Хорооны шийдвэр

ХОХИРОГЧИД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХ ЁС ЗҮЙН ЗАРЧМЫГ САЙТУУД БАРИМТАЛСАНГҮЙ
ХОХИРОГЧИД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХ ЁС ЗҮЙН ЗАРЧМЫГ САЙТУУД БАРИМТАЛСАНГҮЙ

ХОХИРОГЧИД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХ ЁС ЗҮЙН ЗАРЧМЫГ САЙТУУД БАРИМТАЛСАНГҮЙ

Монгол улс даяар өдөр тутмын есөн сонин, 127 телевиз, 48 радио, 71 сэтгүүл, 100 гаруй цахим сайт мэдээлэл түгээж байна. Сэтгүүлчид чиглэл чиглэлээрээ өдөр тутам хэдэн зуун мэдээ бэлтгэн түгээдэг. Харин энэ хэдэн зуун мэдээнээс хүмүүсийн хамгийн сонирхон уншдаг мэдээний нэг нь гэмт хэрэг болон ямар нэг хохирогчтой мэдээ байдаг. Энэ чиглэлийн мэдээг бэлтгэхэд онцгой анхаарах ёс зүйн зарчмууд бий.

Монголын сэтгүүлчдийн Ёс зүйн зарчмын 6 буюу “Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана”, 7 буюу “Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана” гэж заасан байдаг.

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны 2019 оны хоёрдугаар улирлын ээлжит хурлаар эдгээр заалтад хамаарах гомдлуудыг хэлэлцлээ. Хурал 2019 оны зургадугаар сарын 13-ны өдөр болсон юм.

Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хороо ээлжит хурлаараа нийт 10 гомдлыг авч хэлэлцсэний долоо нь нэг үйл явдалтай холбоотой байлаа. Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сард Сэлэнгэ аймагт алга болсон охины тухай мэдээлэл юм. Алга болсон охины талаарх мэдээллийг нэр бүхий долоо сайт нийтлэхдээ хохирогчийн нэр, нас, гэрэл зураг, амьдардаг хашааны зургуудыг нийтэлсэн нь Ёс зүйн зарчмын Зургадугаар буюу “Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана” гэсэн заалтын 6.2-т заасан “Зөвхөн олон нийтийн тусын тулд хүний нэр, зураг болон бусад хувийн мэдээллийг нийтэд ил болгоно”, 6.5-д заасан “Гэмт хэрэг, ослын хохирогчид нэр, нас, албан тушаал болон бусад хувийн мэдээллээ хамгаалуулах эрхтэй”, 6.8-д заасан “Тухайн мэдээлэлтэй шууд холбоотой биш л бол гэмт хэргийн сэжигтэн, золиос, хүчирхийлэл, осол гамшигт өртөгсдийн гэр бүл, ойр дотны хүмүүсийн овог нэр, ажил, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхгүй” гэснийг тус тус зөрчсөн гэсэн гомдол ирсэн юм.

Долоон сайтын мэдээний мэдээлэл, гарчиг өөр өөр байсан ч хохирогчийн нэр, насыг дурдаж, гэрэл зургийг танигдахаар нийтэлсэн түгээмэл алдааг сайтууд гаргасан байсан.

Хэвлэл мэдээллийн зөвлөл Гомдол барагдуулах журмын дагуу гомдол ирсэн сайт бүрийн редакц руу тайлбар хүссэн албан бичгийг явуулсан бөгөөд долоон сайтаас тав нь хариу тайлбарыг ирүүлж, гаргасан алдаагаа залруулж, уучлал хүсч буйгаа илэрхийлсэн. Харин хоёр сайт редакцийн тайлбарыг ирүүлээгүй нь 24tsag.mn, boov.mn сайт юм.

Гомдол барагдуулах журмын дагуу алдаагаа залруулаагүй тохиолдолд редакцийн нэрийг нийтэд илээр зарладаг юм.

Хохирогчид хүндэтгэлтэй хандаагүй энэ гомдол нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад сургамж болохоор тохиолдол байлаа.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн гомдлыг үндэслэлтэй гэж үзлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас /ЕТГ/ Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүлсэн юм. 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр 24tsag.mn сайтад “Ж.Энхбаярыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ” гарчигтай нийтлэгдсэн мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй ташаа мэдээлэл байсан, ташаа мэдээллээ залруулахыг хүсэхэд сайтын редакц тоомжиргүй хандсан тул 24tsag.mn сайтын редакц нь Ёс зүйн зарчмын 1.9 буюу “Нийтэлж нэвтрүүлсэн мэдээлэл нь ташаа болох нь тогтоогдсон бол нэн даруй залруулна” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн гомдлыг ЕТГ ирүүлсэн.

ЕТГ-аас ирүүлсэн тайлбарт УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар шагнаагүй гэсэн байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар шагнагдаж байжээ.

24tsag.mn сайт нь Хэвлэл мэдээллийн зөвлөлийн албан бичигт ямар нэг тайлбар ирүүлээгүй бөгөөд хороо хэлэлцээд тус сайт Ёс зүйн зарчмын 1.9-ийг зөрчсөн гэж дүгнэлээ.

 

Эрүүл мэндийн даатгалын асуудлыг хөндөхдөө баримтын алдаа гаргажээ

“Үндэсний тойм” сэтгүүлийн 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний дугаарт нийтлэгдсэн “Эрүүл мэндийн даатгалын эрүүл бус тогтолцоо” гарчигтай нийтлэлийн эсрэг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас /ЭМДЕГ/ гомдол гаргасан юм.

Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг 12 төрлийн тусламж үйлчилгээ байдгийг 8, даатгуулагч жилдээ дээд тал нь 2 сая хүртэл төгрөгийн үйлчилгээг авч болох байтал 30 мянган төгрөг гэсэн ташаа мэдээлэл уг нийтлэлд дурдагджээ. Тиймээс сэтгүүлч нийтлэлээ бичихдээ баримтаа нягтлаагүй гэж үзэн Ёс зүйн зарчмын 1.1-д заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ”, 1.2-т заасан “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ” гэсний “Үндэсний тойм” сэтгүүлийн редакц зөрчсөн гэж үзлээ.

 

“Мобиком”-ын багц үйлчилгээний талаар хөндөхдөө эх сурвалжийн байр суурийг гаргасангүй

Монголын үүрэн телефоны гол операторуудын нэг “Мобиком” корпораци eagle.mn сайтын эсрэг гомдлыг Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирүүлсэн.

2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр eagle.mn сайтад нийтлэгдсэн “Мобикомынхон далайхад хэрэглэгчид далдирна” гарчигтай мэдээлэл “үндэслэлгүй, ташаа мэдээлэл, манай компаниас албан ёсны тодруулга аваагүй, баримт нотолгоогүй, мэдээллийн үнэн бодит байдлыг мушгин гуйвуулсан, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, компанийн нэр хүндэд халдсан мэдээллийг олон нийтэд түгээсэн” гэж “Мобиком” корпораци ирүүлсэн гомдолдоо онцолсон байв.

Энэ нийтлэлд “Мобиком” хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээний багцаа хумин хоёрхон багц болгосон нь хэрэглэгчдэд давуу тал олгохгүй, сонголт муутай болгосныг нийтлэлд дурдсан боловч хамгийн гол нь үйлчилгээний багцаа яагаад цөөлөх болсон тухай “Мобиком”-оос тайлбар аваагүй нь Ёс зүйн зарчмын 1.8 буюу “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэдэг заалтыг зөрчсөн гэж үзлээ. Мөн тус сайтын редакц нь тайлбар хүссэн албан бичигт хариу өгөөгүй юм.

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД