Хорооны шийдвэр

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн борлуулсан байж болзошгүй нөхцөл байдлыг мэдээлэхдээ ёс зүйн алдаа гаргаагүй
Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн борлуулсан байж болзошгүй нөхцөл байдлыг мэдээлэхдээ ёс зүйн алдаа гаргаагүй

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн борлуулсан байж болзошгүй нөхцөл байдлыг мэдээлэхдээ ёс зүйн алдаа гаргаагүй

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2022 оны  дөрөвдүгээр улирлын хурал арванхоёрдугаар сарын 15-ны өдөр болж хоёр гомдлыг хэлэлцлээ.

 

Нэг. Neguun.mn сайт ёс зүйн алдаа гаргаагүй

 

Neguun.mn сайт албан ёсны фэйсбүүк хуудсаараа есдүгээр сарын 27-ны өдөр “Баян хөх сэрх ХХК-ийн нууц гэгдэх агуулах дээрээс шууд”, “Баян хөх сэрх ХХК хугацаа нь дууссан барааныхаа он сарыг нь сольж худалдаанд гаргадаг гэх мэдээллийн мөрөөр…”, 29-ний өдөр “Баян хөх сэрх компанид МХЕГ-аас ямар хяналт шалгалт хийсэн бэ!!!”, “Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хотын захаар түгээдэг "Баян Хөх Сэрх"-д хэн ч хариуцлага тооцоогүй юу” гэх гарчигтай мэдээллүүдийг шууд дамжуулан хүргэжээ. 

 

Нэр нь дурдагдсан байгууллагын зүгээс редакцыг компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, батлагдаагүй, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй асуудлыг мэдээлэхдээ таамаг, хардлага гэдгийг дурдаагүй, МХЕГ-ын дүгнэлтээр ямар нэг зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргасан байхад зөрчилтэй хэмээн мэдээлсэн, мэдээллээ үнэн зөв эсэхийг баталгаажуулж нягтлаагүй, удирдлагууд нь тухайн асуудлаар мэдээлэл өгч, бараанууд болон агуулахаа харуулсан байхад орохыг зөвшөөрөөгүй, мэдээлэл өгөөгүй мэтээр мэдээлсэн, ажилчид мэдээлэл өгөхгүй гэсээр байхад хүчээр микрофон тулгасан, яриа, дүрс бичлэгийг нь авч олон нийтэд түгээсэн, шууд тулгасан, буруутгасан байдлаар мэдээлсэн, ажилчдын нэр төр, алдар хүндэд халдсан, сэтгэл зүйн дарамт учруулсанд гомдолтой байна гэжээ. Мөн компанийн болон ажилчдын нэр төр, алдар хүнд, сэтгэл зүйд ноцтой халдсан, харилцагчдын дунд нэр хүндгүй болж, барааны борлуулалтад сөргөөр нөлөөлсөн хэмээн үзэж ХМЗ-д гомдол ирүүлсэн. Ингэхдээ редакцыг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.6, 1.8, 2.3, 4.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн. 

 

Ёс зүйн хороо уг гомдлыг нягтлан хэлэлцээд редакц мэдээллээ бэлтгэхдээ эх сурвалжаас авсан хугацаа нь дууссан бүтээгдэхүүний огноог зассан байж болзошгүй гэрэл зургийг харуулсан, редакц Мэргэжлийн хяналтын газраас Баян хөхсэрх дистрибюшн ХХК-д шалгалт хийлгэхийг хүссэн, уг шалгалтын дүнг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын http://inspection.gov.mn/ сайтад байршуулсан зэргээс үзэхэд  шалгалтын дүнд хугацаа дууссан бүтээгдэхүүн илрээгүй ч шошгон дээрх огноог өөрчилсөн байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн байсан, тухайн үед хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг нь борлуулж байсан дэлгүүрт очиж шууд дамжуулалт хийсэн, эх сурвалжийн мэдээллийн дагуу шууд дамжуулалт хийж буйгаа илэрхийлсэн, тухайн байгууллагаас тайлбар авахыг удаа дараа оролдсон, будаг шингэлэгч, алчуур зэргийг хажууд нь тавьсан бараа бүтээгдэхүүний зургийг харуулсан, тухайн байгууллагын ажилчдын хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг харуулаагүй, зөвхөн ажлын байранд нь очиж мэдээлэл өгөхийг хүссэн, редакц мэдээллээ бэлтгэхдээ тухайн байгууллагыг шууд буруутай, гэмт хэрэг үйлдсэн мэтээр мэдээлээгүй, эх сурвалжийн мэдээллийн дагуу шууд дамжуулж, хяналт шалгалт хийх ёстой байгууллагаас нь хариуцлага нэхэн мэдээлсэн хэмээн үзэж ёс зүйн алдаа гаргаагүй хэмээн шийдвэрлэлээ. 

  

Хоёр. Редакц алдаагаа залруулсан тул хэлэлцэх үндэслэлгүй гэж үзэв

 

Neguun.mn сайт албан ёсны фэйсбүүк хуудсаараа аравдугаар сарын 7-ны өдөр шууд дамжуулсан “Сэтгүүлчийн өнцөг: “Казак”-ууд хүүхдүүдийг санаатайгаар хордуулсан нь тогтоогдсон” гэх гарчигтай мэдээлэлд нэгэн иргэнээс гомдол ирүүлсэн. Энэхүү мэдээллийн агуулга нь дээрх гомдолд дурдсан мэдээлэлтэй ижил агуулгатай байв. Гомдол гаргагчийн зүгээс редакцыг мэдээллээ гарчиглахдаа мэдээллээ үнэн зөв эсэхийг нягталж, баталгаажуулаагүй, доторх мэдээлэл нь Баян хөхсэрх гэх компани хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн зарж байж болзошгүй асуудлыг хөндөж байгаа боловч “Казакууд” гэж гарчиг өгснөөр олон нийтэд Казахуудыг хүүхдүүдийг хордуулсныг тогтоосон, тэр нь нотлогдсон мэт ойлголт өгсөн, үндэстний нэр хүндэд ноцтой халдсанд гомдолтой байна гээд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.3, 1.6, 3, 3.1, 3.2, 4.2 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. 

Хороо гомдлыг нягталж үзээд редакц алдаагаа ойлгож, нэн даруй бичлэгийг устгаж алдаагаа залруулсан, тухайн гарчигтай мэдээлэл сошиал медиад байхгүй, редакц ХМЗ-д ирүүлсэн хариу тайлбартаа “Казакууд” хэмээн гарчигласандаа уучлал гуйхад бэлэн гэдгээ илэрхийлсэн тул гомдлыг хэлэлцэх үндэслэлгүй хэмээн шийдвэрлэсэн юм. 

 

 

Хавсралт

 

Хурлын мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

 

1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”

1.3 - “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана”

1.6 - “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана”

1.8 - “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно”

2.3 - “Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна”

3 - “Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй”

3.1 - “Гэмт хэргийн талаар мэдээлэхдээ тухайн хүний харьяалал шашин, үндэс угсаа, бусад цөөнхийн төлөөлөл рүү зөвхөн тухайн хэргийг ойлгоход маш чухал тохиолдолд хэрэглэнэ” 

3.2 - “Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд оршиж байгаа хэвшмэл ойлголтуудыг улам дэвэргэхээс зайлсхийнэ” 

4.2 - “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй”

 

Бэлтгэсэн: О.Дүүрэнжаргал

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД