Мэдээ, мэдээлэл

“Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сэдвийн дор орон нутгийн сэтгүүчидтэй уулзлаа
“Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сэдвийн дор орон нутгийн сэтгүүчидтэй уулзлаа

“Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сэдвийн дор орон нутгийн сэтгүүчидтэй уулзлаа

Орон нутгийн сэтгүүлчдийн дунд “Улс төрийг мэдрэмжтэй мэдээлье” сэдэвт цахим уулзалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгууллаа. Уулзалтад Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Ховд, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Дорнод зэрэг аймгийн 30 орчим сэтгүүлч оролцов.

 

Уулзалтаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг “Үл үзэгдэх эмэгтэйчүүд: Улс төрийн мэдээллийн агуулга дахь жендэрийн тэгш бус байдал” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрээр ХМЗ-өөс хийсэн хэвлэл мэдээллийн контент анализын судалгаанаас үзэхэд улс төрийн мэдээний 10 эх сурвалж тутмын нэг нь л эмэгтэй байгааг онцлоод, “Хүн төрөлхтний талыг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн дуу хоолойг мэдээгээр хүргэх тал дээр Монголын хэвлэл мэдээллээс гадна дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд ч учир дутагдалтай ажиллаж ирсэн. Харин сүүлийн үед энэ практикийг өөрчлөх шинэ чиг хандлага бий болжээ. Тухайлбал, BBC 2017 оноос “50:50” санаачилгыг өрнүүлж эхэлсэн бөгөөд энэ нь эрэгтэй, эмэгтэй хүйсийн аль алины дуу хоолойг тэнцвэртэй хүргэх тухай юм. Тэд ч мөн адил өөрсдийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийхэд улс төрийн шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүдийн дуу хоолой давамгайлдаг болохыг олж хараад улс төрийн намуудад эмэгтэй төлөөллөө хэвлэл мэдээллээр яриулахыг уриалж эхэлсэн” гэдгийг дурдлаа. 

 

Цахим уулзалтын үеэр Дорноговь аймгийн сэтгүүлч Х.Эрдэнэбулган “Төрийн албанд олон эмэгтэй амжилттай ажилладаг ч тэдний ихэнх нь шийдвэр гаргах түвшинд, бодлого тодорхойлох түвшинд ажиллахгүй байгаа. Тэднээс салбарынх нь ажлын тухай сонирхон асуухад ихэнх тохиолдолд “дарга хариулна” гэдэг. Дарга нь эрэгтэй хүн байх нь нийтлэг. Тиймээс аливаа үйл ажиллагааны эх сурвалж ихэнх тохиолдолд эрчүүд байдаг” гэв.

 

ХМЗ-ийн төслийн зохицуулагч А.Амартүвшин “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн зорилго, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулахын зэрэгцээ тус нэгдлээс зохион байгуулах сургалт, сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар оролцогчдод мэдээллээ. Орон нутгийн сэтгүүлчид тус хөтөлбөрт оролцох, цаашлаад бүтээлийн уралдаанд оролцох хүсэл эрмэлзэл өндөр буйгаа илэрхийлсэн юм. 

 

“Мэдрэмжтэй  мэдээлье” нэгдлийн үйл ажиллагаа сэтгүүлчдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрөөр 2022 онд үргэлжилнэ. 

 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД