Мэдээ, мэдээлэл

Менторшип хөтөлбөр энэ жилд
Менторшип хөтөлбөр энэ жилд

Менторшип хөтөлбөр энэ жилд

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах, менторшип хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жилийн сургалтад МОНЦАМЭ, Эгүүр.мн, Зөв.мн, Ийгл, ТВ9 телевиз тус тус хамрагдаж менторшип хөтөлбөрийг энэ оны 5-7 дугаар сард  ТВ-9, Зөв.мн редакцуудад хэрэгжүүллээ. Ийгл тв, Эгүүр.мн сайтын хувьд менторшип хөтөлбөр  үргэлжилж байна.  

 

“Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах хөтөлбөр нь олон нийтэд мэдээлэл түгээх үүргээ мэргэжлийн ёс зүйн өндөр түвшинд гүйцэтгэж, уншигч, үзэгч, сонсогчдынхоо мэдэх эрхийг тэнцвэртэй ханган, хэвлэл мэдээллийн салбарт ялгарч, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд редакцуудад дэмжлэг үзүүлэх зорилготой байдаг. 

 

Энэ жилийн сургалтад хамрагдсан редакцууд, хөтөлбөрийн явцын талаар тус хөтөлбөрийн удирдагч А.Ариунтуяа “Редакцууд сургалт, хөтөлбөрөөс авсан мэдлэг мэдээллээ бататгаж, өөрсдийн онцлог, ажиллах арга барилд таарсан шинэ санал, санаачилга гарган, хөтөлбөрийн шинэчлэл хийж, нийтлэл нэвтрүүлэгтээ ч жендэрийн мэдрэмжтэй хандах  тал дээр ахицтай байгаад баяртай байна” гэсэн юм.

 

 

“Мэдрэмжтэй мэдээлье” менторшип хөтөлбөрийн сургалтад редакцын бодлого, хөтөлбөрийг сайжруулах мэргэжлийн туслалцаа үзүүлэх, редакцад нийгмийн тэгш оролцоог ханган, жендэрийн мэдрэмжтэй өнцгөөс мэдээлэх, сурвалжлах, хэвлэл мэдээллийн бүтээлийн агуулга дахь жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах мэдлэг, ур чадвартай болгох, сэтгүүл зүйн бүтээлийн чанарыг дээшлүүлж, эх сурвалжаа төрөлжүүлэх урт хугацааны үр дүнтэй, ашиглахад хялбар аргачлалыг редакцуудад нэвтрүүлэх, уншигч, үзэгч, сонсогчдоо бүрэн гүйцэд төлөөлөхүйц чанартай бүтээлийн төрөл, хэлбэрийг төлөвшүүлж, иргэдийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглүүлэх агуулгууд байдаг. 

 

 

 

Тус хөтөлбөрт хамрагдсанаар ТВ9 телевизийн Мэдээллийн албанд гарсан өөрчлөлтүүдийн талаар тус телевизийн Мэдээллийн албаны дарга Б.Ариунтуяа “Бид эх сурвалжийн жендерийн байдлыг тэнцвэртэй хангаж, эх сурвалжийн түвшнийг бүрэн дүүрэн харуулж эхлээд байна. Шийдвэр гаргах түвшинд хүйсээс үл хамааран эрэгтэй, эмэгтэй хүмүүс оролцох боломжтойг харуулж, хэвлэл мэдээллээр гарах эмэгтэйчүүдийн дүрийг бүтээхэд голлон анхаарч байна. Мөн энэ хөтөлбөрийн хүрээнд "Хэвшмэл ойлголтыг өөрчлөх" агуулга бүхий мэдээ сурвалжилга бэлтгэж, хэлэлцүүлэг, ярилцлагадаа голлон оруулж байна” гэлээ. 


 

Харин менторшип хөтөлбөрт хамрагдаж буй Эгүүр.мн сайтын редактор М.Тэнгис сургалтын талаарх сэтгэгдэлдээ “Сургалтаас жендерийн мэдрэмжтэй мэдээлэх, олон нийтийн сэтгэлгээг энэ агуулгад дасал болгоход хэвлэл мэдээллийн нөлөөлөл чухал үүрэгтэй талаар дэлхийн бусад томоохон хэвлэлүүд одоогоос даруй 10-20 жилийн өмнө тусгай санаачилга эхлүүлж, эхнээсээ үр дүнд хүрсэн сайн туршлага, мэдээллийг авлаа. Эх сурвалжуудынхаа хүйсийн харьцааг тоолох, дотоод судалгаа хийх, дата үүсгэх зэрэг нь ямар чухал болохыг анзаарч мэдэв. Манай редакцын хувьд менторшип хөтөлбөрийн мэдээлэл судалгаа хийж, түүндээ үндэслэсэн редакцын бодлогын зарим шинэчлэлийг хийх талаар төлөвлөж байна. Мэдлэгээ ажил болгон хэрэгжүүлэхэд дутмаг байсан суурь мэдлэг, ойлголтуудаа сургалтаар авч чадлаа” гэж хэлсэн юм.

 

Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлч, редакторуудын “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг КОЙКА олон улсын байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр байгуулсан билээ. 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД