Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл Төв Азийн хэвлэл мэдээллийн 25-р чуулганд оролцлоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл Төв Азийн хэвлэл мэдээллийн 25-р чуулганд оролцлоо

Өнгөрсөн долоо хоногт Ташкент хотноо зохион байгуулагдсан Төв Азийн хэвлэл мэдээллийн 25-р чуулганд Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ) оролцож, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлээр байр сууриа илэрхийлэв.

ХМЗ-ийг төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир, ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, мөн Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллага (IFMS)-ын үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн Х.Ариунчимэг нар оролцож чуулганы хэлэлцүүлэг, сургалт, уулзалтуудад оролцлоо.

Хэвлэлийн эрх чөлөө ба бүс нутгийн сорилтууд

ЕАБХАБ-аас зохион байгуулсан энэхүү чуулган нь хэвлэл мэдээллийн орчинд тулгамдаж буй нийтлэг сорилтууд, тэр дундаа улс төрийн нөлөөлөл, санхүүгийн хараат байдал, цензур, хууль эрх зүйн дарамтыг бүс нутгийн түвшинд хэлэлцдэг. 

Монгол Улс бүс нутгийнхаа олон оронтой харьцуулахад илүү эрх чөлөөтэй хэвлэл мэдээллийн орчинтой ч улс төр, эдийн засгийн амаргүй сорилтууд, хэвлэл мэдээллийн эко системийн хөгжлийн сул байдал нь сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлаж буй онцлох хүчин зүйл болж байна. Дижитал шилжилт болоод эдийн засгийн амаргүй цаг үед хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын механизмыг илүү бэхжүүлж сэтгүүл зүй нийтийн эрх ашгийн төлөөх үнэт зүйл, мэргэжлийн ёс зүйгээ чанд мөрдөж байхын чухлыг ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга У.Тамир онцоллоо.

AI технологи ба сэтгүүл зүйн ёс зүй

Чуулганы гол сэдвүүдийн нэг нь дижитал орчин дахь хиймэл оюун ухааны нөлөөлөл байлаа. AI-гийн хөгжлийн эерэг ба сөрөг хүчин зүйлсийн талаар олон улсын мэргэжилтнүүд байр сууриа солилцож, редакцийн үйл ажиллагаанд AI-ийг хариуцлагатай нэвтрүүлэх шаардлагыг хөндөв.

ХМЗ-ийн захирал Г.Гүнжидмаа сэтгүүл зүйн ёс зүй, үзэл бодлын олон ургальч байдал, мэдээллийн чанарт хиймэл оюуны үзүүлэх нөлөө, мөн сэтгүүлчдийн дижитал аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн болон редакцын бодлого нэн шаардлагатай тухай хэлэлцүүлгийн үеэр онцлов. ХМЗ нь 2024 онд “Сэтгүүлчдийн цахим аюулгүй байдлын цогц судалгаа” хийсэн бөгөөд цахим орчинд сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах тухай зөвлөмжийг оролцогч талуудад зориулан гаргаад байна.

Сэтгүүлчдийн цахим аюулгүй байдлыг хангах тухай зөвлөмжүүд: 

  • Эрүүгийн хуульд сэтгүүлчийг сүрдүүлэх, дарамтлах, мэргэжлийн үйл ажиллагаанд нь саад учруулах бүх хэлбэрийг гэмт хэрэгт тооцох зохицуулалт нэмэх.

  • “Худал мэдээлэл тараах” заалтын хэрэгжилтийг сайжруулахын тулд хууль сахиулагчдыг мэргэшүүлэх сургалт, чадавхыг тогтмол нэмэгдүүлэх.

  • Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой маргааныг эрүүгийн хариуцлагаас ангид байлгаж, Хэвлэл мэдээллийн зөвлөлөөр шийдвэрлэдэг байх.

  • Төрийн байгууллагын мэдээллийг нээлттэй байлгах үүргийг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хуультай уялдуулан хариуцлага тооцдог байх.

  • Нийгмийн сүлжээ болон цахим орчин дахь сэтгүүлчид чиглэсэн заналхийллийг шуурхай шалгадаг тогтолцоо бүрдүүлэх.

  • Эх сурвалжийн нууцлалыг хуульчилж, редакцууд аюулгүй байдлын төлөвлөгөө, хиймэл оюун ухааны ёс зүйн бодлогоо батлан мөрдүүлэх.

Монголын ХМЗ-ийн стратеги ба бүс нутгийн хамтын ажиллагаа

ХМЗ нь Төв Азийн хэвлэлийн өөрийн зохицуулалтын байгууллагуудын сүлжээний гишүүн бөгөөд бүс нутаг дахь хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн ил тод байдал, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, дижитал орчны сэтгүүл зүйн ёс зүй зэрэг сэдвээр идэвхтэй хамтран ажиллаж байна. 

Нийтийн эрх ашгийн төлөөх сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжил нь энэ удаагийн форумын онцлох сэдэв байв. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын тогтвортой бие даасан байдлыг дэмжих бодлого, хүчин чармайлттай зэрэгцэн бие даасан, хараат бус хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагуудын урт хугацааны оршин тогтнол, бие даасан санхүүжилтын загварыг хөгжүүлэх нь улс орнуудын хувьд чухал болохыг Хэвлэл мэдээллийн ёс зүйг дэмжигч байгууллагын төлөөлөл Х.Ариунчимэг онцлов. Тэрээр Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн тогтвортой байдлыг хангах санхүүжилтын бие даасан байдлыг хангах зорилготой IFMS байгууллагынхаа талаар туршлага солилцлоо.   

Мэдээ бэлтгэсэн : Ц.Янжмаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.