Мэдээ, мэдээлэл

Сэтгүүл зүйн ёс зүйн форумын дүгнэлт, зөвлөмж гарлаа
Сэтгүүл зүйн ёс зүйн форумын дүгнэлт, зөвлөмж гарлаа

Сэтгүүл зүйн ёс зүйн форумын дүгнэлт, зөвлөмж гарлаа

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр “ЁС ЗҮЙН ҮНЭ ЦЭН: ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХАДГАЛЖ, ИТГЭЛИЙГ ОЛЖ АВАХ НЬ” сэдвийн хүрээнд зохион байгуулсан билээ.

 

“Ёс зүй, итгэл үнэмшлийн эрсдэл: Хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг сэргээх нь” болон “Нэр төр, алдар хүндийн эрүүгийн эрх зүйн хамгаалалт ба хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” гэсэн сэдвүүдийн хүрээнд хоёр салбар хэлэлцүүлэг өрнүүлсэн энэхүү форумын үеэр оролцогчид болон зохион байгуулагчдын зүгээс гарсан санал, зөвлөмж гарсныг ийнхүү толилуулж байна. 

 

 

“ЁС ЗҮЙН ҮНЭ ЦЭН: ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХАДГАЛЖ,

ИТГЭЛИЙГ ОЛЖ АВАХ НЬ”

СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЗҮЙН ФОРУМААС ГАРСАН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ

 

2017 оноос зохион байгуулж байгаа энэхүү форумыг тухайн жилийн хэвлэл мэдээллийн онцлог сэдэв, хэвлэл мэдээллийн салбарын чиг хандлагыг илэрхийлэх сэдвийг сонгон авч хэлэлцдэг уламжлалтай. Энэ жил бид хэвлэлийн эрх чөлөөгөө хадгалж, буурсаар байгаа олон нийтийн итгэлийг эргэн сэргээхэд сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн үнэ цэн орших юм гэсэн агуулгын хүрээнд санал солилцож, хэлэлцэн байр сууриа илэрхийллээ.

 

Сэтгүүл зүйн итгэл үнэмшил ёс зүйд суурилж бий болдог, мэргэжлийн ёс зүйн код редакцын бодлоготой хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтийн итгэл үнэмшлийг илүүтэй хүртэж, салбартаа өрсөлдөх чадвартай байгааг онцоллоо. Хэвлэл мэдээлэлд итгэх олон нийтийн итгэл жил ирэх тусам буурсаар байгааг дэлхийн хэмжээнд хийгдсэн судалгааны дүн харуулсаар байгаа боловч нарийвчлан авч үзвэл мэргэжлийн ёс зүйгээ мөрддөг, олон нийтийн мэдэх эрхийг тууштай баримталдаг, нийгмийн, эдийн засгийн хууль бус үйлдлийг эрэн сурвалжлагаар баримтаар нотолдог, алдаагаа хүлээн зөвшөөрч залруулж чаддаг хэвлэл мэдээллийн хувьд уншигч, үзэгчид нь үнэнч хэвээр байх төдийгүй санхүүгийн дэмжлэг үзүүлж буйгаас мэргэжлийн ёс зүй ямар чухал болохыг оролцогчид хэллээ.

 

МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Д.Идэржаргалын хийсэн судалгаагаар 80 гаруй редакцаас зөвхөн 12 нь өөрийн гэсэн мэргэжлийн ёс зүйн кодтой байна. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2015 онд батласан ёс зүйн кодыг 25 нь баримталдаг. Харин 6 нь өөрийн ёс зүйн кодтой боловч хуваалцах боломжгүй, 38 нь ямар нэг ёс зүйн код ашигладаггүй гэж хариулжээ.

 

Редакцууд өөрийн ёс зүйн кодыг дотооддоо батлан мөрдөж байгаа нь дэвшил мөн боловч эдгээр кодын заалтууд нь уриалгын шинжтэй, ёс зүйн зөрчил үүссэн нөхцөлд зохицуулах заалт дутмаг байгаа юм. 110 сэтгүүлчийг хамруулсан судалгаагаар ёс зүйн кодоо хэр дагаж мөрддөг вэ гэсэн асуултад 50 хувь нь дагаж мөрддөг, 25 гаруй хувь нь ёс зүйн асуудал үүссэн үед баримталдаг гэжээ.

 

Ёс зүйн кодоо олон нийтэд ил зарласан нь тун цөөн байгаа нь бас анхаарал татаж байна. Ёс зүйн кодоо олон нийтэд ил болгосноор тухайн байгууллагын нэр хүнд, итгэл нэмэгдэх эерэг нөхцөл болохыг санууллаа. Эдгээр нөхцөл байдал нь олон нийтийн итгэл үнэмшлийн төлөөх ёс зүйн өрсөлдөөн редакцуудын дунд сул гэж дүгнэж болохоор байна.

 

Мэргэжлийн ёс зүйг дагаж мөрдөхөөс гадна тодорхой төрлийн контентоор дагнан төрөлжих, улс төрийн чиг баримжаагаа олон нийтэд зарлах, хэвлэл мэдээлэлд нийгмийн бүхий л бүлэг, давхарга, хүйсийн оролцоог нэмэгдүүлэх, уншигч, үзэгчийнхээ хүсэл сонирхолд нийцсэн контентийг бэлтгэн хүргэх нь итгэлийг дээшлүүлэх арга замууд мөн болохыг оролцогчид илэрхийллээ. Нэн ялангуяа эрэн сурвалжлах контентийн орон зай Монголын сэтгүүл зүйд байсаар байгааг сэтгүүлч С.Будрагчаа хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

 

Сэтгүүлчдийн бэлтгэсэн цуврал нэвтрүүлгүүд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдэж, тэдгээр контентийг бэлтгэн олон нийтийн мэдэх эрхийг хангасных нь төлөө уншигч, үзэгчид нь мөнгөн хандиваар тогтвортой ажиллах боломжийг нь хангаж байгаа гайхалтай жишээ байна.

 

ХМЗ-өөс өнгөрсөн жилээс хэрэгжүүлж байгаа “Мэдрэмжтэй мэдээлье” төсөлд хамрагдсан редакцуудын хувьд мэдээллийн эх сурвалжийн хүрээ тэлж, тэр хэрээр мэдээ нийтлэлийн агуулга баяжин, хэрэглэгчийн тоо нэмэгдсэн нь итгэлийг нэмэгдүүлэх бас нэг сайхан жишээ болж байна.

 

Редакц болгон ёс зүйн кодтой болъё, ёс зүйн соёлыг бий болгоё, ёс зүйтэй ажилладаг хэвлэлүүд бодлого, процессоо сурталчилъя, олон нийтийн хэвлэл мэдээллийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн контент бэлдэхийг уриалж байна.

 

Форумын үеэр хөндсөн хоёр дахь сэдэв нь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан хэргийг болон гүтгэлгийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь зөв үү, эсвэл Иргэний хуулиар шийдвэрлэх ёстой юу гэсэн хэлэлцүүлэг байлаа. Гүтгэх доромжлох хэргийг Эрүүгийн хуулиар шийдэхгүй байх, энэ заалтыг сэтгүүлчдэд илүүтэй хамаатуулахгүй байх байр суурийг хэвлэл мэдээллийнхэн олон жилийн турш илэрхийлсээр ирсэн. 2017 онд Эрүүгийн хуулиас гүтгэх, доромжлох заалтыг хасч Зөрчлийн хуулиар зохицуулах болсон нь бодит амьдралд нийцэхгүй байгааг хуулийнхан ч, хэвлэл мэдээллийнхэн ч идэвхтэй шүүмжилснээр 2019 онд Эрүүгийн хуульд “Худал мэдээлэл тараах” гэсэн тодорхойлолтоор буцаан оруулж одоо зохицуулж байгаа нь амьдралд нийцэж байгаа эсэх талаар оролцогчид эсрэг тэсрэг байр суурийг илэрхийллээ.

 

Эрүүгийн хуулийн энэхүү заалтыг сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн зөрчилд хамаатуулан шийдвэрлэх аюулыг бий болгож байгааг, худал мэдээлэл, гүтгэлэг гэдгийг нэг мөр ойлгох зайлшгүй шаардлага байгааг онцоллоо. Эрүүгийн хуульд өмнө байсан гүтгэх, Зөрчлийн хуульд оруулсан гүтгэх, одоо Эрүүгийн хуульд тусгасан худал мэдээлэл гэсэн заалтуудаар улс төрийн албан тушаалтан илүүтэй сэтгүүлчдийн эсрэг гомдол гаргаж байгааг статистик харуулж байгаа юм. Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалах эрх зүйг сайжруулах, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг өргөнөөр ашиглахыг   форумын үеэр онцоллоо.   

 

Монголын олон нийт, тэр дундаа хэвлэл мэдээллийнхний анхаарлыг онцгой татаж байгаа Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн үр дагавар ямар байх талаар оролцогчид байр сууриа илэрхийллээ. Энэхүү хуулийг УИХ-аас яаралтай горимоор 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр баталсан нь хууль тогтоомжийн тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг зөрчиж, хуулийн хэрэгжилтэд хамаатай олон талын оролцоог хангаагүй, хуулийн хэрэгжилтийн үр дагаварыг тооцоогүй, хуулийг хэрэгжүүлэх явцад буруугаар ашиглагдах, мушгин гуйвуулах эрсдэлтэй гэж үзлээ. Энэхүү хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан байна. 

 

Форумын үр дүнд тулгуурлан дараах зөвлөмжийг оролцогч талуудад санал болгож байна.

  1. Цахим орчин, технологийн хөгжил дагасан мэдээллийн “шуурга” дунд хэвлэл мэдээллийн нийгэмд төдийгүй ардчилалд гүйцэтгэх үүрэг улам тодорч байна. Ийм үед редакц, сэтгүүлчид өөр хоорондоо төдийгүй нийгмийн сүлжээнээс мэргэжлийн ёс зүйн үнэ цэнээрээ улам бүр ялгарч манлайлах.
  2. Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн ёс зүйг сахиж мөрдөхөөс гадна ялгарал, эгэх хариуцлага, хэрэглэгчидтэйгээ нягт холбоотой байснаар тогтвортой бөгөөд хараат бус байдлаа байдлаа хадгалж хамгаалах.  
  3. Олон нийтийн итгэл үнэмшлийн төлөөх ёс зүйн өрсөлдөөнийг редакцууд дунд дэмжсэн олон талт ажлуудыг хэрэгжүүлэх.
  4. Редакц бүр ёс зүйн зарчим, редакцын бодлоготой болж түүнийгээ мэдээлж сурталчлах, тайлагнах зэргээр ил тод ажиллаж хэрэглэгчийнхээ итгэлийг дээшлүүлэх.
  5. Сэтгүүлчид, редакцууд цахим орчинд хүний эрхэд хүндэтгэлтэй хандах, нийгмийн сүлжээнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хамгаалагч, сайн жишиг нь байх.
  6. Хүний нэр төр, алдар хүндийг эрх зүйн хүрээнд хамгаалахдаа сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг урвуулан ашиглахгүй байх, ёс зүйн өөрийн зохицуулалтыг өргөнөөр ашиглаж хэвших.
  7. “Гүтгэх”, “доромжлох”, “худал мэдээлэл тараах”, “илт худал мэдээлэл”, “нэр төр, алдар хүндэд халдах” зэрэг нэр томъёог хоёрдмол утгагүйгээр тодорхойлж хуулийнхан болон хэвлэл мэдээллийнхэн нэгдсэн ойлголтод хүрэх. ­­­­
  8. Хэвлэлийн эрх чөлөөнд хамаарах хууль тогтоомжийг хэлэлцэх, батлах явцад хууль тогтоомжийн хууль болон хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг анхааралтай ажиглах, харилцан ярианд суурилсан нэгдсэн ойлголцл­­­­­оор сайжруулж болох илүү хувилбаруудыг дэвшүүлж хэвших.

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл

2023 оны хоёрдугаар сарын 08

Улаанбаатар хот

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД