Хорооны шийдвэр

ИРГЭД ОЛОН ЖИЛ АШИГЛАСАН ГАЗРАА АЛДАХДАА ТУЛААД БАЙГАА ТАЛААР МЭДЭЭЛСЭН НЬ ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛГҮЙ ГЭВ
ИРГЭД ОЛОН ЖИЛ АШИГЛАСАН ГАЗРАА АЛДАХДАА ТУЛААД БАЙГАА ТАЛААР МЭДЭЭЛСЭН НЬ ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛГҮЙ ГЭВ

ИРГЭД ОЛОН ЖИЛ АШИГЛАСАН ГАЗРАА АЛДАХДАА ТУЛААД БАЙГАА ТАЛААР МЭДЭЭЛСЭН НЬ ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛГҮЙ ГЭВ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны 2022 оны  гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 29-ний өдөр болж гурван гомдол гаргагчаас ирүүлсэн хорин дөрвөн редакцад хамаарах гомдлыг хэлэлцлээ.

 

 

Нэг. Редакцуудыг ёс зүйн алдаа гаргаагүй гэж үзлээ

 

Нэгэн компани СБД-ийн нутаг дэвсгэрт байрлах иргэдийн агуулахын зориулалтаар ашиглаж буй газрыг худалдаа, үйлчилгээний төвийн зориулалтаар 2017 онд худалдан авчээ. Тухайн газрыг иргэд одоо ч ашиглаж буй бөгөөд газраа алдахдаа тулаад байгаа тухай болоод худалдан авсан компанийн хувь эзэмшигч 2017 онд төрийн өндөр албан тушаал хашиж байсан талаар редакцууд мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, Eguur.mn сайтын “Наймаачдын агуулах байрладаг газрыг С.Амарсайхан ХУДАЛДААНЫ ТӨВ барихаар худалдаж авчээ”,  tsahiur.mn сайтын “БАРИМТ: Сайд С.Амарсайхан иргэдээс газрыг нь, гадаадын иргэнээс уурхайг нь булаажээ”, nuuts.mn сайтын “НУУЦ МАТЕРИАЛУУД: БИРД” гэх гарчигтай нийтлэлүүд гарчээ. Мөн tsahiur.mn болон nuuts.mn сайтуудын мэдээлэлд дурдагдаж буй албан тушаалтныг хувь эзэмшдэг компаниа төлөөлөн нэгэн уурхайг гадаадын иргэнээс худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан боловч төлбөрөө төлөөгүйгээс олон улсын Арбитрын шүүхээр шийдвэрлэгдсэн тухай мэдээлсэн.

 

Үүнтэй холбоотойгоор тухайн иргэнээс гомдол ирүүлсэн. Ингэхдээ гомдол гаргагч нь дээрх редакцуудыг нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг нь гутаасан, гүтгэсэн, бодит байдалд нийцэхгүй, илт худал, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн тул “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1, 1.1, 1.2, 1.3, 1.8, 4.2 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн үзсэн юм. Хороо уг гомдлыг нягтлан хэлэлцээд дээр нэр дурдагдсан редакцууд нийтлэлдээ аман болон бичгийн эх сурвалжуудыг ашиглан мэдээллээ баталгаажуулан уншигчдад хүргэсэн тул ёс зүйн алдаа гаргаагүй хэмээн шийдвэрлэлээ.  

 

 

Хоёр. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан иргэний хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмээн ташаа мэдээлсэн гэх гомдлыг хэлэлцэхийг түр хойшлуулав

 

Нэр бүхий таван мэдээллийн сайтаар наймдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэгэн иргэнийг ТЕГ-аас хэргээ наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэж буруутган шалгаж байсан, тухайн хэргийг нь шүүхэд шилжүүлсэн хэмээн мэдээлжээ. Дээрх мэдээллүүдэд нэр нь дурдагдсан иргэн хувь хүний болоод ажил хэргийн нэр хүндийг гутаан гүтгэсэн, бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй, илт худал мэдээлэл түгээн олон нийтийг төөрөгдүүлсэн хэмээн ХМЗ-д гомдол ирүүлсэн. Ингэхдээ “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1, 1.1, 1.2, 1.3, 1.8, 4.2 дахь заалтуудыг зөрчсөн хэмээн үзжээ. Мөн өөртэй нь холбоотой шүүхэд шилжсэн хэрэг байхгүй, ТЕГ-аас шалгагдаж байгаагүй гэдгээ дурдсан. Хороо уг гомдлыг хэлэлцээд тухайн иргэнийг нийтлэлд дурдсан үндэслэлээр шалгаж байгаагүй, шүүхэд шилжсэн хэрэг байхгүй гэдгийг нотлохын тулд гомдол гаргагчаас нэмэлт тайлбар авах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс энэхүү гомдлыг дараагийн хурлаар хэлэлцэхээр хойшлуулсан болно.

 

 

Гурав. Эрүүл мэндийн салбарын багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллагын гомдлыг хаалаа

 

Нэр бүхий 16 хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2022 оны гуравдугаар сард эрүүл мэндийн салбарын багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллагын талаарх цуврал нийтлэлүүд гарсантай холбоотой гомдлыг холбогдогч байгууллагаас ХМЗ-д ирүүлээд байсан билээ. Ёс зүйн хороо уг гомдлыг хоёрдугаар улирлын хурлаараа хэлэлцэхдээ зарим редакцын ирүүлсэн хариу тайлбар өгөх хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, гомдлыг хэлэлцэхийг түр хойшлуулаад байв. Харин гомдол гаргагч тал хэвлэн нийтлэгчидтэй тухайн асуудлын хүрээнд ойлголцсон тул гомдлоо ХМЗ-өөс эгүүлэн татлаа.  

 

 

Хавсралт

 

Хурлын мэдээнд дурдагдаж буй “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалтууд:

 

1 - “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно”

1.1 - “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”

1.2 - “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”

1.3 - “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана”

1.6 - “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана”

1.8 - “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно”

4.2 - “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй”

 

Бэлтгэсэн: О.Дүүрэнжаргал

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД