"Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслийн хүрээнд бэлтгэсэн оюутнуудын цуврал бүтээл #2

Монгол Улсын Их сургуулийн  оюутан Б.Энхномин "Монголын кино салбар дахь мөлжлөг ба дарангуйлал" бичвэрээ танилцууллаа. 

Монголын кино салбар дахь мөлжлөг ба дарангуйлал

Монголын кино бизнест нэг л дүрэм байдаг. “Эхлээд хөдөлмөрийн гэрээгээ байгуул. Дараа нь ажилла”.

Урлаг урлагийн дотроос кино урлаг нь мөнгөтэй хамгийн хамааралтай урлаг. Кино бизнес дэлхийд чамлахааргүй эдийн засгийн эргэлтийг бий болгодог билээ. Дэлхийн кино урлагийн зах зээл 2024 онд 109.38 тэрбум доллароор үнэлэгдсэн бөгөөд энэхүү өсөлт үргэлжлэн хурдацтай өсөх төлөвтэй байгааг “Global Growth Insight” зах зээлийн шинжээч байгууллага тайландаа дурджээ.

Харин Монголд энэ том бизнес нь урлаг агаад бизнес талаасаа дахин төрж хөгжлийн эхний шатан дээрээ явж буй билээ.

Гэвч манайд “кино” хөдөлмөрийн мөлжлөг, хүний эрхийн ноцтой зөрчил дагуулж байдаг нь нууц биш. Үүний тухай залуу уран бүтээлч нар мэр сэр шүгэл үлээдэг. Тухайн урлагт хүний эрхийг ноцтой зөрчиж буй зарим жишээг товч дурдвал:

  • Ажлын ачаалал, цагийн хязгааргүй байдал: Кино зураг авалт 24 цагаар үргэлжлэх эсвэл өдрийн гуравхан цагийн нойртойгоор зураг авалтад 72 цагаар ажиллуулсан тохиолдол ч гардаг. Ялангуяа манайх шиг жижиг зах зээлд энэхүү бизнес асар том эрсдэлтэй. Тийм ч учраас ажилчдын цалинг хойшлуулах цаашлаад “мурих” гэх мэт асуудлууд байнга гардаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилласан олон олон уран бүтээлч нар хөдөлмөрөө мөлжүүлээд ямар ч арга хэмжээ авч чадахгүй үлддэг тохиолдол бий. Гэвч кино гэдэг зүйл зөвхөн бизнес биш. Урлаг тэр дундаа нийтийг соён гэгээрүүлэх зөөлөн хүчний маш том зэвсэг билээ. Хүчирхийлэл хөдөлмөрийн мөлжлөг дундаас төрсөн зүйл нийтэд сайн сайхан дэлгэрүүлнэ гэдэг юу л бол?...
  • Хүндлэл ба диктатур: Дээд тушаалын хүмүүс, тухайлбал найруулагч, продюсерууд залуу, туршлагагүй уран бүтээлчдийг хараах, доромжлох, зандрах зэргээр сэтгэл зүйн дарамт үзүүлэх, дүүдээ хичээл зааж буй нэрийдлээр цалингүй ажиллуулах нь түгээмэл. Гомдол гаргах, шүгэл үлээх зэрэг оролдлого нь энэ жижиг хүрээлэлтэй салбараас шахагдаж гарах эрсдэлийг бий болгох тул тэдний ая талыг харж эдгээрийг бэрхшээлийг тэвчих нь СУИС-д элссэн эхний өдрөөс дагаж мөрддөг бичигдээгүй “хууль” байдаг тухай өнгөрсөн жил нэгэн залуу жүжигчин шүгэл үлээж, нэр бүхий 3 жүжигчнийг нийтээрээ харааж байсан тохиолдол ч бий. Мөн Этик гэх продакшны жүжигчин бусдыг бүдүүлгээр харааж зүхэн, цусыг нь асгартал зодож байгаа бичлэг хүртэл задарч байсан хэдий ч мөн л тэгэсгээд өнгөрсөн. Бусад оронд бол энэ төрлиийн асуудалд орооцолдсон уран бүтээлчид салбараа орхихоос аргагүй болдог бол манай улсад хэд хоног сошиалаар шуугиж байгаад л мартагдаж, буруутан нь ямар ч хариуцлага хүлээлгүй үлддэг нь дээрх жишээнүүд дээр тодхон харагддаг.
  • Бэлгийн дарамт: Энэ нь урлагийн салбарт байдаг хамгийн нууцлагдмал хэлбэрийн дарамтуудын нэг. Ялангуяа залуу жүжигчин эмэгтэйчүүд болон бусад ажилчид энэ төрлийн дарамтад өртөх эрсдэл байсаар байна. Бас л ажил мэргэжилд нь сөргөөр нөлөөлөх эсвэл өөрийн нэр төрд сэв суух эрсдэлтэй тул ихэвчлэн дуугүй өнгөрөөдөг гэнэ. Энэ талаар нэрт найруулагч Харви Вайнштейны охид бүсгүйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг байсан хэрэг олон нийтэд илчлэгдэх үед цахим ертөнцөд цөөнгүй жишээ гарч байсан ч мөн л мартагдаад өнгөрч байсан.

Тэгвэл энэ бүх асуудлыг уг үндэс хаанаас урган гарсан бэ? Хувь хүний олиггүй, ойворгон зан, төлөвшил хүмүүжил муутайнх уу. Угаасаа л ийм байдаг, байсаар ирсэн хэвийн үзэгдэл мэт ойлголтыг оюутнууддаа “суулгаж” буй мэргэжлийн сургуулийнх нь буруу юу?

 

Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд бэлтгэв. Уг бүтээл нь зөвхөн зохиогчийн үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.