Мэдээ, мэдээлэл

Covid-19!!! Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зөвлөж байна!
Covid-19!!!   Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зөвлөж байна!

Covid-19!!! Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зөвлөж байна!

 

 

Онцгой байдалд редакцын баримтлах ёс зүйн зарчим

 

COVID-19 онцгой нөхцөл байдлын үед иргэдэд худал мэдээлэл тарахаас сэргийлэх, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг хэвлэлийн эрх чөлөөнд халгүйгээр үйл ажиллагаагаа саадгүй явуулахыг дэмжих зорилгоор Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс дараах зөвлөмжийг хүргэж байна.

 

Онцгой нөхцөлд хэвлэл мэдээллийн редакцууд мэргэжлийн түвшинд, ёс зүйн зарчмаа баримтлан ажиллаж, бодит мэдээлэл түгээснээр олон нийтийг зөв үйлдэлд чиглүүлнэ. “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг өдөр тутмын сэтгүүл зүйн үйл ажиллагаандаа чанд сахин мөрдөхөөс гадна дараах ёс зүйн зарчмуудад онцгойлон анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.

 

  • Үнэн бодит байдлыг эрхэмлэх: Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийн үнэн зөвийг таних эхний алхам нь мэдээллийг түгээгч нь найдвартай, баталгаатай эх сурвалж мөн эсэхийг нягтал. Мэдээллийг түгээхдээ хүнлэг байх, олон нийтийг айдас, хүйдэс, эрсдэлт таагүй нөхцөл байдал руу хөтлөхөөс болгоомжилж, зөвхөн үнэнд нийцсэн мэдээллийг түгээхэд анхаарна.  

 

  • Олон ургальч мэдээллээр хангах: Албан ёсны эх сурвалжийн мэдээллээс гадна эрүүл мэндийн чиглэлийн эрдэмтэн судлаачдын байр суурь, халдвар судлалын шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл зэрэг баримт бичгүүд, халдварт өвчин нь нийгмийн бусад салбарт хэрхэн нөлөөлж буй талаарх судлаачдын ажиглалт, тандалтыг олон нийтэд түгээж, тэдний шийдвэр гаргалтад зөвөөр туслахыг хичээнэ.   

 

  • Мэдээллийг дахин дахин нягтлах: Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Баталгаатай, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч, уг мэдээллийг үнэн бодитой эсэхийг ердийн үеэс ч илүү давтан нягтал. Мэдээллийг нягталж шалгахдаа олон талын эх сурвалжаар харилцан баталгаажуулах, тохирох гол эх сурвалжийг сонгоход онцгой анхаар.   

 

  • Ялгаварлан гадуурхахгүй, доромжлохгүй байх: Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, эрүүл мэнд, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгож болохгүй. Ялангуяа коронавируст халдварыг хэн ч тусах эрсдэлтэй нөхцөл байдалд халдвар туссан, сэжигтэй, эмчлэгдсэн тохиолдлууд болон гадны иргэд, гадаадаас ирсэн Монгол иргэдийн талаар мэдээлэхдээ ялгаварлан гадуурхсан, гутаан доромжилсон, үзэн ядсан, буруутгасан өнгө аяс, үг хэллэгийг ашиглахгүй байхыг эрмэлзэнэ.  

 

  • Хувийн нууцад хүндэтгэлтэй хандах: Бие болон сэтгэл санааны эмгэг, эрүүл мэндийн тухай мэдээлэл нь хувийн нууцад хамаарах тул тухайн хүний болон асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхийг цээрлэнэ. Ялангуяа коронавируст халдвараар өвчилсөн, сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн хүмүүсийн овог нэр, гэрийн хаяг, сургууль, ажлын газрын байршил, гэр бүл зэрэг тухайн хүнийг таниулах мэдээллийг олон нийтэд түгээхээс түдгэлзэнэ.

 

  • Залруулга хийх, уучлал гуйх: Өдөр тутмын мэдээлэл тогтмол шинэчлэгдэж, олон нийтийн анхаарал нэг асуудалд чиглэсэн онцгой нөхцөлд сэтгүүлчид ажиллаж буй тул мэдээ, сурвалжилгадаа баримтын ямар нэг алдаа гарсан бол тэр даруйд нь шуурхай засч, залруулгыг нийтэлж нэвтрүүлэх, хэн нэгний нэр төрд санамсар болгоомжгүйн улмаас халдсан, буруу ташаа мэдээлэл түгээсэн бол уучлал гуйх нь урьд урьдынхаас ч илүү чухал болоод байна.   

 

Ёс зүйн зарчмаа баримталцгаая!

Хэвлэл мэдээллийн зөвлөл

2020.04.22

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД