Хорооны шийдвэр

NEGUUN.MN САЙТ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГААГҮЙ
NEGUUN.MN САЙТ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГААГҮЙ

NEGUUN.MN САЙТ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГААГҮЙ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны 2022 оны  нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 24-ний өдөр болж neguun.mn, zarig.mn хоёр сайтын редакцад хамаарах гурван гомдлыг хэлэлцлээ.

 

Нэг. Neguun.mn сайт ёс зүйн алдаа гаргаагүй

 

Тус сайтад 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр “Эвт чулуу ХХК-ийн “Хэрлэн апартмент” оршин суугчдын гэрчилгээг олгохгүй байгаа асуудалдаа тайлбар өгөлгүй, танхайрав” гэх гарчигтай мэдээ нийтлэгджээ.  Эвт чулуу ХХК-ийн зүгээс уг мэдээгээр худал, үндэслэлгүй мэдээллийг редакц бэлтгэж түгээсэн, мэдээлэл бэлтгэх явцдаа байгууллага руу зөвшөөрөлгүй дайрч орсон, байгууллагын нэр төрд халдаж гүтгэсэн хэмээх гомдлыг ирүүлсэн юм.

 

Энэхүү мэдээлэл нь редакцаас иргэдийн санал гомдлын дагуу Эвт чулуу ХХК-аас тайлбар авахаар очиход тус компаниас мэдээлэл өгөхөөс татгалзаж сэтгүүлч, зураглаачийн биед халдаж буйг харуулсан дүрс бичлэг байв. Хороо уг гомдлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар редакц ёс зүйн алдаа гаргаагүй гэж үзлээ. Дүгнэлтийн үндэслэлээ хорооны гишүүд:

  • Тухайн бичлэгээс сэтгүүлч, зураглаач нар байгууллага руу дайрч ороогүй нь харагдаж байна. Мөн сэтгүүлчийн хэлж байгаа зүйлс бичлэгээр нотлогдож байгаа тул Ёс зүйн зарчмын 1-т заасан “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим болно” гэсэн мөрдлөгийг зөрчөөгүй,

  • Сэтгүүлч өөрийгөө болон аль редакцаас явж буйгаа ил тод танилцуулан зөвшөөрөл авахыг хүссэн нь бичлэгээс харагдаж байгаа тул Ёс зүйн зарчмын 2-т заасан “Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй” гэснийг зөрчөөгүй, 

  • Уг мэдээллийг ямар нэгэн байдлаар дуулиантайгаар, зохисгүй хэлбэрээр түгээгээгүй гэж үзсэн тул мөн зарчмын 4-т заасан “Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана” гэснийг зөрчөөгүй,

  • Мэдээллийг мушгин гуйвуулаагүй, гомдол гаргагч талыг гүтгэсэн, доромжилсон хэлбэр агуулаагүй, мэдээллийг хувийн зорилгод ашиглаагүй, олон нийтийн буюу тухайн орон сууцны оршин суугчдын гомдол мэдээлэлд үндэслэн мэдээлэл бэлтгэх гэсэн нь үндэслэлтэй гэж үзсэн учир Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 5-д заасан “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн  мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана” гэснийг зөрчөөгүй байна хэмээн тайлбарласан болно.  

 

Хоёр. Хоёр бүтээлийн нэгийг нь ёс зүйн алдаатай гэж дүгнэлээ

 

Монполимет ХХК-аас Zarig.mn сайтад 2022 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр нийтлэгдсэн “Монцемент, МАК цементийн үйлдвэрүүдийг улсын комисст хүлээлгэж өгөөгүйн цаад шалтгаан”, тус сайтын фэйсбүүк хуудсаар 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр шууд дамжуулсан “Н.Мандуул: Зээл авсан компаниуд ПиАр-т зарцуулж байгаа мөнгөөрөө зээлээ төлчихвөл бид та нарын ПиАр-ыг чинь үнэгүй хийж өгье”, “Ж.Эрхэмбаатар: Өөрсдийнхөө төлөө үйлдвэр барьчихаад улсын төлөө мэт ярихаа боль, тэд л ашгаа хүртэнэ” гэх гарчигтай мэдээллүүдэд хаягласан хоёр гомдол ирүүлжээ.

 

Гомдол гаргагч эхний гомдолдоо “Монцемент, МАК цементийн үйлдвэрүүдийг улсын комисст хүлээлгэж өгөөгүйн цаад шалтгаан” гэх гарчигтай мэдээ нь мэдээллийг мушгин гуйвуулсан, үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулаагүй, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашигласан, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд түгээсэн гэж дурджээ. Харин хороо уг гомдлыг хэлэлцээд мэдээллийн гарчиг нь бүтээлийн агуулгатайгаа тохирч байгаа нь бүтээлийн агуулгыг буруугаар ойлгуулсан гэж үзэх үндэслэлгүй тул 1.3-т заасан “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” гэснийг зөрчөөгүй гэж гишүүдийн дийлэнх нь дүгнэв. Харин мэдээллийг нягталж баталгаажуулаагүй, цементийн үйлдвэрүүдийг улсын комисс хүлээн авсан дүгнэлт нь байсаар байхад одоог хүртэл аваагүй мэтээр бичсэн, тодорхой эх сурвалжгүй, үзэл бодол агуулсан ташаа мэдээлэл түгээсэн, буруутгаж буй талаас тайлбар аваагүй тул Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзлээ.

 

Мөн гомдол гаргагч нь “Н.Мандуул: Зээл авсан компаниуд ПиАр-т зарцуулж байгаа мөнгөөрөө зээлээ төлчихвөл бид та нарын ПиАр-ыг чинь үнэгүй хийж өгье”, “Ж.Эрхэмбаатар: Өөрсдийнхөө төлөө үйлдвэр барьчихаад улсын төлөө мэт ярихаа боль, тэд л ашгаа хүртэнэ” гэх гарчигтай мэдээллүүдийг Хөгжлийн банкнаас ерөнхий мэдээлэл хийх үеийн бичлэгээ мэргэжлийн давуу байдлаа ашиглан агуулгыг техникийн арга хэрэгслээр гуйвуулж Монполимет ХХК-ийн үүсгэн байгуулагч болон ТУЗ-ын даргын зургийг гаргасанд гомдолтой байна гэжээ. Мөн энэ үйлдэл нь тус байгууллагын удирдлагуудыг буруутгасан мэдээлэл хийж байгаа мэтээр олон нийтэд буруу ойлголт төрүүлэхүйц байсан хэмээн үзсэн. Хороо гомдлыг хэлэлцээд zarig.mn сайтын редакцыг ёс зүйн алдаа гаргаагүй гэж үзсэн. Тодруулбал, 

  • Хөгжлийн банкны удирдлагуудын хийж буй мэдээллийн агуулгаар нягталж, зөвхөн гомдол гаргагчийн биш, мэдээллийн агуулгатай холбоотой зээлдэгчдийн зургуудыг ээлжлэн оруулсан тул 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг зөрчөөгүй,

  • Мэдээллийн үеэр ашигласан зургууд Хөгжлийн банкнаас хийсэн зээлдэгчдийн мэдээлэлтэй нийцэж байна гэж үзсэн учир 1.3-т заасан “Бүтээлийн гарчиг, зураг, дүрс, дуу, график, ишлэл зэрэг нь агуулгыг буруугаар ойлгуулах, хэт хялбарчлах, мэдээллийг нөхцөл байдлаас салгаж мушгин гуйвуулах ёсгүйг үргэлж санаж, ийм зөрчил гаргахгүйн төлөө ажиллана” гэснийг зөрчөөгүй, 

  • Мэдээллийн үеэр ашиглаж байгаа зургууд нь мэдээллийн агуулгыг гуйвуулаагүй гэж үзсэн тул 1.4-т заасан “Фото, видео, аудио мэдээллийн агуулгыг техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүй” гэснийг зөрчөөгүй

гэж хорооны гишүүдийн олонхийн саналаар дүгнэлээ.

 

 

Бэлтгэсэн О.Дүүрэнжаргал

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД