Мэдээ, мэдээлэл

Graph.mn редакцад уулзалт хийлээ
Graph.mn  редакцад уулзалт хийлээ

Graph.mn редакцад уулзалт хийлээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2023 оны тавдугаар сарын 23-ны өдөр Graph.mn сайтын редакцад уулзалт хийлээ. Энэ үеэр гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдлыг танилцуулж, редакцуудын түгээмэл гаргадаг ёс зүйн алдаанаас хэрхэн зайлсхийх тухай зөвлөмж өгөв.

 

Graph.mn сайтын ерөнхий редактор А.Уянга  “Монголд хэдэн зуун хэвлэл мэдээллийн компани байгаа ч иргэд хэрэгтэй мэдээллээ авч чадахгүй байх, стрессээс зайлсхийхийн тулд мэдээ үзэхээс хүртэл татгалзах хандлага бий болсон. Тиймээс манай редакц хэрэггүй оршлыг нь шавхаад, маш бага хугацаанд чухал мэдээллийг насны бүлэгт нь тохирсон загвар, хийцээр,  тохирсон платформоор хүргэхийг зорин ажиллаж байна. Хэвлэлийн зөвлөлийн редакцын уулзалт бидэнд хэрхэн ёс зүйтэй ажиллаж дээрх зорилгодоо хүрэхийг дахин санууллаа гэж харж байна” гэв. 

 

Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг “Олон улсын чиг хандлага: Гээгдсэн дуу хоолойг гаргаж, итгэлийг олж авах нь” сэдвээр илтгэл танилцуулсан юм. Тэрбээр дэлхий даяар олон нийтийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэл буурч байгааг, мөн залуу үеийнхэн мэдээнээс зайлсхийж буй шалтгааны талаарх судалгаануудын үр дүнг хуваалцав. “Дэлхий даяар залуучууд мэдээнээс зайлсхийдэг болж байна. Тиймээс тэдний хэрэгцээ, шаардлага хүлээлтэд нийцсэн хэлбэрээр мэдээлэл дамжуулж байгаа шинэлэг редакцаар зочилсондоо баяртай байна” хэмээн Д.Мөнхчимэг хэллээ. 

 

Graph.mn нь 2022 оноос  үйл ажиллагаа явуулж буй залуу редакц билээ. Тэд орчин цагт үзэгч, сонсогч, уншигчдад мэдээллийг хүргэхдээ  сошиал платформыг түлхүү ашиглаж байна. Ингэхдээ үйл явдал, баримт мэдээллийг график дизайны өвөрмөц хийцтэй хослуулан, богино хугацаанд ойлгомжтой уншигдах товч тодорхой, сонирхолтой хэлбэрээр хэрэглэгч, уншигчдад хүргэхийг зорьдог байна.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД