Мэдээ, мэдээлэл

ХМЗ анхны гишүүддээ талархал илэрхийллээ
ХМЗ анхны гишүүддээ талархал илэрхийллээ

ХМЗ анхны гишүүддээ талархал илэрхийллээ

Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ)-ийн удирдах зөвлөлөөс салбарын өөрийн зохицуулалтын тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан анхны гишүүддээ талархал илэрхийллээ. Уулзалтыг 2021 оны зургадугаар сарын 16-ны өдөр цахимаар зохион байгуулав.

 

Энэ үеэр ХМЗ-ийн удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч У.Тамир “ХМЗ-ийн үндсэн чиг үүрэг болох сэтгүүл зүйн ёс зүйг сахиулах, хэвлэлийн эрх чөлөөг дэмжих, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг таатай болгох бодлогын шийдвэрүүдийг гаргахад анхны 45 гишүүн амжилттай, үр дүнтэй ажиллалаа. Эхний гурван жилд ХМЗ-ийг байгууллагын хувьд төлөвшүүлэх, үйл ажиллагааг нь зүгшрүүлэх чиглэлд  анхаарч ажилласан бол сүүлийн гурван жилд салбарын эрх зүйн орчинг сайжруулах талруу илүүтэй дуугарч байна.  Хэдийгээр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан ч  та бүхэн хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтаар мэргэшсэн бэлтгэгдсэн баг юм. ХМЗ-ийн цаашдын үйл ажиллагаа, төлөвшил, шинэ гишүүдийг чадавхжуулах үйл ажиллагаанд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” гээд энэ бүх ажилд сэтгэл зүрх, цаг зав, оюун ухаанаа дайчлан ажилласан эрхэм гишүүддээ баярлаж, талархсанаа илэрхийллээ. 

 

ХМЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүдийг төлөөлж, Глоб Интернэшнл төвийн ТУЗ-ийн дарга Х.Наранжаргал Монголын ХМЗ-ийн өнгөрсөн хугацаанд хийсэн ажилд “онц” дүн тавина гээд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн хувь нэмрээ оруулсан нийт гишүүд, хуульчид, эвсэл холбоод, Медиа консул клубийн гишүүд гээд бүхий л хүмүүст талархал илэрхийллээ. Мөн тэрээр “Хэвлэлийн зөвлөлийн тулгын гурван чулууг хараат бус байдал, хүлээн зөвшөөрөгдөх байдал, дэмжлэг гэж үздэг. Юуны түрүүнд, улс төр, санхүүжилт, цөөн тооны эздийн ашиг сонирхлоос хараат бусаар оршин тогтнох нь зүйн хэрэг. Харин хэвлэл мэдээллийн салбарынхан, олон нийт буюу хэрэглэгчид улмаар шүүх эрх мэдэлд хүлээн зөвшөөрөгдөх нь туйлын чухал. Мэдээж дэмжлэггүйгээр урт удаан оршин тогтнохгүй. Иймээс төр засгийн, хэвлэл мэдээллийн салбарынхны, мөн хэрэглэгчдийн буюу иргэдийн дэмжлэг чухал нөлөөтэй. ХМЗ нь дээр дурьдсан чиглэлүүдэд хүлээн зөвшөөрөгдөх, дэмжлэг авахад онцгойлон анхаарч ажиллаж ирсэн. Цаашид уг байгууллагыг үргэлжлүүлэн авч явах залуу үеийнхэн маань хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын мөн чанарыг ухан ойлгож, зарчимдаа үнэнч, тууштай байна гэдэгт итгэж байна” хэмээн тэмдэглэлээ. 

 

Мөн уулзалтад ХМЗ-ийн гишүүдээс гадна ХБНГУ-ын Хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Протце оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр дэлхийн аль ч улсын хэвлэлийн зөвлөлүүд ёс зүйн зөрчилд иргэний гомдлыг хүлээж авахаас эхлээд хэлэлцэн шийдвэрлэх хүртэл үйл явцыг мэргэжлийн түвшинд хүний эрх, ёс зүйн өндөр мэдрэмж, туршлага дор хэрэгжүүлдэг. Иймд ёс зүйн хорооны гишүүний туршлагыг зургаан жилээр хязгаарлахгүйгээр үр өгөөжийг салбартаа, нийгэмдээ бий болгож явах нь чухал болохыг онцоллоо. 

 

ХМЗ нь байгуулагдаад зургаан жил болж байгаа бөгөөд байгууллагын дүрэмд зааснаар ХМЗ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна, бүлгийн квот нь нэр дэвшигчээс үл хамааран тухайн бүлэгт тогтвортой хадгалагдана хэмээн заасан байдаг. Үүний дагуу хугацаа нь дууссан бөгөөд хүсэлтээ илэрхийлсэн, мөн сонгогдсон салбарын квотоо төлөөлөхгүй болсон 20 орчим гишүүний оронд нөхөн сонгуулийг энэ онд багтаан зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД