Монголд ихэвчлэн 15-24 насны залуучууд буюу ахлах ангийн сурагч, оюутан залуус цагийн ажил хийдэг. Цагийн ажлын дундаж хөлс 8600 төгрөг (эх сурвалж: 1212.mn) байна.
Хамгийн өргөн сүлжээтэй цагийн ажил нь сүлжээ дэлгүүрүүд бөгөөд тэдгээрт ажилладаг залуучуудын төлөөлөлтэй цагийн ажлын байранд хүний эрхийн асуудал хэр хөндөгдөж буй талаар ярилцлаа.
Цагийн ажилтан 1:
Цагийн ажил хийх хамгийн том шалтгаан бол хичээлийнхээ хажуугаар өөрөө хувиараа зохиогоод ажиллах боломжтой байдаг. Сүлжээ дэлгүүрүүд тодорхой стандартуудыг хангасан байдаг. Жишээ нь, кассны доор аюулын улаан товчлуур, анхны тусламжийн хайрцаг гэх мэт. Гэхдээ бараанууд өрөх, цэвэрлэгээ хийх, бараа бүртгэл, тайлан гээд илүү цагаар ажиллах тохиолдол түгээмэл байдаг.
Цагийн ажилтан 2:
Мэдээж ямар ч хүний ааш эвийг олж харилцах, хариуцлагатай байх, ачаалал даах, нийгмийн хүрээллээ тэлэх гээд зөндөө олон эерэг зүйлүүдийг цагийн ажил хийснээр сурдаг. Гэхдээ хүний нөөцийн асуудал их байдаг. Бараагаа бичингээ давхар камераа шалгаад, хоол бэлдэж өгнө гэдэг бол нэг хүнд маш ахадсан ажил. Мөн касс, дэлгүүрийн платформ гацах тохиолдол багагүй тохиолддог. Энэ үед бид юу ч хийж чадахгүй үйлчлүүлэгч нараас уучлалт гуйгаад зогсдог.
Цагийн ажилтан 3:
Цагийн ажил хийж байх хугацаанд тулгардаг асуудлуудын ихэнхийг үйлчлүүлэгч нар гаргадаг. Жишээ нь, өөртөө үйлчлүүлэх хэсгээр үйлчлүүлж байхдаа үйлчилгээ шаардах, хорин дөрвөн цагийн салбарт согтуу хүмүүс орж ирж унтах, маш бүдүүлэг харьцах, өөрсдийнх нь буруу байхад уучлалт гуйлгуулах гэх мэтчилэн. Аюултай нөхцөлд касс доор байдаг улаан товчлуурыг дарж хамгаалалтын хүмүүс дууддаг. Гэхдээ шөнө түгжрэлгүй үед хурдан ирэхээс биш бусад цагт түгжрэлээс шалтгаалж бүх зүйл дууссаны дараа ирэх тохиолдлууд их байдаг.
Эдгээр гурван залуусын илэрхийлж буй санаанаас хамгийн онцлох зүйл нь хүний нөөцийн асуудал байсан. Цагийн хөдөлмөрийг манай оронд маш багаар үнэлдэг учир ажиллах хүч дутмаг түүнийгээ дагаад ажлын ачаалал маш өндөр. Нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татвар хасаад гар дээр цагт 5500 төгрөг авдаг. Өөр ажил хийх боломжгүй учир ийм төрлийн цагийн ажлууд хийдэг гэлээ.





Европын Холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд бэлтгэв. Уг бүтээл нь зөвхөн зохиогчийн үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.