Мэдээ, мэдээлэл

ХМЗ-Д ИРСЭН ГОМДЛЫН АГУУЛГА, ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ
ХМЗ-Д ИРСЭН ГОМДЛЫН АГУУЛГА, ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

ХМЗ-Д ИРСЭН ГОМДЛЫН АГУУЛГА, ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

ХУРААНГУЙ

 

ХМЗ-д ирүүлж буй гомдлын агуулгад дүн шинжилгээ хийх замаар редакц, сэтгүүлчдийн мэргэжлийн түвшинг илэрхийлэх, хэрэглэгчид сэтгүүл зүйн бүтээлийг хэрхэн үнэлж байгааг тодорхойлох, ХМЗ-ийн Ёс зүйн хороод гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаад дүн шинжилгээ хийх

 

 

ӨМНӨТГӨЛ

 

Монголын сэтгүүлчдийн өргөн зөвшилцлийн дүнд 2015 онд байгуулагдсан Хэвлэл мэдээллийн зөвлөл нь сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх, мэргэжлийн стандартыг мөрдүүлэх зорилготой. Дэлхийн улс орнууд сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг сахин мөрдүүлэх зорилгоор ийм чиг үүрэг бүхий байгууллагыг ажиллуулдаг туршлагатай. Ийм байгууллагыг нэгд, сайн дурын үндсэн дээр, хоёрт, хууль эрх зүйгээр байгуулж, Хэвлэлийн зөвлөл, Хэвлэлийн консул, Ёс зүйн хороо гэх зэргээр нэрлэж байна. Хэдийгээр ийн өөр өөрөөр нэрлэж байгаа ч ерөнхийд нь өөрийн зохицуулалтын байгууллага хэмээн нэрийддэг. Сайн дурын үндсэн дээр болон хуулиар байгуулагдсан аль нь ч бай гүйцэтгэх үүрэг, механизмын хувьд төстэй. Сэтгүүлчийн бэлтгэсэн бүтээлд /мэдээ, сурвалжлага, нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага гэх мэт/ мэргэжлийн ёс зүй зөрчигдсөн гэж үзсэн гомдлыг олон нийтээс хүлээн авч, мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүлэх замаар уг бүтээлд ёс зүйн дүгнэлт гаргаж байна. Гаргасан дүгнэлт нь өөрийн зохицуулалтын байгууллагыг хэрхэн байгуулснаас хамаарч зөвлөмж хэлбэртэй, эсвэл шүүхийн шийдвэртэй дүйцэхүйц заавал биелүүлэх журамтай байна.

 

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хувьд дүгнэлтийг зөвлөмж байдлаар гаргаж ёс зүйн зөрчил гаргасан редакцуудад мэдэгдэх хэлбэрээр ажиллаж ирлээ.

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл 2015 оны дөрөвдүгээр сараас гомдол хүлээн авч шийдвэрлэж байна. Гомдол хүлээн авч эхэлснээс хойш 2021 оныг дуустал хугацаанд 457 гомдол хүлээн авч шийдвэрлэжээ.

 

Гомдол хүлээн авч эхэлснээс хойш гомдлын тоо тасралтгүй өсч ирсэн боловч 2020-2021 онд буурсан нь Ковид-19-ийн цар цахлын дэглэмтэй холбон үзэж болно.

 

ХМЗ-д ирж буй гомдлуудыг болон ирсэн гомдлуудын агуулга болон Ёс зүйн хороод хэлэлцэн гаргасан дүгнэлт нь Монголын сэтгүүл зүйн ерөнхий өнгө төрх, редакц болоод сэтгүүлчдийн мэргэжлийн түвшинг илтгэх нэг индикатор болж байна. Ирж буй гомдлуудад дүн шинжилгээ хийснээр хэвлэл мэдээллийн салбарын цаашдын хөгжлийн зөв чигийг гаргах ач холбогдолтой.

 

Монголын сэтгүүлчдийн одоо даган мөрдөж буй Ёс зүйн зарчим нь 10 заалт, 32 зүйлтэй. Эдгээр 10 заалтаас хамгийн их гомдол орж ирдэг заалтууд нь НЭГДҮГЭЭР буюу “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэсэн заалт юм. Үүнийгээ цааш нь нарийвчлах юм бол 1.1 буюу “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”, 1.2 буюу “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”, 1.6 буюу “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана” гэсэн зүйлүүд байгаа нь сэтгүүлчид, редакцууд мэдээллээ бататгах, нягтлах, эх сурвалжтай мэдээлэл бэлтгэх үндсэн гол үүргээ хангалттай биелүүлэхгүй байна гэж дүгнэж болохоор байна.

 

Нэгдүгээр заалтаас гадна олон удаа зөрчигдөж байгаа заалтууд нь ГУРАВДУГААР буюу “Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй”, ДӨРӨВДҮГЭЭР буюу “Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана”, ЗУРГАДУГААР буюу “Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана” гэсэн заалтууд байна.

 

Гомдол их ирж байгаа заалтуудаар сэтгүүлч, редакцын мэдлэг, чадварыг дээшлүүлэх шаардлага байгаа нь харагдаж байна.

 

 

НЯГТЛАН ШАЛГАХ ЭНГИЙН ДҮРМЭЭ БАРИМТАЛ

 

Эх сурвалжтай байх, баримтаа нягтлах нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны заавал дагаж мөрдөх энгийн дүрэм. Ёс зүйн зөрчилтэй гэсэн дүгнэлт гарч байгаа гомдлуудын дийлэнх нь энэхүү энгийн дүрмийг мөрдөөгүйгээс үүдэлтэй байгаа юм. Сэтгүүлч бичиж байгаа мэдээллээ худал биш бодит гэдгийг баримтаар нотолж, эх сурвалжлаар баталгаажуулаагүй л бол сэтгүүл зүй биш юм. Ялангуяа олон нийтийн сүлжээний олон сувгаар хүмүүс хангалттай мэдээлэл авч, бас эсрэгээр бусадтай хуваалцах мэдээллээ чөлөөтэй цацах боломжтой цаг үед бид амьдарч байна. Нэгэнт мэдээлэл хуваалцах, түгээх чөлөөт платформ байгаа учраас энэ платформыг зөвхөн сайн сайхны төлөө ашиглаж байгааг хэн ч баталж чадахгүй. Энэ нь худал мэдээлэл гэдэг тэмцэх ёстой үзэгдлийг дэлхий нийтэд бий болгосон. Өнөөдөр сэтгүүл зүйн холбогдолтой бүхий л том, жижиг хэлэлцүүлгийн хэлэлцэх асуудалд худал мэдээлэлтэй хэрхэн тэмцэх, худал мэдээллийг хэрхэн таних сэдэв заавал байх нэг сэдэв болжээ. Олон нийтийн сүлжээгээр хүссэн нь мэдээллээ хуваалцдаг болж, сэтгүүлчид хэрэггүй боллоо гэж хүртэл ярих болсон энэ цаг үед баримт нотолгоотой, эх сурвалжтай мэдээлэл бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ түгээх нь мэргэжлээ, салбарынхаа нэр хүндийг хамгаалж үлдэх гарц юм.

 

Баримт. 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр нэр бүхий хоёр сайтад “Хонины мах 16000 төгрөгөөр зарсан Good Price дэлгүүрийг 20 сая төгрөгөөр торгожээ” гэсэн мэдээ нийтлэгдсэн бөгөөд энэхүү мэдээ ташаа гэсэн гомдлыг уг дэлгүүрийн толгой компани “Үлэмж Гросерс” ХХК гаргасан. Гомдлыг авч үзэхэд баримтаа шалгаагүй, хайнга хандсан алдаа байсан. Мэдээний текст дотор үхрийн махыг 16000 мянгаар зарсан гэж зөв бичсэн боловч гарчганд хонины мах гэж андуурч бичсэн.

 

Баримт. 2021 оны гуравдугаар сарын 20-нд нэгэн сайтад “Цэцэд санаархсан “хараат” нэр дэвшигчид хэн нь хэн бэ” гэсэн гарчигтай мэдээ гарсан бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвших магадлалтай хүмүүсийн талаар дурдсан. Эдгээр нэр дэвшигчдийн нэрс дунд В.Удвал гэсэн хуульч байсан бөгөөд хүү нь бас хуульч хүүтэй, хуулийн салбарт гэр бүлээрээ байдаг гэсэн боловч нэр дурдагдсан Б.Удвал биш мөн Н.Удвал нэртэй өөр хуульчтай андуурсан.

 

Баримт. 2018 оны тавдугаар сарын 29-ний өдөр нэгэн сайтад “Хатан Туулыг ширгээгч С.Амарсайханыг даваргасаар байх уу” гарчигтай нийтлэл гарсан. Энэхүү нийтлэлд тухайн үед Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байсан С.Амарсайхан нь Зайсан орчмын газрыг хууль бусаар авсан тухай бичсэн боловч хууль бусаар авсан гэдгийг нотлох эх сурвалжгүй, нийтлэлд дурдагдсан эх сурвалжуудыг бусад хэвлэлээс эшилсэн, “ерөөсөө хууль дүрэм бидэнд хамаагүй гэдэг хандлага цусанд нь шингэсэн гэр бүл аж” гэсэн доромж үгтэй.

 

Баримт. Нэгэн сэтгүүлд хэвлэгдсэн “Эрүүл мэндийн даатгалын эрүүл бус тогтолцоо” нийтлэлд ЭМДЕГ гомдол ирүүлсэн бөгөөд уг нийтлэлд ЭМД-аар 12 үйлчилгээ үзүүлдэг байхад 8 гэж, дээд тал нь 2 сая төгрөг хүртэл үйлчилгээ үзүүлдэг байтал 30.000 гэж нийтлэлд ташаарсан байсан.

 

 

ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЭХ СУРВАЛЖ МӨН ҮҮ?

 

Эх сурвалж гэж юуг ойлгох вэ гэдгийг сэтгүүл зүйн сурах бичигт тодорхой бичсэн байдаг. Сэтгүүлчийн олон нийтийн тусын төлөө мэдээ мэдээлэл бэлтгэхдээ сурвалжилж буй үйл явдал, сэдвийн бодитой, тэнцвэртэй байдлыг хангахын тулд эх сурвалжийг ашигладаг. Эх сурвалж гэдэг бол уг мэдээлэлд хамаатай хүнээс гадна албан ёсны тоо баримт, албан бичиг, тайлан, гүйцэтгэл, хэвлэлийн бага хурал бүгд эх сурвалж мөн. Сошиал сүлжээнд тавигдсан мэдээлэл ч эх сурвалж мөн. Гэвч эх сурвалжийн хэлсэн зүйл бодит байдалд нийцэж байгаа юу гэдгийг нягтлах нь сэтгүүлчийн мэргэжлийн үүрэг.

 

ХМЗ-д ирсэн гомдлуудад хэвлэлийн бага хурлын мэдээллийг дамжуулсан редакцуудад холбогдох гомдол харьцангуй олон ирж байгаа нь анхаарал татаж байна. Энд нэг сонирхолтой жишээ татъя.

 

Харвардын Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны салбар нэгж болох “Монголын эрүүл мэндийн үүсгэл” НҮТББ 2018 онд ХМЗ-д хандан гомдол гаргасан. Уг гомдол телевиз, сонин, сайт гээд хэд хэдэн редакцын бэлтгэсэн мэдээлэлд хамаарч байсан бөгөөд эдгээр редакц 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Монголын эцэг, эхийн үндэсний зөвлөлөөс зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын мэдээллийг өөр өөрсдийн форматаар бэлтгэн түгээсэн байсан. Хэвлэлийн бага хурал хийсэн хүмүүс сургуулийн насны хүүхдүүдийг вакцины туршилтад хууль бусаар хамруулсан гэсэн мэдээллийг өгсөн юм. “Монголын эрүүл мэндийн үүсгэл” НҮТББ нь “Сургуулийн насны хүүхдүүдийн сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” судалгааны хүрээнд хүүхдүүдэд уг вакциныг хийсэн юм. Монголын эцэг эхийн үндэсний зөвлөлийнхөн энэхүү судалгааны талаар хэвлэлийн бага хурлын үеэр ташаа мэдээлэл өгсөн гэж үзэж байсан бөгөөд уг мэдээллийг түгээсэн редакцууд нь хэвлэлийн бага хурал хийсэн иргэдийн байр суурийг мэдээлэхдээ бусад эх сурвалжаар баталгаажуулаагүй, буруутгаж буй судалгааны байгууллагаас нягтлан тодруулаагүй, тэдэнд тайлбар өгөх боломж олгоогүй гэж үзэн Ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.6, 1.8, 1.9-р заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаагаа гомдолдоо тусгасан.

 

Телевизийн редакцад хамааралтай гомдлыг Радио, телевизийн Ёс зүйн хороо, сонин, сайтын редакцад хамааралтай гомдлыг Сонин, сайт, сэтгүүлийн Ёс зүйн хороо хэлэлцсэн. Сонирхолтой нь Радио, телевизийн Ёс зүйн хороо “Монголын эрүүл мэндийн үүсгэл” байгууллагын гомдол үндэслэлтэй, нэр дурдагдсан телевизийн редакцуудын нэгээс бусад нь ёс зүйн алдаа гаргасан, ингэхдээ 1.1 болон 1.8-р заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. 1.1 гэдэг бол “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”, 1.8 бол “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэсэн заалт юм. Харин NTV телевизийн мэдээллийг ёс зүйн зөрчилгүй гэж дүгнэсэн бөгөөд тус редакц нь хэвлэлийн бага хурал хийсэн иргэдийн мэдээллийг олон талын эх сурвалжаар баталгаажуулсан, эх сурвалжаа тодорхой дурдсан, мэдээллийг гуйвуулаагүй, үзэл бодол оруулаагүй байсан учраас ийн дүгнэсэн юм.

 

Харин Сонин, сайт, сэтгүүлийн Ёс зүйн хороо нэр дурдагдсан редакцын мэдээлэл нь “нээлттэй эх сурвалжтай, үзэл бодлоо илэрхийлсэн хэвлэлийн бага хурлын мэдээллийг тоймлон дамжуулсан, ямар нэгэн сэтгүүлчийн таамаг, үзэл бодол оруулаагүй” гэж үзэн редакцууд ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзсэн юм. 

 

Хэвлэлийн бага хурлыг нээлттэй эх сурвалж гэж үзэж болох ч нэг талын, эрх ашиг бүхий эх сурвалж гэдгийг байнга санах учиртай. Хэвлэлийн бага хурлын мэдээллийг тоймлож дамжуулах нь сэтгүүл зүй биш гэдгийг мэргэжлийн редакцууд анхаарч, хэвлэлийн бага хурал хийсэн талын мэдээллийг бусад эх сурвалжаар баталгаажуулж, бодитой тэнцвэртэй мэдээлэл өгдөг болох нь зүйтэй юм.

 

Хэвлэлийнхэнд зориулан гаргадаг албан ёсны Хэвлэлийн мэдээ /Press release/ мөн нээлттэй эх сурвалжид хамаарах тул хэвлэлийн мэдээг боловсруулалт хийлгүйгээр шууд эх хувиар нь түгээх нь зөвхөн нэг талын байр суурь гэдгийг ямагт санах нь зүйтэй. Хэвлэлийн мэдээг үнэн гэж итгэх нь ёс зүйн зөрчил гарах хангалттай нөхцөл юм. Хэвлэлийн мэдээг шууд түгээснийг ёс зүйн зөрчил гэж үзсэн гомдол нэг биш удаа ХМЗ-д ирж байсныг тэмдэглэх нь зүйтэй. 

 

 

РЕДАКЦУУДЫН ЯЛГАРАЛ

 

Өмнөх жишээнд өгүүлсэн NTV телевизийн тохиолдол бол редакцын мэргэжлийн байх тэмүүлэл, төлөвшил, соёл чухал гэдгийг харуулж байна. Гомдолд 10 илүү редакцын нэр дурдагдаж, тэд бүгд хэвлэлийн бага хурлын мэдээллийг байгаагаар нь дамжуулсан байхад NTV үзэгчдэдээ тэнцвэртэй, бодитой мэдээлэл өгөх зарчмаа барьж ажилласан. Коронавирусийн хөл хорио бүрэн тавигдаагүй байх үед нэгэн аймгийн эмч төрийн шагнал авсныг байгууллагаараа тэмдэглээд бараг бүх ажилтан нь халдвар авсан тухай мэдээлэл хэд хэдэн редакц мэдээлсэн. Нэр дурдагдсан эмнэлгийн зүгээс ташаа мэдээлэл түгээлээ гэсэн гомдлыг ирүүлсэн бөгөөд гомдлыг шалгаж үзэхэд энэ тухай мэдээлсэн редакцуудаас ганцхан NTV эх сурвалжийн тэнцвэртэй байдлыг хадгалсан байсан юм. Ийнхүү NTV телевизийн редакц хоёр ч удаа мэргэжлийн ёс зүйгээ баримталж чадсан учраас ийнхүү онцгойлон дурдаж байна.

 

ХМЗ-ийн Гомдол барагдуулах журмын дагуу ирсэн гомдлын дагуу нэр дурдагдсан редакцуудад “танай бэлтгэн түгээсэн ийм мэдээнд гомдол ирлээ, Ёс зүйн зарчмын эдгээр зарчмыг зөрчсөн гэж гомдогч үзсэн байна, та бүхэн тайлбараа ирүүлнэ үү” гэсэн утгатай албан бичгийг илгээдэг. Редакц үүнд тайлбар ирүүлэх нь маш ач холбогдолтой. Редакц тухайн мэдээллийг мэргэжлийн хүрээнд бэлтгэсэн ч санамсаргүй алдаа гаргасан бол, эх сурвалжаа хамгаалах үүднээс нууцалсан бол, мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бол хариу тайлбартаа дурдаж нээлттэй ажиллах нь зөв бөгөөд ингэж ажиллаж чадаж байгаа эсэхээс тухайн редакцын мэргэжлийн байх, төлөвшилтэй байх нь харагддаг. Мэдээж редакцын тайлбар ёс зүйгээ зөрчсөнийг зөвтгөхгүй ч алдаагаа ухамсарласан редакцын нэрийг олон нийтэд дурдахгүйгээр хурлын шийдвэрээ олонд танилцуулдаг хүнлэг журам ХМЗ-д үйлчилдэг.

 

Мэргэжлийн төлөвшсөн редакц гэдгээ үргэлж харуулдаг хэвлэл мэдээллийн байгууллага олон байгаа нь талархууштай.

 

 

ЭРЭН СУРВАЛЖЛАГЫН ГОЛ ДҮРҮҮД ГОМДОМТГОЙ

 

ХМЗ-д ирж буй гомдлын багагүй хувийг сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан нийтлэл, нэвтрүүлгүүд эзэлж байна. Эрэн сурвалжлага бол сэтгүүлчийн уйгагүй хөдөлмөр, няцашгүй оролдлогын үр дүнд цаг хугацаа зарцуулан бий болдог бүтээл. Эрэн сурвалжилсан бүтээлд олны нүдэнд тэр болгон ил харагдаад байдаггүй буруу үйлдлийг баримтаар нотолдог. Илчлэгдсэн баримтад нэр холбогдсон хувь хүн, байгууллага “сэтгүүлч намайг, биднийг гүтгэсэн, нэр хүндийг гутаасан” гэж үзэн гомдол гаргах нь түгээмэл байна. Эрэн сурвалжилсан бүтээл нь баримт, нотолгоотой байдаг учраас ийм гомдлыг хэлэлцэхэд ч урамтай байдаг. Гэвч санамсаргүй алдаанаас болж буруудах харамсалтай тохиолдол ч байдаг.

 

Баримт. 2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр нэгэн телевизээр “МХБХ-н дахь бэлгийн хүчирхийлэл-2” нэвтрүүлэг цацагдсан. Энэ бол маш сайн эрэн сурвалжилсан нэвтрүүлэг. Редакцын зүгээс ирүүлсэн тайлбартаа үүнийгээ дурдсан байсан. Уг тайлбарт сэтгүүлч энэ нэвтрүүлгийг бэлдэхийн тулд гурван сарын турш баримт цуглуулсан, эмзэг сэдвийн тухай хөндөж байгаа учраас хохирогчдыг хамгаалах үүднээс дуу хоолойг өөрчлөх, царайг танигдахгүй болгох, зарим үйлдлийг жүжигчлэн зохиомжилсон гэдгээ дурдсан. Гэвч харамсалтай нь нэвтрүүлгийн дундуур хохирогчдын бөөндөө авахуулсан зургийг харуулсан нь алдаа болж, Ёс зүйн зарчмын 2.3 буюу “Хувийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ашиглах тохиолдолд тухайн хүний болон насанд хүрээгүй хүмүүсийн асран хамгаалагчийн зөвшөөрлийг авна” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан.

 

 

БУСДЫН ЭРХ АШГИЙН МАРГААНД ТАТАГДАН ОРОХООС СЭРГИЙЛЭХ

 

Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд гарч байгаа эрх ашгийн зөрчилдөөнд сэтгүүлчид татагдан орох тохиолдол байна. Албан тушаалын эрх ашиг, бизнес хоорондын маргаан, улс төрийн намууд эрх мэдлийн төлөөх эрх ашгийн тэмцлээ хэвлэлээр дамжуулан илэрхийлж байгаа бөгөөд ийм төрлийн мэдээлэл нь хэдийгээр эх сурвалжтай, эзэн биетэй мэт боловч нэг талын тэнцвэргүй мэдээлэл юм.

 

Баримт. 2020 оны есдүгээр сарын 5-ны өдөр Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-ын нийслэлийн хорооны хурлыг мэдээлсэн хоёр редакцад хаяглан ХҮН-аас гомдол ирүүлсэн. Намаас ирүүлсэн гомдолд “редакц мэдээллийг бэлтгэхдээ намд 2018 он хүртэл гишүүн байсан, одоо гишүүнчлэлгүй, холбоо хамааралгүй бүлэг этгээдүүд намын нэр, таних тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашиглан улс төрийн үзэл бодлоо илэрхийлснийг нягтлалгүй олон нийтэд нэг талын баримт, эх сурвалжтай ор үндэсгүй, буруу ташаа, хуурамч мэдээ дамжуулсан” гэж үзсэн. Хороо хэлэлцээд зөрчил гаргаагүй гэж үзсэн. Гэхдээ хэдийгээр тухайн редакцын мэдээ мэргэжлийн хэм хэмжээний хүрээнд бэлтгэгдсэн учраас зөрчил гаргаагүй гэж үзсэн ч энэ үйл явдал нь тус намын дотоод зөрчлөөс үүдэн хэсэг нөхөд нь тусдаа хурал зарласан байсан. Үйл явдлын өрнөлөөс нэг хэсгийг салган авч мэдээлэхгүй байх нь, учир шалтгааныг дурдах нь сэтгүүлч, редакцын үүрэг байх учиртай.

 

Баримт. Одоо Шадар сайдаар ажиллаж буй С.Амарсайханыг Улаанбаатар хотын Захирагчаар томилогдохын өмнө болон томилогдсоны дараа түүний эсрэг мэдээллийн зохион байгуулалттай дайралтууд хэвлэлээр хийгдэж, ХМЗ-д ч нэг биш удаа гомдол ирж байсан. Тухайлбал, “Зайсангийн зүүн сугыг гижигдэх нь гэмт хэрэг мөн”, “Хотыг холгогч С.Амарсайханы шуналын золиосонд Зайсан толгой, Хатан Туул өртсөөр”, “Хатан Туулыг ширгээгч С.Амарсайханыг даваргасаар байх уу” гэсэн гарчигтай нийтлэлүүдэд сэтгүүлч ёс зүйн алдаа гаргасан гэсэн гомдол ирж байсан. Албан тушаалын томилгоо тойрсон тэмцлийн нэгээхэн хэсэг хэвлэлээр, сэтгүүлчдээр дамжин хийгдэж байгаа нь ийнхүү ХМЗ-д гомдол болон ирдэг.

 

Баримт. Компани хоорондын маргаан, эрх ашиг бүхий бүлгүүдийн хоорондын зөрчилдөөнийг нэг талын эрх ашгийг барин олон хэвлэл зэрэг мэдээлэх арга барил сүүлийн жилүүдэд сэтгүүл зүйд үзэгдэх болсон нь мөн л гомдол болон ХМЗ-д ирсэн жишээ нэг биш. Үүний нэг нь 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр хэд хэдэн телевизийн мэдээний хөтөлбөр, чамгүй олон сайт, мөн өдөр тутмын хоёр сонинд нэг ижил агуулга бүхий мэдээ гарсан явдал юм. Тухайлбал,

 

SBN: “Мобиком корпорацийг түрээсийн төлбөрөө төлөхийг шаардлаа, Мобиком корпорацийн удирдлагуудыг шалгуулахаар АТГ-т хандлаа”

 

МН25: “Мобиком корпораци компанийн түрээсийн мөнгөтэй холбоотой маргаан дэгдлээ”,

 

MNC: “Мобиком корпораци байрны түрээсээ төлөлгүй 5 сар болсон гэв”,

 

Zaluu.com: “Мобиком корпорац түрээсээ төлөлгүй 5 сар болжээ”

 

Medee.mn: “Мобикомын удирдлагуудыг АТГ-аас шалгахаар болжээ”

 

Dardas.mn: “Мобикомын удирдлагуудыг АТГ-аас шалгана”,

 

Sodonnews.mn: “Мобикомын удирдлагуудыг АТГ-аас шалгахаар болжээ”

 

Fact.mn: “Японы томоохон KDDI-н охин компани Монголын жижиг компанийг дээрэлхсэн үү”

 

Ene.mn: “Мобикомын удирдлагууд АТГ-т шалгагдана”

 

Murch.mn: “Мобиком корпорацийг түрээсээ төлөхийг шаардаж шаардлага хүргүүллээ”

 

Chuhal.mn: “Японы томоохон KDDI корпорацийн охин компани түрээсийн төлбөрөө өгөхгүй 5 сар болжээ”

 

shuud.mn: “Монгол, Японы хөрөнгө оруулалттай “Мобиком”-ын салбар компанийнхан шүүхэд дуудагдсаны учир”

 

grandnews.mn: “Мобикомын удирдлагуудыг АТГ-аас шалгахаар болжээ” гэсэн гарчигтай мэдээ гарсан.

 

Эдгээр мэдээлэл ёс зүйн зөрчилтэй гэж үзэн Мобиком корпораци ХМЗ-д гомдол гаргасан юм. Ёс зүйн хороо эдгээр гомдлыг хэлэлцээд редакциудын бэлтгэсэн мэдээ Ёс зүйн зарчмын 1.1 буюу “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”, 1.2 буюу “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ”, 1.6 буюу “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана”, 1.8 буюу “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно”, 4.2 буюу “Шүүх гэм буруутайг нь нотлоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан юм.

 

 

ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛ

 

Ёс зүйн зарчмын 6“Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана” гэж заасан бөгөөд энэ заалт нь дотроо

 

6.1 - Хэргийн сэжигтэн этгээдийн нэр, хувийн мэдээлэл болон  зургийг бусдад танигдахуйц байдлаар нийтэлж, нэвтрүүлэхдээ хувь хүний эрхийг хамгаалах шаардлагыг харгалзана.

6.2 - Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг болон бусад  хувийн мэдээллийг нийтэд ил болгоно.

6.3 - Олон нийтийн тусын тулд гэдэг ойлголтыг “олон нийтэд сонирхолтой” мэдээлэлтэй эндүүрч болохгүй.

6.4 - Гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүний нэр, хувийн бусад мэдээллийг нийтэд дэлгэхгүй.

6.5 - Гэмт хэрэг, ослын хохирогчид нэр, нас, албан тушаал болон бусад хувийн мэдээллээ хамгаалуулах эрхтэй.

6.6 - Бие болон сэтгэл санааны эмгэг, эрүүл мэндийн тухай мэдээлэл нь хувийн нууцад хамаарах бөгөөд тухайн хүний болон асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхийг цээрлэнэ.

6.7 - Амиа егүүтгэх тохиолдлыг харуулах, нэн ялангуяа нэрийг нь дурьдах, дүрс, нөхцөл байдлыг нь нарийвчлан харуулахаас зайлсхийнэ.

6.8Тухайн мэдээлэлтэй шууд холбоотой биш л бол гэмт хэргийн сэжигтэн, золиос, хүчирхийлэл, осол гамшигт өртөгсдийн  гэр бүл, ойр дотны хүмүүсийн овог нэр, ажил, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхгүй хэмээн 8 зүйл болон задардаг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч эдгээр дүрмээ баримталбал хохирогчийн хамгаалж чадна гэсэн үг.

 

2020-2021 онд 6-р заалтад хамаарах гомдол хэд хэд ирсэн нь анхаарал татаж байна. Тухайлбал, сураггүй алга болсон хэмээн эрэн сурвалжилж байсан бага насны хүүхдийг хэд хоногийн дараа хүчирхийлж, амь насыг нь бүрэлгэснийг олсон тухай мэдээлэхдээ хэд хэдэн редакц хохирогчийн зургийг гаргаж, нэрийг нь бүтнээр дурдаж, амьдарч байсан гэрийг нь харуулсан, нийслэлийн төв талбайд биеэ галдан шатаасан хүний талаар мэдээлэхдээ талийгаачийг танигдахуйцаар зургийг гаргасан, шатсан цогцосны хирдхийлгэсэн зургийг нийтэлсэн, өөрийгөө галдан шатааж байгаа видеог үзүүлсэн, залуус нэг нэгнээ хөнөөсөн байж болзошгүй хэргийг сурвалжлахдаа хохирогчийг танигдахуйцаар дүрсэлсэн, коронавирусийн халдвараар нас барсан талийгаачийн оршуулгыг ар гэрийнхэн нь зөвшөөрөхгүй гэж байхад телевизээр гаргасан зэрэг алдааг редакцууд гаргалаа.

 

Мэдээж дуулиант, олныг анхаарлыг татах хэргийг шуурхай сурвалжилж, шинэ баримт олох нь сэтгүүлчийн ажил мөн боловч хохирогчийг хамгаалах сэтгэхүйг эн тэргүүнд тавих учиртай.

 

 

БАЙЖ БОЛОМГҮЙ, БҮДҮҮЛЭГ АЛДАА

 

Мэргэжлийн ёс зүйд огт нийцэхгүй алдаа гаргах тохиолдол байна.

 

Баримт. “Монгол нөхөртэй Япон бүсгүй Кикүчи Эрика: Жаахан царай, амт муутай болохоос биш бууз, цуйван хийчихнэ ээ” гэсэн мэдээ нэгэн сайтад хэвлэгдсэн. Гэтэл нь энэ нь өдөр тутмын нэгэн сонинд нийтлэгдсэн ярилцлагаас “босгосон” мэдээ байсан. Мэдээгээ бэлтгэхдээ ярилцлага өгсөн хүний талаар буруу ойлголт төрүүлэхүйц хэсгүүдийг тасдан авсан.

 

Баримт. Эх сурвалжаас авсан ярилцлагаа хэсэг хугацааны дараа нийтлэхдээ ярилцлага авснаас хойш өрнөсөн улс төрийн үйл явдалд тохируулан ярилцагчийн яриаг өөрчилсөн.

 

Баримт. Нэгэн компанийн буруутай үйл ажиллагааны талаар сурвалжлага хийчихээд, компанийн удирдлагаас мөнгө нэхэж, мөнгө өгөхгүй бол хэвлэнэ гэж сүрдүүлсэн. Компани ХМЗ-д гомдол гаргасан. Компанийнхан мөнгө нэхсэн сэтгүүлчийн утасны яриаг бичиж авнаа нотолгоо болгож өгсөн. Энэ тохиолдол ХМЗ-д ирсэн гомдлуудаас хамгийн ноцтой ёс зүйн зөрчил болсон юм.

 

 

ЭЕРЭГ ХАНДЛАГА: ЗАЛРУУЛГА ГАРГАХ, УУЧЛАЛ ГУЙХ

 

ХМЗ гомдол хэлэлцэж дүгнэлт гаргаж эхэлснээс хойших өнгөрсөн 7 жилийн хугацаанд гарсан эерэг хандлагын нэг нь редакцууд алдаагаа ухамсарлаж, залруулга гаргах, мөн уучлал гуйх соёлд суралцаж байгаа явдал юм. Жил ирэх тусам залруулга гаргах, гомдол мэдүүлэгчээс уучлал гуйх редакцын тоо нэмэгдэж байна. Гэхдээ залруулга гаргаж, уучлал гуйснаар тухайн гомдлыг хэлэлцэхгүй гэсэн үг биш юм. Ёс зүйн зөрчил байгаа зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргана, харин олон нийтэд мэдээлэхдээ зөрчил гаргасан редакцын нэрийг дурддаггүй журамтай.

 

Баримт. 2021 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр нэгэн сайтад “Эмэгтэйчүүдийн жолоо барих эрхийг хасчихвал Улаанбаатар түгжрэлгүй болно” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Энэ нийтлэлд эмэгтэй хүн жолоо барих чадвар муу учраас нийслэл хотын түгжрэлийн шалтгаан болж байгаа учраас жолоо барих эрхийг нь хасъя гэсэн агуулгыг илэрхийлсэн. Энэхүү нийтлэлд иргэнээс гомдол ирсэн юм. Редакц уг нийтлэлийг хамтын ажиллагааны хүрээнд өдөр тутмын сонинд гарсан нийтлэлийг эх сурвалжтай нийтэлсэн ч уг нийтлэлийн агуулга эмэгтэйчүүдийг ялгаварласан хэрэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч уг нийтлэлийг мэдээллийн архиваасаа устгаснаа илэрхийлсэн. Гэхдээ залруулга гаргаагүй, зөвхөн архиваасаа устгасан. Залруулга гаргаж, уучлал гуйхгүй ингэж мэдээллийг архиваас устгах нь редакц алдаагаа ухамсарлаж байгааг илтгэж байгаа хэдий ч залруулга гаргах нь илүү ёс зүйтэй үйлдэл болох юм. Архиваас мэдээллийг устгах нь технологийн боломжийн хувьд цахим орчны хэвлэлийн редакциудад боломжтой, харин сонин, сэтгүүл зэрэг хэвлэмэл контент, мөн телевизээр цацагдсан контентын хувьд боломжгүй юм. Тиймээс редакцуудад ижил тэгш нөхцөл бий болгох үүднээс залруулга гаргах, уучлал гуйх хэлбэрийг алдаагаа залруулсанд тооцох нь цаашдаа зөв болно.

 

Мөн залруулга гаргана гэдгээ ХМЗ-д илэрхийлдэг ч залруулгыг хэзээ, ямар хэлбэрээр хийснийг хянах боломжгүй байгааг харгалзан, залруулга гаргаж, уучлал гуйснаа редакц ХМЗ-д ирүүлэх хариу тайлбартаа нотлох журмын өөрчлөлт шаардлагатай байгаа юм.

 

 

СЭТГҮҮЛЧИЙГ ДАВХАР ЯЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ГОМДОГЧИД БИЙ

 

Сэтгүүлч, редакцын бэлтгэн түгээсэн мэдээ, мэдээлэлд гомдол гаргаж байгаа зарим гомдогч давхар яллах хүсэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, ХМЗ-д гомдол гаргасан хэрнээ мөн хууль хяналтын байгууллагад давхар гомдол гаргадаг. ХМЗ-ийн Гомдол барагдуулах журамд хууль хяналтын байгууллагад гомдол нь давхар хянагдаж байгаа гомдлыг хууль хяналтын байгууллагын шийд гартал хэлэлцэхийг хойшлуулж болдог. Редакцын бэлдсэн мэдээ ёс зүйн зөрчилгүй, мэргэжлийн хэм  хэмжээнд бэлтгэгдсэн нь тодорхой бол хойшлуулахгүйгээр ч дүгнэлтээ гаргах боломжтой. ХМЗ-өөр гомдлыг шийдүүлэх нь гомдогч тал асуудлаа цаг хугацаа алдахгүй хурдан шийдүүлэх, өмгөөлөгчийн зардал хэмнэх давуу талтайн дээр мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх, цаашлаад хэвлэн нийтлэх эрх чөлөөг дээдлэх эерэг үр дагавартай. Сэтгүүлч, редакцтай холбоотой гомдлыг хууль хяналтын байгууллагаар шийдүүлэх практик нь сэтгүүлчдэд өөрийн цензурыг бий болгох, эрэн сурвалжлага хийх хүсэл эрмэлзлэлийг мохоох сөрөг үр дагавартай юм.

 

Мөн ХМЗ нь гомдлыг хувь сэтгүүлч хамаатуулж хүлээж авдаггүй, тухайн мэдээллийг бэлтгэн түгээсэн редакцад хаяглан гомдол авдаг нь мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд оруулж буй том хувь нэмэр юм.

 

Баримт. Нэгэн сайтад 2020 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид” гарчигтай эрэн сурвалжилсан материал нийтлэгдсэн. Уг нийтлэлд “Эрдэнэт” үйлдвэрээс зарласан түлш шатахуун нийлүүлэх тендерт оролцон ялсан “Сод Монгол” групп “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагатай хавсран ажиллаж энэ тендерт ялсан тухай өгүүлсэн. Тухайн нийтлэл сэтгүүлч “Шилэн данс дээрх бодит гүйлгээ”, “Бараа материал худалдан авах тухай санал, үндэслэл” зэрэг бичгийн эх сурвалжуудыг баримт болгон ашигласан, түүнийгээ ч тодорхой дурдсан, хоёрт, энэ нийтлэлд хэт дэврүүлсэн, хөөргөсөн зүйл байхгүй, сэтгүүлч баримтын дагуу дүгнэлт хийсэн, сэтгүүлч мэдээллийг цуглуулж, олсон мэдээлэлдээ тулгуурлан ажилласан тул гомдогчийн үзсэн шиг “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн  мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана” гэснийг зөрчөөгүй хэмээн үзсэн.

 

Сэтгүүлч Д.НАРАНТУЯА

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД