Мэдээ, мэдээлэл

Жендэрийн мэдрэмжтэй, ёс зүйтэй редакцуудад батламж гардуулав
Жендэрийн мэдрэмжтэй, ёс зүйтэй редакцуудад батламж гардуулав

Жендэрийн мэдрэмжтэй, ёс зүйтэй редакцуудад батламж гардуулав

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Жендэрийн мэдрэмж, ёс зүйтэй редакц” батламжийг “Зууны мэдээ” сонин, GoGo.mn, Peak.mn, МҮОНР-гийн “Хурд” агентлаг, Архангай медиа группийн хамт олонд гардуулав. 

 

Эдгээр редакц жендэрийн мэдрэмжтэй, ёс зүйтэй сэтгүүл зүйг хэрэгжүүлэхэд “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэлтэй хамтран ажиллаж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах, хэвшмэл ойлголтыг халах, жендэрийн сэдвээр тогтмол чанартай бүтээл хийх зорилгоор шинэ санаачилга өрнүүлж, манлайллыг бий болгосон юм.  

 

Тухайлбал, “Зууны мэдээ” сонин 2022 онд “Мэдрэмжтэй мэдээлье” редакцын менторшип хөтөлбөрт хамрагдаж, “Хэвшмэл ойлголтоо өөрчилье”, “Эмэгтэйчүүдийн манлайлал” булан нээсэн бол, GoGo.mn сайт “Тэнцвэр” санаачилга гаргаж, Архангай медиа групп “Мэдрэмжтэй бүтээнэ” булан эхлүүлж, тууштай ажиллаж байна. 

 

GoGo.mn сайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэн дээрх хөтөлбөрт хамрагдахаас өмнө тус мэдээллийн сайтын нийт эх сурвалжийн 20 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байсан бол хагас жилийн дотор 38 хувьд хүрснийг онцлоод, “Бид эмэгтэй, эрэгтэй эх сурвалжийн дуу хоолойг тэнцвэртэйгээр хүргэхээр хичээнгүйлэн ажиллаж байна. Эх сурвалжийн хүрээ тэлснээр мэдээллийн агуулгад олон талын байр суурь тусгагдах болсон нь давуу тал юм” гэв. 

 

Олон нийтийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэл Монголд төдийгүй дэлхий даяар буурч байгаа учраас үзэгч, уншигч, сонсогчдынхоо итгэлийг олж авахын тулд олон улсын тоомохон редакцууд олон янз байдал, оролцоог хангах бодлого дээр анхаарч эхэлсэн. Энэхүү шинэ чиг хандлагыг дотоодын редакцуудад түгээхийн тулд  “Мэдрэмжтэй мэдээлье” редакцын менторшип хөтөлбөрийг өнгөрсөн жилийн зургаадугаар сараас эхлүүлсэн юм. Энэ хүрээнд жендэрийн мэдрэмжийг редакцын бодлого, үйл ажиллагаанд нэвтрүүлэх, эх сурвалжийн бүртгэл хөтлөх, дата сан ашиглах зэрэг шинэ аргачлал нэвтрүүлэх, хэвшмэл ойлголтыг халах болон жендэрийн сэдвээр сэтгүүл зүйн бүтээл хийхэд бодлого, арна зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 

 

Хөтөлбөрийн талаар  “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал “Редакц чадавхжуулах хөтөлбөрт манай сонин хамрагдсанаар ёс зүйн бөгөөд мэргэжлийн түвшинд олон өөрчлөлт шинэчлэлт хийлээ. Үүнд, эх сурвалжийнхаа хүйсийн тэнцвэрийг хангахад онцгойлон анхаарч ажиллах болсон. Өглөөний шуурхай хурал дээр тухайн өдөр оруулах эх сурвалжийнхаа хүйсийн харьцааг тэнцвэртэй байлгах талаар ярилцаж байна” хэмээн ярилаа. “Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа мэргэжил сонгоход, ажил хийхэд, спортоор хичээллэхэд хүйс хамааралгүй гэсэн утга агуулгаар 40 гаруй бүтээл гаргажээ. Тэгвэл “Эмэгтэйчүүдийн манлайлал” буланд эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байна. Тухайлбал, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь, бодлого тодорхойлох боломж ямар байгаад анализ хийсэн. Мөн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа эмэгтэйчүүдээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо орон нутагт хэр байгаа талаар ярилцлага авч сониндоо нийтэлж байна. Энэ мэтчилэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд 70 гаруй цуврал бүтээл гаргажээ.

 

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэнийг ч ялгаварлан гадуурхалт болон хэвшмэл буруу ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийнхний мэргэжлийн, ёс зүйн шаардлага юм. Гэвч Монгол төдийгүй дэлхий даяар сэтгүүл зүйн салбарынхан эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах, жендэрийн хэвшмэл ойлголтыг халах, ялангуяа жендэрт суурилсан хүчирхийллийг мэдээлж, сурвалжлах тал дээр ёс зүйн алдаа гаргах тохиолдол элбэг. Иймд, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг дэмжих ажлыг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2021 онд эхлүүлсэн. Энэ хүрээнд “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг 2022 оны арваннэгдүгээр сард Анлимитэд медиа групптэй хамтарсан консорциумаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд үүсгэн байгуулсан юм.

 

 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД