Хорооны шийдвэр

Ёс зүйн хороо редакцуудад мэдээллийн тэнцвэрт байдлаа хангаж сэтгэл хөдлөлдөө автахгүй байхыг санууллаа
Ёс зүйн хороо редакцуудад мэдээллийн тэнцвэрт байдлаа хангаж сэтгэл хөдлөлдөө автахгүй байхыг санууллаа

Ёс зүйн хороо редакцуудад мэдээллийн тэнцвэрт байдлаа хангаж сэтгэл хөдлөлдөө автахгүй байхыг санууллаа

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2024 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 21-ний өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн таван редакцад холбогдох гомдлыг хэлэлцлээ. 

 

НЭГ. Бодит байдалд нийцэхгүй, худал мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлсэн гэх гомдлыг хэлэлцээ

 

Энэ оны 4-р сард нэгэн томоохон бизнес эрхлэгчийн ажлын байранд нэгжлэг хийж, баривчилсан гэх агуулга бүхий мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төдийгүй сошиал орчинд ихээр түгээгдсэн. Тухайн иргэний гэр бүлийн зүгээс редакцууд саатуулагдсан үндэслэлийг нь ташаа мэдээлж, нэр хүндэд нь халдсан гэх гомдлыг нэр бүхий 15 редакцад холбогдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүлсэн юм. 

Тус зөвлөлийн Ажлын алба нягталж үзээд холбогдох материал бүрэн, хэлэлцэх боломжтой дөрвөн редакцад хамаарах гомдлыг Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцүүлэв. Хороо гомдлыг хэлэлцээд хоёр редакцыг ёс зүйн алдаа гаргаагүй, хоёр редакцыг гомдол гаргагчийн дурдсан таван ёс зүйн зарчмаас нэгийг нь зөрчсөн хэмээн шийдвэрлэлээ. Тодруулбал,

  1. News.mn сайтын бэлтгэн түгээсэн хоёр мэдээг нягтлан хэлэлцээд тухайн иргэний ажлын байранд нэгжлэг хийж, баривчлан явж буй үйл явдал нь бодит болсон үйл явдал бөгөөд эрх бүхий байгууллага болох Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэдийг баривчилсан, ямар асуудалд холбогдуулан шалгаж буй талаар мэдээлэл хийсэн, редакцын бүтээлүүдэд тухайн иргэнийг буруутгасан агуулга байгаагүй, зөвхөн болсон үйл явдлыг мэдээлсэн зэргийг үндэслэн редакц “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1, 1.1, 1.2, 1.8, 4.2 дахь заалтуудыг зөрчөөгүй, ёс зүйн алдаа гаргаагүй хэмээн үзсэн.

  2. Tsahiur.mn сайтын бэлтгэн түгээсэн мэдээг нягталж үзээд тухайн иргэнийг баривчилсан нь бодит болсон үйл явдал бөгөөд болж буй процессыг шууд дамжуулсан видео мэдээлэл цахим орчинд түгсэн, албаны эх сурвалжтайгаар бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээлэгдсэн, Эрүүгийн цагдаагийн албанаас холбогдох мэдээлэл өгсөн, буруутгасан агуулга байгаагүй, зөвхөн болсон үйл явдал болоод албаны байгууллагаас хийсэн мэдээлэлд тулгуурлан мэдээлсэн тул “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1, 1.2, 1.8, 4.2 дахь заалтуудыг зөрчөөгүй гэж үзсэн. Харин “...экспортын хоригоо цуцлуулах гэж бусдад хахууль өгсөн гэдэг шалтгаанаар баривчилсан аж…” гэх агуулгаа ямар нэгэн эх сурвалж, эсвэл баримтаар баталгаажуулаагүй тул 1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзлээ.

  3. Ergelt.mn сайтын бэлтгэн түгээсэн нийтлэлийг нягтлан хэлэлцээд редакц тухайн үеийн болсон үйл явдал, Эрүүгийн цагдаагийн албанаас хийсэн мэдээлэлд тулгуурлан, өмнө нь болж байсан үйл явдлуудыг нэгтгэн дүгнэж, таамаг хэмээн гарчиглан, “таамаг”, “байж болзошгүй” гэх зэргээр тухайн иргэнийг илтэд буруутгаагүй, гэм буруутай нь нотлогдсон мэтээр мэдээлээгүй, таамаг дэвшүүлж буйгаа бүтээлдээ удаа дараа дурдсан тул “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1, 1.1, 1.2, 4.2 дахь заалтуудыг зөрчөөгүй гэж үзсэн. Харин нийтлэлийн хувьд цаг үеийн мэдээнээс ялгаатай нь цаг хугацааны хувьд буруутгагдаж буй этгээд эсвэл түүний албан ёсны бие төлөөлөгч, өмгөөлөгч, эсвэл холбогдох байгууллагын төлөөлөл зэргээс тодруулах боломжтой байдаг. Иймд редакцыг хэд хэдэн таамаг дэвшүүлэн буруутгаж буй талаасаа тайлбар авах нь зүйтэй байсан тул 1.8 дахь заалтыг зөрчсөн хэмээн дүгнэсэн.

  4. Unuudur.mn сайтын хувьд бусад редакцаас ялгаатай нь гомдолтой холбогдуулан тухайн бүтээлийг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, иргэдэд бодитой, тэнцвэртэй мэдээлэл хүргэхийг ямагт эрмэлзэн ажилладаг гээд гомдол гаргагчийн дурдсан ёс зүйн код бүрт харгалзах тайлбарыг ирүүлсэн юм. Мөн гомдол гаргагч редакцыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1, 1.1, 1.2, 1.3, 1.8, 4.2 гэсэн зургаан зарчмыг зөрчсөн гэж үзсэн. Харин хороо уг гомдлыг нягтлан хэлэлцээд Эрүүгийн цагдаагийн албанаас тухайн иргэнийг шалгаж эхэлсэн талаар мэдээлэл хийсэн, редакц тухайн мэдээллийг болоод үүнтэй холбоотойгоор нийгэмд гарч буй үзэл бодлуудыг дамжуулсан, нэгжлэг хийж, баривчлан явж буй үйл явдал нь бодит болсон үйл явдал бөгөөд редакц Эрүүгийн цагдаагийн албанаас өгсөн мэдээлэл гэдгийг дурдсан, тухайн бүтээлийн гарчиг болон зургууд, гомдол гаргагчийн гомдолдоо дурдсан хэсгүүд зэрэг нь бүтээлийн агуулгыг мушгин гуйвуулсан, мэдээллийг нөхцөл байдлаас салгасан, хэт хялбарчилсан хэлбэр агуулаагүй,  болж буй үйл явдал шууд дамжуулалтуудаар харагдаж байсан, эрх бүхий байгууллага болох Эрүүгийн цагдаагийн алба нь мэдээлэл өгч байхад заавал тайлбар авах шаардлагагүй байсан, тухайн иргэнийг буруутгасан агуулга байгаагүй, зөвхөн Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэллээ гэсэн агуулгаар мэдээлсэн тул ёс зүйн алдаа гаргаагүй гэж үзсэн.

 

ХОЁР. Сэтгэл хөдлөлдөө автахгүй байх, талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэх нь зүйтэйг санууллаа

 

Alim.mn сайт албан ёсны фэйсбүүк хуудсаараа Өмнөговь аймагт 2022 онд болсон авто ослын үеэр хүүхдүүдээ алдаж, өөрөө амьд үлдсэн, асуудал бүрэн шийдэгдээгүй, давж заалдах шатны шүүх хурал болж байгаа талаар ярьсан нэгэн эмэгтэйн яриаг 2024 оны гурав, дөрөвдүгээр саруудад удаа дараа шууд дамжуулан олон нийтэд хүргэсэн байна. Тухайн осолд буруутгагдаж буй иргэний ар гэрийн зүгээс редакцыг хэт нэг талыг барьсан мэдээлэл түгээсэн, мөн гэрч, шинжээчдийн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтүүд, хэргийн материалтай гүйцэд танилцалгүй ташаа мэдээлэл түгээсэн, хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад шүүх хуралд нөлөөлсөн, шүүх хурлын үеэр шууд дамжуулалт хийж, шүүгч нараас яриа авах оролдлого хийсэн, хохирогчдын гэр бүл болох Эрдэнэтогтохтой хамт давж заалдах шатны шүүх хуралд оролцоно хэмээн дайрч давшилсан, буруутгагдаж буй этгээдийн гэр бүлийг алуурчин гэж дуудаж давхар ялласан, бүх насаар нь хорих ял өгүүлнэ гэж дарамталсан хэмээн Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүлсэн юм.

Ёс зүйн хороо уг гомдлыг хэлэлцээд гомдол гаргах үндэслэл болсон видео бичлэг бүрэн тоглогдохгүй, нийт бичлэгийн ⅔ нь гацсан байгаа тул бүрэн бус бичлэгийг хэлэлцэх, дүгнэлт гаргах боломжгүй, гомдол гаргагч гомдолд холбогдох видео бичлэгийг бүрэн тоглогдох хэлбэрээр Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлбэл гомдлыг ахин хэлэлцэх боломжтой хэмээн шийдвэрлэлээ.

Мөн уг гомдолтой холбогдуулан сэтгүүлчид нийгмийн аливаа асуудлыг мэдээлж, сурвалжлахдаа сэтгэл хөдлөлдөө автахгүйгээр, талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэх нь зүйтэйг санууллаа.



Мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

1 - “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно”,

1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”,

1.2 - “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”, 

1.3 - “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, эшлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана”,

1.8 - “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно”,

4.2 - “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй”.



 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД