“HACK THE FUTURE” хакатон амжилттай зохион байгуулагдлаа

“HACK THE FUTURE” хакатон амжилттай зохион байгуулагдлаа

36 цагийн турш тасралтгүй өрнөсөн “HACK THE FUTURE” хакатон амжилттай болж өндөрлөлөө. “Залуусын ардчилал, хүний эрхийн төлөөх нийгмийн оролцоог оролцоог дижитал шийдлээр нэмэгдүүлэх” зорилготой энэхүү тэмцээн нь Европын Холбооны санхүүжилттэй, Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, DW Akademie, Монголын Залуучуудын Эвсэл болон ФАРО фаундэйшн ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд боллоо.

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь олон нийтийн мэдээллийн хүртээмжтэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, залуусын дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх иргэний оролцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд уг хакатоныг идэвхтэй дэмжин ажиллав. Дижитал орчинд мэдээллийн хүртээмжийг сайжруулах, залуусыг мэдээлэлд суурилсан шийдвэр гаргахад бэлтгэх, хэвлэл мэдээллийн суурь боловсролыг дэмжих нь ХМЗ-ийн үйл ажиллагааны гол чиглэлүүдийн нэг бөгөөд энэхүү хакатон залуусын шийдлийг олон нийтэд хүргэх, шинэ санаачлагыг дэмжих чухал талбар боллоо.

🏆 Шилдэг багууд болон тэдний дэвшүүлсэн инновац шийдлүүд

🥇 “ТАВАН МАРАЛ ОД” баг – Хүүхдийн эрхийн урьдчилан сэргийлэх хөтөлбөр

Тус баг нь залуучууд, хүүхдийн эрхийн төлөө шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх, нотолгоонд суурилсан урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг бий болгох зорилготой юм. Тэдний шийдэл нь нийгмийн хамгийн эмзэг бүлэгт чиглэсэн бодлогын өөрчлөлтийг эрэлхийлж буйгаараа онцлог байв.

🥈 “TEAM DIVERSE” баг – “Chill хэл” ил тод байдлын платформ

Төрийн албан бичгийн хэллэг буюу "Тэдний хэл" болон залуусын өдөр тутмын "Бидний хэл"-ийн хоорондох ялгааг арилгах зорилготой бөгөөд төсвийн зарцуулалт, аудитын дүгнэлт, төрийн худалдан авалт зэрэг мэдээллийг залууст ойлгомжтой Meme болон Reel хэлбэрт хөрвүүлэн хүргэх "Chill хэл" платформыг санал болголоо. Тэдний шийдэл нь залууст төсвийн ил тод байдлыг хянах боломжийг хамгийн энгийн, сонирхолтой хэлбэрээр олгох юм.

🥉 “0xVoice” баг – Иргэний технологийн цогц платформ

Залуу гарааны бизнес эрхлэгчдэд хууль эрх зүйн орчны мэдээлэл, дэмжлэг үзүүлэхээс гадна УИХ-ын гишүүдийн ажлын гүйцэтгэлийг хянах, мэдээллийг нэгтгэн харуулах, мөн сонгуульд нэр дэвшигчдийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэх замаар сонгогчийн боловсролыг дэмжих зэрэг иргэний оролцоог хангахад чиглэсэн цогц функцуудыг агуулсан байна.

🔎 Хакатоны бодит үр дүн

ХМЗ-ийн хувьд энэхүү хакатоны хамгийн том үр дүн нь:

  • Залуусын үзэл бодол, нийгмийн оролцоог бодлогын хэлэлцүүлэгт идэвхтэй бөгөөд хүртээмжтэй байлгах технологийн шинэлэг шийдлүүдийг танилцуулсан;
  • Ил тод байдал, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэхэд залуус өөрсдийн санал санаачилгыг дэвшүүлж шийдвэрлэх арга замуудыг санал болгосон;
  • Мэдээллийн хүртээмжийг сайжруулах, ардчилал, хэвлэлийн эрх чөлөөний сэдвээр олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх шинэ контент, платформууд бүтээсэн;
  • Иргэний нийгэм – Залуус – Мэдээллийн салбарын уялдаа холбоог сайжруулсан зэргийг онцолж байна.
Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь:

Ил тод байдал, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийтийн мэдээлэл авах эрхийг хамгаалах, иргэд, залуусын оролцоог бодитойгоор нэмэгдүүлэх, хариуцлагатай, үнэн мэдээлэлд суурилсан нийгмийн орчныг дэмжих зорилготой нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ.

Бид дижитал орчинд суурилсан шинэлэг шийдэл, залуусын хамтын оролцоогоор дамжин илүү үр дүнтэй, хүртээмжтэй байдлыг эрхэмлэн ажилладаг.

Эерэг өөрчлөлтийг залуус өөрсдөө бүтээж байна.

ХМЗ нь энэхүү хакатонд оролцсон бүх багуудад болон залуусын оролцоог дэмжин хамтран ажилласан түнш байгууллагуудад талархал илэрхийлье. Хакатоноос төрсөн шийдэл бүр олон нийтийн мэдлэг, ойлголт, оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах боломжтой.

👏Манлайлагч, бүтээлч сэтгэлгээтэй залуустаа баяр хүргэж, "хакдсан" санаануудаа ажил хэрэг болгоход нь өндөр амжилт хүсье!

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.