"JEF - Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025" амжилттай зохион байгуулагдлаа

"Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025" буюу JEF-2025 зургаа дахь удаагийн форум аравдугаар сарын 10-нд боллоо. Энэ удаагийн форум "Дижитал эрин үеийн ёс зүй: Хиймэл оюуны сорилт ба боломж" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, дэвшилтэт технологи буюу AI эрчээ авч буй өнөө цагт хэвлэл мэдээллийн салбарынхан хэрхэн илүү хариуцлагатай бөгөөд ёс зүйтэй ажиллах талаар хэлэлцэв. 

Форумын нээлтийг хиймэл оюуны тусламжтай хийсэн видеогоор нээснээс гадна хэлэлцүүлгийн явцад оролцогчдын санал сэтгэгдэл, асуултыг  шууд дэлгэцээр хүлээн авч хариултыг өгч байсан нь оролцоог нэмэгдүүлэхэд үр өгөөжтэй байлаа. Форумаар гурван илтгэл танилцуулж, гурван хэлэлцүүлэг өрнүүлэв.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните хэлсэн үгэндээ “Хиймэл оюун бол бидний туслагч, бас хэрэгсэл” гэдгийг онцлов. Тэрээр “Сошиал медиан хэрэглээ өндөр болсон энэхүү цагт сэтгүүлчид илүү мэргэжлийн, үнэн бодит, баталгаатай мэдээллийг хүргэж ялгарах учиртай. Европын холбоо нь эртнээс хэвлэл мэдээлэл тэр дундаа сэтгүүлчдийг дэмжин ажилласаар ирсэн. Сэтгүүлчид мэргэжлийн өндөр хариуцлагатай байх ёстой. Хэрэв буруу, ташаа мэдээлэл түгээвэл бид та бүхнийг дэмжиж, хамгаалах боломжгүй болно. Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бусад улс орнуудад яг үүн шиг форум, хэлэлцүүлгүүд өрнөсөөр байна. Энэ төрлийн сургалт, форумуудад үнэн зөв мэдээллийг хэрхэн таних, хэрхэн шүүмжлэлтэй хандаж, эргэцүүлэх вэ зэрэг мэдээллийг хүргэсээр байна. Тиймээс хиймэл оюун ухааныг ашиглахдаа ёс зүйтэй байх дээр санал нэгдэх нь чухал. Хиймэл оюун ухаан бол бидний туслагч байх боломжтой, бидний зорилгоо биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх нэг хэрэгсэл байж болох ч түүнээс улбаатай ташаа мэдээллээр олон нийтийг буруу тийш бүү хөтөлдөг байгаасай. Хиймэл оюун ухаантай өрсөлдөх өрсөлдөгч биш, харин түүнээс илүү байхад анхааран хичээж ажиллах нь чухал. Учир нь бид хиймэл оюуныг удирдан чиглүүлж, ажилдаа ашиглана, тэр бол хэрэгсэл. Тиймээс сэтгүүлчид аливаа асуудалд эргэцүүлэлтэй, шүүмжлэлтэй хандацгаая.” хэмээн оролцогчдод хандаж хэлэв. 

Германы Дойче Велле Академийн төслийн менежер Килиан Шутце-Алинский видео мэндчилгээ ирүүлсэн бөгөөд тэрээр “... Саяхан би Европын Радио Телевизийн Холбоо (EBU)-ын нэг эшлэлийг уншсан юм л даа, энэ нь Европт болж буй хиймэл оюуны үйл явцыг тун зөв илэрхийлж байна гэж бодсон. Уг эшлэлд ингэж бичсэн байсан: “Бидний хувьд хэвлэл мэдээллийн салбар дахь хиймэл оюун ухааны тухай яриа сониуч байдлаас зайлшгүй хэрэгцээ рүү шилжсэн үе шатанд байна. Та сэтгүүлч, технологич, продюсер, редактор эсвэл менежер хэн ч байсан, хиймэл оюун ухаан бидний ажил, ажлын урсгал, бүр ёс зүйг хүртэл дахин тодорхойлж байна. Тэгвэл бид хэрхэн түрүүлж алхах вэ, хэрхэн бодитой байх вэ, хэрхэн ухаалаг, хариуцлагатай сонголт хийх вэ?” Эдгээр асуулт яг л “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ын үеэр хэлэлцэх сэдвүүд байх болно гэдэгт итгэлтэй байна … 

… Энэхүү форум энэ асуудлаар харилцан санал бодлоо солилцох, чухал талбар болж үнэтэй хувь нэмэр оруулж байгаад би үнэхээр баяртай байна. Та бүхэнд ухаарал өгсөн хэлэлцүүлэг, үнэ цэнтэй сургамж, бодитой үр дүнтэй арга хэмжээ байгаасай гэж хүсэж байна. Тус төслийг хамтран хэрэгжүүлж буй Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн хамт олонд онцгой талархал илэрхийлье. Та бүхэнтэй хамтран ажиллах маань үнэхээрийн таатай байдаг. Мөн энэхүү “Өөрчлөлтийн дуу хоолой” төслийг санхүүжүүлж буй Европын Холбоонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.” хэмээн мэндчилгээ дэвшүүлснээр форумын үйл ажиллагаа эхэлсэн. 

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь Ёс зүйн форумыг санаачлагч, зохион байгуулагчийн хувьд өөрийн үндсэн үйл ажиллагаа болох Ёс зүйн хороодын танилцуулга, хэлэлцүүлгээр форумыг эхлүүлсэн юм. Тус зөвлөлийн Радио, телевиз, сайтын ёс зүйн хороо болон Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороод Сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүйн дүгнэлт, үр нөлөөний талаараа нээлттэй хэлэлцэж оролцогчдын санал хүсэлтийг хүлээн авав. Ёс зүйн хороод нь салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн тус бүр 15 гишүүнтэй бөгөөд улиралд нэг удаа хуралддаг. ХМЗ байгуулагдсан цагаас хойш (2015) 600 гаруй өргөдөл гомдол хүлээн авч, үүнээс 400 орчмыг хэлэлцжээ. ХМЗ-ийн Ёс зүйн хороонд ирсэн сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг ёс зүйн зарчмынхаа хүрээнд хэрхэн хэлэлцэж, шийдвэр гаргадаг талаар, мөн хиймэл оюуны хөгжлийн үед хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдол, анхаарах зүйлийг  ярилцав.

Зочин илтгэгчээр Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв НҮТББ-ын үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо "Сэтгүүл зүй дэх хиймэл оюуны хэрэглээ, сорилт, ёс зүйн асуудлууд" сэдвээр, Эгүнэ Оюун ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Бадрал "Хиймэл оюуны хөгжил хаа хүрэх вэ?" сэдвээр, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир цахим хөгжлийн суурь нөхцөл, цахим технологийн хүний эрхийн эрсдэл, хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хийдэл ба хэрэгжилт гэсэн асуудлуудын хүрээнд тус тус сонирхолтой илтгэл танилцууллаа.

Хиймэл оюуны хэрэглээ, ёс зүй, редакцын бодлого” хэлэлцүүлгээр сэтгүүл зүй нь ардчиллын тулгуур багана болох хэвлэлийн эрх чөлөөний илэрхийлэл. Сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн редакцын үйл ажиллагаанд хиймэл оюуныг ашиглах нь шуурхай байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, улмаар давтамжит үйлдлийг хялбарчлах замаар хүний нөөцийн зардлыг хэмнэх зэрэг үр ашигтай боловч мэдээллийг мушгин гуйвуулах, худал ташаа мэдээлэл тархах, технологийн цензур үүсэх зэрэг сөрөг үр дагаврууд байсаар байна. Сэтгүүл зүйд хиймэл оюуныг ашиглахтай холбоотой ёс зүйн хэм хэмжээ, редакцын бодлого, үр дүнтэй зохицуулалтын талаар хэвлэл мэдээллийн салбар бүрийн төлөөлөл хэлэлцэв.

Хиймэл оюун ба хэвлэл мэдээллийн суурь боловсрол” хэлэлцүүлгээр хиймэл оюун өдөр тутмын хэрэглээнд олон салбарт нэвтрэхийн хэрээр бидний өмнө мэдээллийн нууцлал, өгөгдлийн аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх, зохицуулалт,  зохиогчийн эрх, хэрэглээний ёс зүй, мэдээллийн чөлөөт урсгал ба цензур гэх мэт олон сорилт тулгарч байна. Хувь хүн, салбар, улсын түвшинд бид юуг анхаарвал зохих вэ? хэвлэл мэдээллийн хэрэглэгчдээ хэрхэн бэлтгэж, тэднийг яаж хамгаалах вэ? зэрэг хүний эрхийн өргөн хүрээний сэдвээр хэлэлцэв.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.