Хорооны шийдвэр

Гар утасны компани редакцыг авлигад буруутгав
Гар утасны компани редакцыг авлигад буруутгав

Гар утасны компани редакцыг авлигад буруутгав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2024 оны нэгдүгээр улирлын хурал дөрөвдүгээр сарын 5-ны өдөр болж, хоёр гомдол хэлэлцлээ. 

 

НЭГ. Редакц гар утасны компанийг “шантаажилсан” гэх гомдолд ХМЗ ёс зүйн шийдвэр гаргах боломжгүй гэж үзлээ

 

Neguun.mn сайт албан ёсны фэйсбүүк хуудсуудаар 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдөр “Sain electronics” үйлдвэрийн алдаатай утас иргэнд худалдаалжээ”, 14-ний өдөр “Sain electronics” иргэдэд эвдэрхий утсаа шахдаг байж болзошгүй талаар гомдол дахин ирлээ” гэсэн гарчигтай шууд дамжуулалтуудыг түгээсэн байна. 

 

Эхний шууд дамжуулалтаар “Сайн интернэшнл” ХХК-иас гар утас худалдан авсан нэгэн иргэний гомдлын дагуу сурвалжилж, баталгаат засварын төв дээр очин  “Сайн электроникс”-оос худалдан авсан гар утас нь таван сарын дараа эвдэрсэн тул буцаах хүсэлтэй байгаа, компани хохирлыг нь барагдуулж өгөхгүй байна гэх зэргээр мэдээлэл хийжээ. 

 

Үүнээс долоо хоногийн дараа редакц “Sain electronics” иргэдэд эвдэрхий утсаа шахдаг байж болзошгүй талаар гомдол дахин ирлээ” гэх шууд дамжуулалт түгээсэн байна. Энэ нь өөр нэгэн иргэн тус компаниас худалдан авсан утас нь мөн л үйлдвэрийн гэмтлийн улмаас эвдэрч, хохирлоо барагдуулж чадаагүй байгаа талаар утсаар ярьж буй бичлэг байв.

 

“Сайн интернэшнл” ХХК эдгээр шууд дамжуулалттай холбогдуулан редакцыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.8 болон 5 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн буруутгасан. Ингэхдээ иргэний гомдлын дагуу асуудлыг шийдвэрлэх шатандаа явж байхад хэт нэг талыг барьсан мэдээлэл түгээсэн, тайлбар мэдээлэл өгөх боломжтой ажилтнаас тайлбар аваагүй, дистрибьютер байгууллагуудаас үл хамаарах асуудлаар компанийн нэр хүндэд халдахгүй байхыг хүсэж, брэндийн албан ёсны баталгаат засварын талаар тайлбар өгөх хүсэлт тавьсан боловч хүлээж авалгүй мэдээллээ шууд нийтэлсэн, утас нь эвдэрсэн хэрэглэгчийн гомдлыг хүлээж аваад, баталгаат засварын үйлчилгээ хэрхэн явагддаг тухай тайлбарлаад, асуудлыг нь шийдвэрлэж өгнө гэсэн хариу өгчихсөн байхад “Хэрэглэгчийн асуудлыг шийдэж өгөхгүй, хохироож байна. “Сайн электроникс” зассан утсаа зардаг ч байж болзошгүй” гэх мэтээр илт ташаа мэдээлэл түгээн, байгууллагын нэр хүндэд халдсан гэж үзсэн. Улмаар иргэний гомдлыг бүрэн барагдуулсан учраас мэдээллээ устгаж өгөхийг хүсэхэд хандалт сайтай мэдээлэл тул устгахгүй, хамтран ажиллах гэрээ хийвэл мэдээллээ устгах боломжтой гэх зэргээр 10 сая төгрөг нэхэмжилж тохиролцох гэж оролдсон, мөнгө болон гар утас нэхэмжилсэн гэжээ. Мөн баталгаат хугацаан дотор харилцагчийн авсан бүтээгдэхүүнд эвдрэл гэмтэл гарвал тухайн брэндийн Монгол дахь засварын төвийн дүрмийг мөрддөг, уг дүрмийн дагуу харилцагчийн гар утсыг Samsung брэндийн засварын төвөөр оношлуулахад баталгаат засварын хугацаанд ‘‘сэлбэг солих боломжтой’’ гэж дүгнэсэн гэдгийг дурдаад Samsung брэндийн албан ёсны засварын төвийн Техникийн тодорхойлолтыг хавсарган ирүүлсэн. 

 

Редакц хариу тайлбараа 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн юм. Үүнд, тухайн мэдээллийг редакцын шуурхай мэдээлэл хүлээн авдаг утсанд ирсэн иргэний гомдлын дагуу бэлтгэсэн бөгөөд энэ үеэр “Сайн интернэшнл” ХХК-иас хариу тайлбар авахаар хандсан ч хариу тайлбар өгөх боломжгүй гэж байгааг шууд дамжуулалтаас ил тод харж болохоор тул редакц тухайн байгууллагыг гүтгээгүй гэв. Мөн редакцыг мөнгө нэхэмжилж тохиролцох гэж оролдсон хэмээн редакц болон захирлын нэр хүндэд халдаж гүтгэснийг дурдаж, тухайн асуудлаар талуудын хооронд ямар үйл явдал болсныг дэлгэрүүлээд энэ асуудлаар шүүх, цагдаагийн байгууллагад хандсан тухайгаа хариу тайлбартаа бичжээ. 

 

Хороо дээрх гомдлыг нягтлан хэлэлцээд: 

 

  • Редакц тухайн аж ахуйн нэгжийн хариуцлагатай албан тушаалтнаас тодруулга, тайлбар авах үүргээ биелүүлээгүй гэж үзлээ. Учир нь редакц шууд дамжуулалтын үеэр Samsung брэндийн засварын төвийн ажилтнаас тайлбар авсан. Хэдийгээр засварын төвийн ажилтан нэг талын эх сурвалж байж болох хэдий ч тухайн буруутгагдаж буй байгууллага болох “Сайн интернэшнл” ХХК-ийн байр суурийг төлөөлөх эх сурвалж биш гэж үзсэн тул 1.8-д заасан “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг зөрчсөн гэж дүгнэлээ. 

 

  • Гомдол гаргагч редакцыг мөнгө нэхэмжилсэн, тохиролцохыг оролдсон хэмээн гомдолдоо дурдсан. Харин редакц тийм үйлдэл хийгээгүй бөгөөд гомдол гаргаж буй байгууллагын зүгээс мөнгө, хамтран ажиллах гэрээ байгуулахыг редакцад санал болгосон гэх тайлбар өгсөн. Ингэхдээ аль ч тал баттай нотлох баримт ирүүлээгүй. Иймд аль нэг талын байр суурийг батлах боломж Хороонд байхгүй тул “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 5-д заасан “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана” гэснийг зөрчсөн эсэх талаар ёс зүйн дүгнэлт гаргах боломжгүй гэж үзлээ. 


 

ХОЁР. Zarig.mn сайтад холбогдох гомдлыг хэлэлцэхийг дахин хойшлууллаа

 

Zarig.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2023 оны аравдугаар сарын 6-ны өдөр шууд дамжуулсан “Хууль хүчтэйн өмнө ганхаж, ядарсанд нь илдээ далайдаг байж болохгүй”, “ШУУД: Найман ишигний хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, зорчих эрхийг нь хязгаарлалаа”, “Нутгийн иргэн: Найман ишигний хохиролтой гээд байгаа бол энэ ишигнүүдийг ав” гэх гарчигтай мэдээллүүдэд хаягласан гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн. Хороо гомдлыг 2023 оны 4-р улирлын хурлаар хэлэлцээд Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн байгууллагад давхар хандсан, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хуулийн байгууллага шалгаж буй тул ХМЗ-ийн Гомдол хүлээн авах, барагдуулах журмын 3.4-т заасны дагуу уг гомдлыг хэлэлцэхийг түр хойшлуулсан билээ. 

Үүнээс хойш гомдол гаргагчийн ирүүлсэн мэдээллээр дээрх нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хэвээр байгаа тул Хороо дараагийн хурал хүртэл хойшлуулав. 


 

Мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

 

1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”

1.3 - “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана”

1.5 - “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас татгалзана”

1.6 - Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана.

1.8 - Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно.

5 - Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн  мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД