Мэдээ, мэдээлэл

У.ТАМРИР: СЭТГҮҮЛЧЭЭ АЛДАА ГАРГУУЛАХГҮЙН ТУЛД ТУХАЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН РЕДАКЦ АЖИЛЛАХ ЁСТОЙ
У.ТАМРИР: СЭТГҮҮЛЧЭЭ АЛДАА ГАРГУУЛАХГҮЙН ТУЛД ТУХАЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН РЕДАКЦ АЖИЛЛАХ ЁСТОЙ

У.ТАМРИР: СЭТГҮҮЛЧЭЭ АЛДАА ГАРГУУЛАХГҮЙН ТУЛД ТУХАЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН РЕДАКЦ АЖИЛЛАХ ЁСТОЙ

Дорнод аймгийн нийгэм улс төр, мэдээллийн Дорнод сонины энэ оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дугаарт Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн үйл ажиллагааны талаар тус Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны дарга У.Тамирын өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхий нийтээр тэмдэглэж байгаа энэ өдөр бүгдээрээ нэгдэн нягтарч, хүний мэдээлэлтэй байх язгуур эрх чөлөөг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжихийг уриалж, үүний тулд чөлөөт, хараат бус сэтгүүлзүйг хөгжүүлэхийн чухлыг онцлож байна.

Монгол Улсын хувьд гүтгэх, доромжлох, хүний нэр төрд халдахтай холбоотой асуудлаар Зөрчлийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбоотойгоор энэ хуулинд өндөр хэмжээний торгууль ноогдуулахаар тусгасныг иргэдийн мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй хэмээн хэвлэл мэдээллийнхэн эсэргүүцлээ илэрхийлж, нийгмийн сүлжээнд ч энэ асуудал халуун сэдэв болон өрнөж байна.

Монголын хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэл Мэдээллийн Зөвлөл байгуулагдаад 2 жил гаруй болж байна. Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн үйл ажиллагааны талаар тус Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны дарга У.Тамиртай ярилцлаа.

- Хэвлэлийн Мэдээллийн Зөвлөл чухам ямар зорилготой, ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мэдээлэл багатай хүн олон байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь сэтгүүл зүйн салбарт ёс зүйн төлөвшлийг хөгжүүлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг сайжруулах, зорилготой. Хэвлэл мэдээллээр нийтлэгдсэн, нэвтрүүлсэн мэдээ мэдээлэлтэй холбоотой иргэдийн гомдлыг хүлээн авч, хэвлэл мэдээллийн ёс зүйн алдаа гарсан эсэхийг тунгаан хэлэлцдэг. Хэрэв ёс зүйн алдаа гарсан бол түүнийгээ засах, уучлал гуйх, залруулах боломж олгодог. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн салбар өөрөө өөрийнхөө алдааг засаж чаддаг хариуцлагатай гэдгээ олон нийтийн өмнө харуулж чадна гэсэн үг. Энэ нь сэтгүүл зүйг эрүүлжүүлж, олон нийтийн үнэн зөв, баримттай мэдээлэл олж авах эрхийг хангахад бодитой нэмэр болох төдийгүй хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж буй нэг хэлбэр гэж ойлгож болно.

Нөгөө талаасаа Монгол Улсын ямар ч иргэний хэвлэл мэдэээллийн үйлдэлд хариу өгөх эрхийг хүндэтгэж байгаагаараа иргэдийн ашиг сонирхлыг хамгаалдаг, хүний эрхийг дээдэлдэг механизм юм.

Иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцдэг гэлээ. Ямар гомдлыг хэлэлцэх вэ? Хэрхэн яаж хэлэлцэх вэ? Энэ талаар тодруулаач.

Хэвлэл мэдээллийн аль нэг байгууллагаас олон нийтэд зориулан түгээсэн нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ зэрэг сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг хүлээж авдаг. Сэтгүүл зүйн бүтээл гэдэг нь сэтгүүлч хүн ямар нэгэн мэдээ, мэдээллийг нягтлан шалгаж, баримтад тулгуурлан эх сурвалжаар баталгаажуулж хэвлэн нийтлэх мэргэжлийн үйл ажиллагааг хэлж байгаа бөгөөд энэ үйл ажиллагаандаа баримтлах мэргэжлийн хэм хэмжээ нь ёс зүйн зарчмаар тодорхойлогддог.

Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй гэдэг нь хувь хүний ёс зүй гэхээсээ сэтгүүлч хүн бүтээлээ үйлдвэрлэхдээ тодорхой хэм хэмжээ, хил хязгаарыг баримтлах ёстой гэдгээр тодорхойлогддог.  Өөрөөр хэлбэл хүний эрх чөлөө, хувийн нууцад хүндэтгэлтэй хандах, хүнлэг нигүүлсэнгүй байх, хүн чанартай байх гэх мэт онцгой мэдрэмж шаарддаг мэргэжил бол сэтгүүл зүй юм. Энэ нь хэвлэл мэдээллийн зүйн ёс зүйн зарчмын үндэс байдаг.

Зөвлөл нь сэтгүүл зүйн талаар мэдлэг, туршлага, ур чадвар бүхий, хэвлэл мэдэээллийн салбар бүрээс сонгогдсон мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Ёс зүйн хороогоороо иргэдээс ирүүлсэн гомдлыг авч хэлэлцэж, мэргэжлийн дүгнэлт гаргадаг. Гомдлыг авч үзэхдээ хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын хүрээнд шүүн тунгааж, мэргэжлийнхээ ёс зүйг зөрчсөн эсхүл зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргадаг.

Гэхдээ гомдлыг хэлэцэхээсээ өмнө тухайн гомдол хаяглагдсан хэвлэл мэдээлийн байгууллагад мэдэгдэж, хариу тайлбар хийх боломж олгодог. Гомдлыг хэлэлцэхдээ редакциас ирүүлсэн энэхүү тайлбарыг харгалзан үздэг. Гаргасан алдаа зөрчлөө ойлгож байгаа эсэхийг нь хардаг. Хэрэв алдаагаа ойлгоод уучлал хүсч, үүнийг нь гомдол гаргасан иргэн хүлээн зөвшөөрч байвал алдаагаа залруулсан гэдгийг нь олон нийтэд мэдээлдэг. Ёс зүйн хороо гаргасан дүгнэлтэндээ үндэслэн ёс зүйн зөрчлөөс нь хамааруулан тухайн редакцид алдаа гаргасан талаар сануулах арга хэмжээ авдаг. Харин ёс зүйн зөрчил нилээд ноцтой, хамрах хүрээ, хор хохирлын хэмжээ ихтэй, дахин давтагдсан шинжтэй байвал тухайн хэвлэл мэдээлийн байгууллагыг зөрчил гарсан байна гэж олон нийтэд зарладаг.  

Иргэд төдийгүй сэтгүүлчид өөрсдөө ч энэ байгууллагыг нилээд хатуу чанга арга хэмжээ авах ёстой гэж үзээд байх шиг байна. Хэрвээ ямар нэгэн арга хэмжээ авахгүй дүгнэлт л гаргаад явахаар салбарт үзүүлэх нөлөөлөл нь сул болох юм биш үү?

Энэ нь хэвлэл мэдэээллийнхэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, ёс зүйн зарчмаа хүлээн зөвшөөрөөд түүнийгээ зөрчсөн эсэхээ мэргэжил нэгтнүүдээрээ үнэлүүлж байгаа явдал бөгөөд Зөвлөл нь салбарын өөрийн зохицуулалтын байгууллага болохоос шүүн таслах, эрх хасах зэргээр ямар нэгэн захиргааны хариуцлага тооцдог байгууллага биш.

Хэрэв ёс зүйн алдаа гаргасан байна гэвэл тухайн редакци уучлалт гуйх, залруулга гаргах ёстойгоо ойлгоно. Хэрэв уучлал гуйхгүй байвал алдаа гаргасныг нь нийтэд зарлачихаар алдаагаа ухаараад засчихаж чаддаггүй, хариуцлагагүй хэвлэл гэж харагдана. Ингэснээрээ тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх иргэдийн итгэл алдагдаж, уншигч, үзэгчээ алдана. Тэгээд ч мэргэжлийн алдаа гаргасан байна гэж мэргэжлийнхэн дундаа төдийгүй олон нийтэд  нэрлүүлээд байх нь тийм ч таатай байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр алдаа гаргахгүйг хичээх болно. Нөгөө талаасаа сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ, мэдээллийг шүүн тунгааж, мэргэжлийн түвшинд ярилцаад ирэхээр сэтгүүлч алдаа гаргаагүй байвал гаргаагүйг нь баталж, сэтгүүлч хамгаалагдах болно. 

Бас Зөвлөл ямар нэгэн сэтгүүлчийн нэрээр гомдлыг хүлээж авдаггүй, харин тухайн сэтгүүлчийн ажиллаж буй байгууллагынх нь нэрээр авдаг. Олон нийтэд зарлахдаа ч байгууллагын нэрээр л зарладаг. Сэтгүүлчээ алдаа гаргуулахгүйн тулд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын редакци ажиллах ёстой, сэтгүүлчийнхээ бичсэн зүйлийг хянадаг байх ёстой, сэтгүүлчээ мэргэшүүлдэг байх ёстой гэдэг утгаараа редакцитай хариуцлага ярьж байна гэсэн үг.

Ийм байдлаар өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакцийн хариуцлага, сэтгүүлчдийн ур чадварыг сайжруулах, мэргэжлийн үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх нөлөөллийг үзүүлж байдаг нь өөрийн зохицуулалтын мөн чанар юм.

Иргэдийн хувьд ямар ач холбогдол байх уу?

Хэвлэл мэдээлэлээр түгээх мэдээ мэдээллийн чанар сайжирна гэдэг чинь иргэдийн үнэн зөв мэдээлэл олж авах, мэдэх эрх хангагдана гэсэн үг. Өнөөдөр хэвлэлээр гарсан мэдээ, мэдээллийг үнэн, худлаа, гүтгэлээ, нэр төрд халдлаа гээд л ярьцгаадаг.  Ам дамжсан ийм яриа, шүүмжлэл байнга гардаг ч иргэд тэр бүрий шүүхэд хандаад байдаггүй. Энэ нь иргэд гомдлоо илэрхийлээд шийдүүлээд явах газар байхгүй байсантай холбоотой. Шүүхэд гомдол гаргаж байгаа иргэнд ч, шүүхэд дуудагдсан сэтгүүлчид ч цаг хугацаа, хөрөнгө мөнгө, сэтгэл санаа, нэр төрийн ямар их хохирол учирдаг билээ. Зөвлөл шүүхээс хамаагүй хурдан хугацаанд асуудлыг, ямар нэгэн төлбөргүйгээр шийдвэрлэж өгнө. Тэгэхээр уншигч, үзэгчид Зөвлөлд хандаад хамаагүй хохирол багатайгаар нэр төрөө сэргээлгэх, ойлголцох  боломжтой болж байна гэсэн үг.

 

Зөвлөлд ямар төрлийн гомдлууд ирдэг вэ. Ёс зүйн ямар алдаа гардаг вэ?

Бараг л бүх гомдол баримт нотолгоогүй мэдээлэл түгээсэн, нэр төр гутаасан гэсэн гомдлууд ирж байгаа.  Өнөөдрийн байдлаар 60 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагад хаягласан 25 гомдол хүлээн авч шийдвэрлээд байна. Эдгээрээс хоёр тохиолдолд л тухайн хэвлэл мэдэээллийн байгууллага ёс зүйн зөрчил гаргаагүй гэсэн дүгнэлт гарсан. Хэлэлцэхээс татгалзсан нэг, гомдол гаргагч буцаан татсан 3, үлдсэн нь ёс зүйн зөрчилтэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Зөрчлийн хувьд баримтгүй, олны ам дамжсан таамаг яриа, цуу үгийг нягтлахгүйгээр бичих, эх сурвалжаар баталгаажуулахгүй байх, нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвэргэх, гарчиг, гэрэл зураг, гэрэл зургийн эвлүүлэг бодит үнэнийг өгүүлэх гэхээс илүүтэй дуулиан шуугиан тарих, сонирхол татах зорилгыг агуулсан гэх алдаанууд байна. Дийлэнх нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын нэгдүгээр зүйл буюу “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэснийг зөрчиж байна.

Түүнчлэн “Мэдээллийг мушгин гуйвуулах, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авилга авахаас татгалзана” гэсэн зарчмыг зөрчсөн тохиолдол ч гарсан.  Энэ бол үнэхээр ноцтой алдаа гэж үзэж болно.  

Зах зээлд маш олон хэвлэл мэдээлэл оршин хүчтэй өрсөлдөөнд орсон энэ цаг үед сэтгүүлчдээс хурд шаардаж, бие биенээсээ өрсөж мэдээллийг түгээх, олны анхаарлыг татах гэсэндээ болоод мэдээллийг нягтлан баталгаажуулахгүй яаран сандран нийтлэхэд хүргэж, энэ нь тэднийг ийм алдаанд хүргэж байна.

Тэгвэл нийгмийн сүлжээнд тавигдсан мэдээлэлтэй холбоотой гомдлыг Зөвлөл хүлээж авахгүй гэсэн үг үү?

Мэдээллийн технологи, интернетийн хурдтай хөгжлөөс хамаарч иргэд өөрсдөө мэдээллийг үүсгэж түгээх, өөр хоорондоо хурдан шуурхай солилцох боломжтой талбар бол мэдээж фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээ. Тэгэхээр тэнд иргэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, заримдаа уур бухимдлаа тайлах, тэр бүү хэл гүтгэх, доромжлох байдал газар авлаа гэдэг яриа их гарч байна. Энэ нь ч УИХ-ын гишүүдийг хуулийн өндөр хариуцлага ярихад хүргэж байгаа байх. Харин хэвлэл мэдээлийн талбар, эфир бол өөр юм, тэнд сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явагдах ёстой.

Тиймээс хэвлэл мэдээлэл нийгмийн сүлжээнээс ялгарч, эх сурвалжтай, баримтат мэдээ, мэдээлэл, мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлийг олон нийтэд хүргэх шаардлага урган гарч байна. Нийгмийн сүлжээнд буй мэдээлэл дундаас сэтгүүлч хүний хэлж, бичиж байгааг энэ хүн л сэтгүүлч болохоор шалгаж, нягталсан байх ёстой доо, тиймээс бодитой байх ёстойдоо гэж олон нийт найдаж харж байгааг манйа хэвлэл мэдэээллийнхэн бодох ёстой болж байна.

Уншигч, үзэгчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд нийгмийн сүлжээнд сэтгүүлч хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ ч өөрийнх нь үг бүрийг “сэтгүүлчийн үг” гэж хүмүүс хүлээж авна гэдгийг, тэнд мэргэжлийн чинь нэр хүнд, итгэл үнэмшил хүлээгдэж байгааг  ойлгох ёстой болж байна гэдгийг олон улсын түвшинд сэтгүүл зүйн мэргэжилтнүүд ярьж анхааруулж байна.

Тиймээс л сэтгүүлч бүр, хэвлэл мэдээллийн байгууллага бүр ажлаа мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, ингэхийн тулд сэтгүүл зүйн ёс зүйг чанд мөрдөх асуудал улам бүр чухал болж байна.  

Зөвлөлд гомдлоо яаж гаргах вэ?

Зөвлөлийн www.mediacouncil.mn гэсэн веб сайтад хандаж, гомдол хэрхэн гаргах талаар заавартай танилцаарай. Веб сайтаас гомдол гаргах өргөдлийн маягтыг татаж авч бөглөөд гомдол гаргаж буй хэвлэлийн нийтлэлийг хуулбарлаад Зөвлөлийн ажлын албанд биеэр авчирч өгч болно. Түүнчлэн Төв шуудан, шуудангийн хайрцаг 1761 гэсэн хаягаар шуудангаар явуулж болно. Гомдол гаргахдаа овог нэр, буцаж холбоо барих хаяг, утас зэргийг тодорхой бичихээс гадна Хэвлэл мэдээлийн ёс зүйн аль зарчмыг зөрчсөн гэж үзэж буйгаа заалтаар нь бичдэг. Хэвлэл мэдээлийн ёс зүйн зарчмыг мөн веб сайтанд байрлуулсан байгаа. Манай вебсайтаас зөвлөлийн бусад үйл ажиллагааны талаарч дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.  

Зөвлөлийн цаашдын бодлого, зорилтуудаас танилцуулаач.

Зөвлөлд иргэд гомдол гаргаж байж л үйл ажиллагаа нь үргэлжилнэ. Тэгэхээр иргэдэд зөвлөлийн талаар илүү их мэдээлэл, ойлголт өгөх асуудал маш чухал болж байгаа. Түүнчлэн хэвлэл мэдээллийнхэндээ өөрийн зохицуулалтын мөн чанар, ёс зүйн зарчмыг таниулах, мэдүүлэх ажлуудыг хийж байна. Хэвлэл мэдээлийн ёс зүйн зарчмыг зурагт хуудас хэлбэрээр хэвлэж, редакциудад өгөх, сэтгүүлчдийн өдөр тутмын ажилд нь туслалцаа үзүүлэх зорилгоор Ёс зүйн зарчмын гарын авлага боловсруулж тараах ажлуудыг хийж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 60 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 300 гаруй сэтгүүлч, иргэдэд зориулсан нийт 14 арга хэмжээ зохион байгуулж, аймаг орон нутагт ч хүрч ажиллалаа. Арваадхан хоногийн өмнө Дорнод аймагт болсон 20 аймгийн хэвлэл мэдээллийн удирдах ажилтнууд, сэтгүүлчдийн зөвлөлгөөнд оролцож, тэдэнтэйгээ санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.  Үүний зэрэгцээ Дорнод аймгийн сумын засаг захиргааны ажилтнууд, иргэд бидний урилгыг хүлээн авч, уулзалтанд идэвхитэй оролцож, хэвлэл мэдэээлийн салбарын ёс зүйн өнөөгийн байдал, түүнийг сайжруулах талаар санал бодлоо ярьж, Зөвлөлийн зорилго, чиглэл, бодлогыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлж байсанд энэ дашрамд талархсанаа дахин хэлмээр байна. Иргэдийн энэ санаа бодол, хүлээлт хэвлэлийн өөрийн зохицуулалтыг төлөвшүүлэх хүсэл эрмэлзэл, зорилго зорилтыг тодорхойлдог болно.

Тиймээс бидний цаашдын зорилт ч Зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой хангах, ил тод байлгах, Зөвлөлийн зорилго чиг үүрэг, бодлогыг олон нийтэд таниулах, хэвлэл мэдээллийн ёс зүйн талаар сэтгүүлчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг нийгмийн соёл болгон хэвшүүлэхтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах нөхцөл бололцоо бүрэн хангагдана гэж үзэж, хэвлэл мэдээллийн талаархи хууль тогтоомжийг Монгол Улсын нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх, эрх зүйн орчинг шинэчлэн сайжруулах чиглэлээр салбарынхантайгаа болон  иргэний нийгмийнхэнтэй дуу хоолойгоо нэгтгэх зорилгыг бас агуулж байна.

Хэвлэлийн зөвлөл хаанаас санхүүждэг вэ?

Өнөөдөр дэлхийн 123 улсад манайх шиг ийм Хэвлэлийн зөвлөл ажилладаг. Хэвлэлийн зөвлөлөө байгуулсан улс орнуудад янз бүрийн туршлага байна. Тодорхой хэмжээний санхүүжилтийг төрөөс авдаг. Хэвлэлийн зөвлөл нь шүүхийн зардлыг бууруулдаг байна. Хэвлэлийн эрх чөлөөг хангаж буйгийн нэг үзүүлэлт нь өөрийн зохицуулалтыг хэрэгжүүлдэг эсэх байдгаас улс орнууд хэвлэлийн эрх чөлөөг дэмждэг ардчилсан улс гэдгээ харуулахын тулд Хэвлэлийн зөвлөлдөө төрөөс санхүүгийн дэмжлэг олгодог байна. Ихэнхидээ хэвлэл мэдээллийн байгууллагуудаас эсвэл ямар нэгэн сангаас санхүүжилт босгодог туршлага бий.

Одоогоор Зөвлөлийн санхүүжилт хэвлэл мэдээллийн байгууллагуудын хандив, туслалцаанд тулгуурлаж байгаа.  Хэвлэлийн эрх чөлөөг, хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагууд бидэнд дэмжлэг үзүүлж байгаа.

Цаашид Зөвлөлийн тогтвортой ажиллагааг хангахад олон талт санхүүжилтийг бий болгох асуудал чухал гэж үзэж байгаа. Хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүй эрүүл байхыг, ёс зүйтэй, хариуцлагатай байхыг дэмждэг бизнесийн байгууллагуудын нийгмийн хариуцлагын хэлбэрийн дэмжлэг ч байж болох талтай. Мөн иргэдийн хандив дэмжлэг ч хэрэгтэй байгаа. Тиймээс Зөвлөлийн ойрын гол зорилго бол олон талт санхүүжилтийг бүрдүүлэх гэж харж байгаа.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД