Сэтгүүлчдэд зориулсан “Бизнес дэх хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлье!” сургалт амжилттай болж өнгөрлөө

Сэтгүүлчдэд зориулсан “Бизнес дэх хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлье!” сургалт амжилттай болж өнгөрлөө

Сэтгүүлчдэд зориулсан “Бизнес дэх хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлье!” сургалтыг 2025.05.23-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Европын Холбооны санхүүжилтээр, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд зохион байгуулсан юм.

ХМЗ байгуулагдсанаас хойш сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүйтэй холбоотой 600 гаруй өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Эдгээр гомдлын 30 орчим хувь нь бизнесийн байгууллагуудаас ирсэн бөгөөд тэдгээр нь редакцыг эх сурвалжаа нягтлаагүй, мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг нягтлаагүй, тайлбар өгөх боломж олгоогүй, мэдээллийн тэнцвэрт байдлыг хангаагүй, байгууллагын албан хаагчдын хувийн мэдээллийг задруулсан, хувь хүний болон байгууллагын нэр хүндэд халдсан гэх агуулгатай байв. Харин Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1-т үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх, мэдээллийг нягтлах, тэнцвэртэй мэдээлэх нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болохыг, 6-д хувийн нууцад хүндэтгэлтэй хандахыг томъёолсон байдаг билээ. Иймд ХМЗ нь бизнесийн үйл ажиллагаан дахь хүний эрхийг хүндэтгэх, мэдрэмжтэй мэдээлэх талаар сургалтын хөтөлбөр болон багц хэрэглэгдэхүүн бэлтгэж, сэтгүүлчдэд зориулсан анхны сургалтаа амжилттай хийлээ.

Сургалтын эхний хэсэг бизнес дэх хүний эрхийн асуудлыг ойлгох, хэвшмэл хандлагаа өөрчлөх агуулгаар байсан бол хоёрдугаар хэсэг “Эко”, “Ногоон” эдийн засагт халхлагдсан хүний эрхийг эрэн сурвалжлах, factcheck хийх ур чадвар, эрэн сурвалжлах сүүлийн үеийн аргууд гэсэн агуулгаар өрнөлөө.

Сургалтад gogo.mn, record.mn, newsroom.mn, mongoliapress.mn, mfcc.mn сайтууд болон Зууны мэдээ сонин, NTV телевизийн болон Архангай, Орхон, Өвөрхангай аймгийн сэтгүүлчид хамрагдав. Оролцогчид аравдугаар сарыг хүртэл хүний эрхийн мэдрэмжтэй, ёс зүйтэй эрэн сурвалжлах бүтээл хийн хамтран ажиллана.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.