалыг ялгаж салгаагүй байна гээд ХМЗ-д гомдол ирүүлсэн. Мөн гомдолдоо МЗХ-ны ерөнхийлөгчийн 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн тушаалаар тус холбооны нарийн бичгийн даргаар томилогдон, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа гээд тушаалыг хавсаргасан байв.

 

Ёс зүйн хороо уг гомдлыг нягтлан хэлэлцээд “...Тиймдээ ч өөрийгөө Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хэмээн олонд зарлаж яваа сурагтай…” гэсэн хэсэг нь баримт, нотолгоогүй, ам дамжсан яриа мэт ойлгогдохуйц байгаа төдийгүй редакц ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга гэсэн хоёр албан тушаалыг ялгаж салгаагүй, хүний хэлсэн үгийг баталгаатай баримт гэж үзэх боломжгүй бөгөөд ямар нэг баримтгүй, баталгаагүй аман мэдээллийг түгээхдээ баталгаагүй мэдээлэл, ам дамжсан яриа гэдгийг дурдах нь зүйтэй гэж үзээд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.6 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэв. Харин гомдол гаргагч иргэн редакцад хандан тайлбар өгөх нь нээлттэй, редакц дээрх мэдээндээ гомдол гаргагчийн хувийн чанартай гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглаагүй, олон нийтэд нээлттэй байсан зургийг ашигласан гэж үзэн Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.8, 2.3 дахь заалтуудыг зөрчөөгүй хэмээн дүгнэсэн.

  

 

Хоёр. Мэдээллээ нягтлан шалгалгүй, хүний овог нэрийг андуурч буруутгасан нь бусдын нэр төрд ноцтой халдсан алдаа гэж үзэв

 

Хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагууд өнгөрсөн тав, зургаадугаар сард Боловсролын зээлийн сангаас зээл авч, гадаадад суралцсан төрийн өндөр албан тушаалтнуудын болон хүүхдүүдийнх нь нэрс, авсан зээлийн хэмжээ зэргийн мэдээллийг олон нийтэд түгээсэн билээ. Тэдгээрийн нэг нь zarig.mn сайт байсан бөгөөд ингэхдээ “Татварын ерөнхий газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга Д.Мөнхтуулын хүү Н.Мөнхбилгүүн 2020 онд Сингапурын Нанян Технологийн их сургуульд 80,000 ам доллароор механик инженер мэргэжлээр сурч байна” гэсэн постер бэлтгэн түгээжээ. Мөн “Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад суралцсан төрийн өндөр албан тушаалтан болон тэдний хүүхдүүдийн нэрс” гэх гарчигтай мэдээндээ иргэн Д.Мөнхтуулын нэрийг дурджээ. 

 

Нэр нь дурдагдсан иргэн редакцыг овог нэр, албан тушаал, фото зургийг нь ашиглан илт худал мэдээлэл түгээсэн хэмээн үзэж, ХМЗ-д гомдол ирүүлсэн. Гомдолдоо өөрийн БЗС-аас зээл авч байгаагүй тухай тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа, өрхийн гишүүдийн мэдээллийн лавлагаа зэрэг материалуудыг хавсарган ирүүлсэн. 

 

Ёс зүйн хороо дээрх гомдлыг хэлэлцээд иргэн Д.Мөнхтуулын ирүүлсэн гомдолдоо хавсаргасан баримтуудыг үндэслэн редакц овог, нэрийг нь андуурсан, мэдээллээ баталгаатай эсэхийг нягтлалгүй ташаа мэдээлэл түгээсэн, буруутган шүүмжилж байгаа хүний нэр, зураг бүхий мэдээллийг нийтлэхдээ тухайн мэдээллийн үнэнд нийцсэн эсэхийг нягталж, хувь хүний эрхийг харгалзан үзэх нь зүйтэй бөгөөд энэ тохиолдолд гомдол гаргагчийг огт хамааралгүй асуудалд буруутган нэр, зураг зэргийг нь нийтэлсэн зэрэг алдаа гаргасан гэж үзээд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.2, 1.3, 6.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлээ.

 

 

Гурав. Олон улсын байгууллагын гомдлыг үндэслэлтэй гэж үзлээ 

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл анх удаа гадаадын байгууллагаас ирүүлсэн гомдлыг хүлээн авч, хэлэлцлээ. Энэ нь “Bloomberg Philanthropies” олон улсын байгууллагаас nuuts.mn сайтын “НУУЦ МАТЕРИАЛУУД: ХӨШИГНИЙ АР ДАХЬ ХҮН” гэх гарчигтай нэвтрүүлэгтэй холбоотой байв. Уг гомдолд тус байгууллага ямар ч тамхи үйлдвэрлэгчээс татаас авдаггүй, лобби бүлэг биш, нэвтрүүлэгт дурдсан үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцоогүй, янжуур тамхины хэрэглээг нэмэгдүүлэх бус харин багасгахад чиглэгдсэн үйл ажиллаагаа явуулдаг бөгөөд УИХ-ын хүчин чармайлтыг зогсоох оролдлого хийж байгаагүй, харин гишүүдэд тамхины хор хөнөөлийн талаар мэдлэг мэдээлэл олгохоор ажиллаж ирсэн, тамхи үйлдвэрлэгчдийн эсрэг хэдэн арван жилийн туршид тэмцэж ирсэн гэдгээ илэрхийлсэн. Улмаар редакцыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 1.9, 5.1, 9.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн байв.

 

Харин редакцын зүгээс Монгол Улс Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан үе буюу 2022 оны хоёрдугаар сараас эхлэн улс орон даяар янжуур бол ургамлын гаралтай, электрон тамхи бол химийн болон үхлийн хортой гэх суртал ухуулга хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээнд маш хүчтэй явагдаж эхэлсэн нь редакцын анхаарлыг татсан. ЭМЯ-наас тодруулахад яам болон яамны харьяа газруудаас электрон тамхины хор хөнөөлийг тогтоосон судалгаа шинжилгээ огт хийгээгүй, техникийн боломжгүй гэсэн хариу өгч байхад электрон тамхи үхлийн хортой, янжуур тамхинаас илүү хор хөнөөлтэй гэдэг суртал ухуулгыг асар өргөн цар хүрээтэйгээр хэн, хаанаас, хэдий хэмжээний хөрөнгөөр санхүүжүүлж, хэнээр дамжуулан энэ бүхнийг хийгээд байгаа нь үнэхээр сонирхолтой байсан тул уг нэвтрүүлгийг хийхээр болсон гэдгээ илэрхийлжээ. Мөн хэрэв дээрх хүмүүс электрон тамхины эсрэг кампанит аян хийсэн шигээ янжуур тамхины эсрэг дуу хоолойгоо хүргэсэн бол нийгмийн сайн сайхны төлөө хийж байна гэж ойлгох байсан гэв.

 

Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцээд, редакц нэвтрүүлэгтээ гомдол гаргагч байгууллагыг янжуур тамхи үйлдвэрлэгчдээс санхүүжилт авдаг гэж байгаа ч түүнийгээ ямар нэгэн баримтаар нотлоогүй, янжуур тамхи үйлдвэрлэгчдээс санхүүжилт авдаг гэх мэдээллийн эх сурвалж, баримт уг нэвтрүүлэгт байхгүй, редакцын зүгээс ХМЗ-д ирүүлсэн хариу тайлбартаа “Why Health Groups Lie About Vaping” гэх нэвтрүүлгийг дурдсан боловч уг нэвтрүүлэг ёс зүйн алдаа гаргаагүй гэх баримт, нотолгоо байхгүй гэж үзэн, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн дүгнэв. Харин энэхүү бүтээл нь сэтгүүл зүйн “мэдээ” биш бие даасан нэвтрүүлэг тул үзэл бодол, байр суурь, дүгнэлт орох боломжтой, янжуур тамхи үйлдвэрлэгчдээс санхүүжилт авдаг гэдгээс бусад агуулгаа эх сурвалжуудын яриа, Гаалийн ерөнхий газрын мэдээлэл, гар зургийн уралдаанд оролцсон сурагчдын бүтээл зэргээр баримтжуулсан, гомдол гаргагч байгууллагын зүгээс редакцтай холбогдож тайлбар өгөх нь нээлттэй бөгөөд тайлбар өгөх оролдлого хийгээгүй, нэвтрүүлгийн үеэр дурдаж буй мэдээллүүд нь худал ташаа гэдгийг аль нэгэн эрх бүхий байгууллага тогтоогоогүй, гомдол гаргагч байгууллага өөрсдийнх нь талаарх мэдээлэл ташаа гэдгийг залруулах баримтаа өгөөгүй нөхцөлд редакц залруулга гаргах боломжгүй, сэтгүүлчийг гуравдагч талын санхүүжилтээр аялалд хамрагдсан гэдгийг нотлох ямар нэг баримт үгүй, мөн гомдол гаргагч тал үүнтэй холбоотой баримт ирүүлээгүй, электрон тамхийг эергээр сурталчилсан агуулга байхгүй, зөвхөн янжуур тамхи эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдэг агуулгатай нэвтрүүлэг учраас далд сурталчилгаа гэж үзэх үндэслэлгүй тул Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.5, 1.6, 1.8, 1.9, 5.1, 9.1 дэх заалтуудыг зөрчөөгүй гэж үзэв.

 

 

Дөрөв. Янжуур тамхи үйлдвэрлэгчдээс санхүүжилт авдаг гэх мэдээллийг редакц бүрэн баталгаажуулсангүй

 

Nuuts.mn сайтын “НУУЦ МАТЕРИАЛУУД: ХӨШИГНИЙ АР ДАХЬ ХҮН” гэх гарчигтай  нэвтрүүлэгт олон улсын бас нэгэн байгууллагаас гомдол ирүүлсэн нь “Campaign for Tobacco-Free Kids” юм. Дээрх гомдлоос ялгаатай нь гомдол гаргагч байгууллага редакцад нэвтрүүлэгт дурдаж буй мэдээллүүд нь худал ташаа бөгөөд нэвтрүүлгээ устгаж, залруулга гаргах тухай захидал илгээсэн байв. Мөн Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.6, 1.8, 1.9 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

 

Ёс зүйн хороо гомдлыг хэлэлцээд редакц нэвтрүүлэгтээ гомдол гаргагч байгууллагыг янжуур тамхи үйлдвэрлэгчдээс санхүүжилт авдаг гэж байгаа ч түүнийгээ ямар нэгэн баримтаар нотлоогүй, янжуур тамхи үйлдвэрлэгчдээс санхүүжилт авдаг гэх мэдээллийн эх сурвалж, баримт уг нэвтрүүлэгт байхгүй, редакцын зүгээс ХМЗ-д ирүүлсэн хариу тайлбартаа “Why Health Groups Lie About Vaping” гэх нэвтрүүлгийг дурдсан боловч уг нэвтрүүлэг ёс зүйн алдаа гаргаагүй гэх баримт, нотолгоо байхгүй гэж үзэн, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн дүгнэв. Харин редакц янжуур тамхи үйлдвэрлэгчдээс санхүүжилт авдаг гэдгээс бусад агуулгаа эх сурвалжуудын яриа, Гаалийн ерөнхий газрын мэдээлэл, гар зургийн уралдаанд оролцсон сурагчдын бүтээл зэргээр баримтжуулсан, гомдол гаргагч байгууллагын зүгээс редакцтай холбогдож тайлбар өгөх нь нээлттэй бөгөөд залруулга гаргах, нэвтрүүлгээ устгахыг шууд шаардсан хэдий ч тайлбар өгөх оролдлого хийгээгүй, нэвтрүүлгийн үеэр дурдаж буй мэдээллүүд нь худал ташаа гэдгийг аль нэгэн эрх бүхий байгууллага тогтоогоогүй, гомдол гаргагч байгууллага өөрсдийнх нь талаарх мэдээлэл ташаа гэдгийг, тухайн асуудлуудад хамааралгүй гэдгээ нотлох ямар нэгэн баримт гаргаж ирүүлээгүй байхад редакц мэдээллээ ташаа хэмээн үзэж залруулга гаргах боломжгүй тул ёс зүйн бусад зарчмыг зөрчөөгүй гэж үзлээ.


 

Хавсралт

 

Хурлын мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

 

1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”

1.2 - “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”

1.3 - “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана”

1.5 - “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана”

1.6 - “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана”

1.8 - “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно”

1.9 - “Нийтэлж, нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон мэдээллийг нэн даруй  залруулна”

2.3 - “Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна”

5.1 - “Гуравдагч талын санхүүжилтээр аялалд хамрагдсан бол аяллын тухай мэдээлэлд санхүүжилтийн талаар тодорхой дурдана”

6.1 - “Хэргийн сэжигтэн этгээдийн нэр, хувийн мэдээлэл болон зургийг бусдад танигдахуйц байдлаар нийтэлж, нэвтрүүлэхдээ хувь хүний эрхийг хамгаалах шаардлагыг харгалзана”

9.1 - “Далд зар сурталчилгааны аливаа хэлбэрээс татгалзана”

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД