Мэдээ, мэдээлэл

Удирдах зөвлөлийн дарга У.Тамирын "Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь" хэлэлцүүлгийг нээлээ
Удирдах зөвлөлийн дарга У.Тамирын

Удирдах зөвлөлийн дарга У.Тамирын "Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь" хэлэлцүүлгийг нээлээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүний эрхийн үндэсний комисс, Эмнести интернэшнл, Глоб интернэшнл төв, МСНЭ, Хэвлэлийн хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй аяны хүрээнд ХМЗ-өөс “Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2023.04.24-ний өдөр зохион байгуулсан билээ. 

 

Энэхүү хэлэлцүүлгийн нээлтийн үеэр ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга У.Тамирын хэлсэн үгийг хүлээн авна уу.

 

 Эрхэм хүндэт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн болон хүний эрхийн ажилтнууд аа,

 

Энэ жил Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “ИРЭЭДҮЙН ЭРХЭЭ БҮТЭЭХ НЬ: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийг хангах хөшүүрэг мөн” уриан дор дэлхий дахинаа тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүний эрхийн үндэсний комисс, Эмнести интернэшнл, Глоб интернэшнл төв, МСНЭ, Хэвлэлийн хүрээлэн, ХМЗ хамтран үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний эрх зүйн орчны тулгамдсан асуудал, хэвлэл мэдээллийн хариуцлага, ёс зүй, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлагыг ил тодоор хэлэлцэж, асуудал дэвшүүлэх, шийдэл эрэлхийлэх, эв санааны нэгдлээ илэрхийлэх аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд ХМЗ-өөс хариуцан  зохион байгуулж буй өнөөдрийн “Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь” сэтгүүлчийн ёс зүйн хүрээний асуудлаар хийх хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. 

 

Чөлөөт хэвлэл мэдээлэл бол олон нийтийн итгэлийг тээгч байдаг. Баримттай баталгаатай мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орон зайн төлөөх итгэлээ олон нийт хэвлэл мэдээллээс хайдаг, бас олж хардаг. Тиймээс хэвлэл мэдээлэлд итгэх олон нийтийн итгэл ялангуяа технологийн асар хурдтай өнөө үед мэргэжлийн сэтгүүл зүйн мөн чанарыг тодорхойлж, мэдээллийн найдвартай эх сурвалж, баримтаар баталгаажуулсан, итгэл үнэмшил төрүүлэхүйц байх онцгой чанарын шаардлага, ёс зүйн хариуцлагатай байдлаараа ялгарах хариуцлагатай үүрэг ноогдож байна.

 

Нөгөө талаас дэлхий дахинаа цар тахал, олон улсын энх тайвны ээдрээтэй нөхцөл байдал нь хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Ийм нөхцөл байдал нь дээрх үүрэг хариуцлагыг улам нэмэгдүүлж байна гэж хэлж болно.

 

Тиймээс энэхүү үүрэг хариуцлагыг сайжруулах зорилгоор Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан найман жилийн өмнө байгуулсан өөрийн зохицуулалтын байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжин хүрээлж, ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө иргэдээс уучлал хүсэх, алдаатай мэдээллээ залруулах соёлд суралцаж, хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримталснаараа ямар өөрчлөлт, давуу тал бий болж байгааг нээлттэй ярилцдаг болжээ. Өнөөдөр бид энэ сэдвээр бас дахин нэг нээлттэй диалог, мэдлэгээ солилцох чөлөөтэй хэлэлцүүлэг өрнүүлэх  гэж байна.

 

Бидэнд амжилт ололт бас байгааг дурдахгүй байж болохгүй. Олон олон хэлэлцүүлгийн үеэр хэвлэл мэдээллийнхэн судалгаанд суурилсан, дүн шинжилгээтэйгээр гарц, шийдэл ярьдаг болсон, бурууг гадна орчноос хайхаасаа илүүтэй дотроо өөрчлөгдөх боломж байгааг, амжилт, үр дүнгээ хуваалцаж хамтдаа урагшлахыг ухаарч ойлгосон, хэвлэл мэдээллийнхэн “Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл өөрийгөө зохицуулах ёстой” гэдэг үгийг нэг бус нижгээд улс төрчид хэлэх болсон зэрэг нь бидэнд өөрчлөгдөн сайжирч, эвлэлдэн хамтрахын боломж илүү байгааг илэрхийлж байгаа.   

 

Түүнчлэн 2022 оны арванхоёрдугаар сард Бельгийн Брюссель хотноо зохион байгуулагдсан  “Ардчиллын тулгуур: Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоог тогтвортой байлгах нь” сэдэвт хэлэлцүүлэгт Монголын хэвлэлийн өөрийн зохицуулалтын талаар Европын холбоо болон бусад олон улсын байгууллагад танилцуулан "сайн жишиг" гэсэн өндөр үнэлгээг авсан нь Монголын сэтгүүлчид олон улсад бас нэг эерэг үзүүлэлтээр үнэлэгдэж буйг илэрхийлж буй.

 

Гэсэн ч бидэнд мэдээж алдаа дутагдал байгаа, алдаанаасаа суралцах зүйлс ч багагүй байгаа, тиймээс бидний хөгжлийн тулгуур болох ёс зүйн асуудлаар олон талт санал бодлоо уралдуулж, мэдлэг туршлагаа солилцон байр сууриа нэгтгэх боломж өнөөдрийн хэлэлцүүлэгт та бүхэнд нээлттэй байх болно.

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүл зүйг бэхжүүлэх замаар иргэний мэдэх эрхийг хангах, хүний эрхийг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх үйлсээ тууштай үргэлжлүүлэх болно.

 

Анхаарал тавьсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД