Мэдээ, мэдээлэл

ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо
ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдах зөвлөлийн 2022 оны хоёрдугаар улирлын хуралдаан долдугаар сарын 4-нд боллоо. Энэ удаагийн хурлаар оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг хэлэлцэн дүгнэж, хоёрдугаар хагас жилийнхээ төлөвлөгөө төсвийг баталлаа. 

 

ХМЗ-д эхний хагас жилийн байдлаар  14 гомдол гаргагчаас нийт 41 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хаягласан гомдол ирж дөрвөн гомдлыг Ажлын албанаас ХМЗ-ийн хэлэлцэх асуудалд хамаарахгүй гэж үзэж буцаасан байна. Мөн хоёр гомдлыг гомдол гаргагч өөрөө буцаан татжээ. Ёс зүйн хороодын хурлаар 13 редакцыг ёс зүйн алдаа гаргасан, хоёр редакцыг ёс зүйн алдаа гаргаагүй гэж үзсэн бол нэг гомдол гаргагчаас ирүүлсэн 16 редакцад хамаарах гомдлыг гомдол гаргагч болон хариуцагч редакцуудын хүсэлтээр хэлэлцэхийг түр хойшлуулаад байгаа юм.

 

Цар тахлын улмаас түр завсарлаад байсан “Сэтгүүл зүйн ёс зүйн форум”-ыг хоёрдугаар сард “Ковид-19: мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулж сэтгүүлч, редакторууд, салбарын эвсэл, холбоод, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий 80 гаруй хүн оролцов. ХМЗ-өөс НҮБХХ, КОЙКА ОУБ-ын дэмжлэгтэйгээр “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд Редакцын менторшип хөтөлбөрт дөрвөн редакцыг сонгон цогц сургалтад хамруулсан бол эдгээрээс Зууны мэдээ сонин, GoGo.mn сайтад редакцыг чадавхжуулах дотоод хөтөлбөрийг эхлүүлээд байна. Түүнчлэн Миний сурвалжлага-миний түүх, Өөрөөс нь, Эмэгтэй эх сурвалжийн дата сан бүрдүүлэх хакатон, Мэдрэмжтэй мэдээлье орон нутгийн сэтгүүлчдэд зориулсан сургалт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулжээ. 

 

Мөн ЮНЕСКО-гоос боловсруулсан “Тогтвортой хөгжлийг эрэн сурвалжлах нь” арван модуль хөтөлбөрийг эх хэлнээ орчуулж нутагшуулах замаар “Ёс зүйт эрэн сурвалжилга: тогтвортой хөгжил” гурван өдрийн сургалтыг зохион байгуулав. Уг сургалтад эрэн сурвалжлах чиглэлээр 5-аас дээш жилийн ажлын туршлагатай 20 сэтгүүлч хамрагдаж, НҮБ-аас мэргэжилтнүүд оролцож хөгжлийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. 

 

Гуравдугаар сард “Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна” уриатай “Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж дууслаа. Уг хөтөлбөрийн зорилго нь цар тахал, байгалийн гамшиг зэрэг хямрал, эрсдэлийн үед 1) Иргэдийн мэдээлэл авч буй байдлыг сайжруулах, баталгаатай мэдээллээр хангах, 2) Хэвлэл мэдээлэл, орон нутгийн засаг захиргаа, иргэд, олон нийтийн төлөөллүүд нэг дор цугларч, өөрсдийн мэдлэг, харилцаа холбоогоо нэгтгэн, мэдээллийг нягтлах, найдвартай, хариуцлагатайгаар түгээх сүлжээ болон ажиллахад чиглэсэн. Энэ хүрээнд есөн хүнтэй үйл ажиллагааны баг бүрдэж, Ковид-19 цар тахалтай холбоотой цаг үеийн хэрэгцээт баталгаатай мэдээллийг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэдэд хүртээмжит хэлбэрээр түгээх мэдээлэл харилцааны туршилтын ажлыг амжилттай хэрэгжүүлсэн юм.  Төслийн үр дүнг хэлэлцэх дугуй ширээний ярилцлагад төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн оролцогч талуудын 60 гаруй хүн оролцож, туршилтын үр дүнд тулгуурлан үндэсний хэмжээний бүтцийг бий болгож, чадавхжуулах нь чухлыг онцлов. 

 

Энэ удаагийн хуралдаанаар Удирдах зөвлөлийн гишүүнд цахимаар нэр дэвшигчдээс нэг хүнийг, Радио, телевизийн ёс зүйн хороонд гурван хүнийг квотын дагуу сонгов. Тодруулбал, УЗ-д радио, телевизийн эздийг төлөөлөх гишүүнээр Монголын хүйн радиогийн холбооны захирал Ц.Оюунтунгалагийг, РТВ-ийн ёс зүйн хороонд радио, телевизийн эздийг төлөөлөх гишүүнээр Монгол Телевиз ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бат-Эрдэнэ, Шинэ долгион ФМ 107.5 радиогийн захирал Ц.Ариунаа нарыг, олон нийтийн төлөөлөх гишүүнээр МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш Д.Идэржаргалыг тус тус сонгосон юм. 

 

 

 

 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД