Хорооны шийдвэр

ДААТГАЛ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ЯВАГДАХ ЁСТОЙГ “ӨНӨӨДӨР” СОНИНЫ НИЙТЛЭЛ НОТОЛСОН
ДААТГАЛ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ЯВАГДАХ ЁСТОЙГ “ӨНӨӨДӨР” СОНИНЫ НИЙТЛЭЛ НОТОЛСОН

ДААТГАЛ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ЯВАГДАХ ЁСТОЙГ “ӨНӨӨДӨР” СОНИНЫ НИЙТЛЭЛ НОТОЛСОН

Улаанбаатар хотын орон сууцны оршин суугчид байрны мөнгөн дээрээ даатгалын мөнгө төлдгөө мэддэг үү. Өөрсдөө мэдээгүй байхад танайхыг даатгалд хамруулаад байрны мөнгөнд даатгалын 1000-1500 төгрөг шингээсэн байгааг мэдсэн үү.
Энэ асуудлыг “Өнөөдөр” сонин хөндөн 2019 оны нэгдүгээр сарын 25-ны дугаартаа нийтлэн, мөн цахим сайтдаа байршуулжээ. “1500-гийн луйвар буюу хоморголон даатгах ажиллагаа” нэртэй уг нийтлэлд оршин суугчид өөрсдөө мэдээгүй байхад СӨХ нь даатгалын байгууллагатай хамтран даатгалын 1500 төгрөгийг байрны мөнгөнд шингээн авч байгааг сурвалжлан бичсэн байна. 

Харин уг нийтлэлд нэр нь дурдагдсан “Улаанбаатар хотын даатгал” ХХК нь “Өнөөдөр” сонины нийтлэл тус компанийн “Орон сууцны иж бүрэн даатгал”-ын үйл ажиллагааны талаар ямар нэгэн албан ёсны тодруулга, мэдээлэл авалгүйгээр буруу ташаа мэдээллийг түгээсэн” гэж үзэж Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол ирүүлсэн юм.
“Өнөөдөр” сонины энэхүү нийтлэл нь сэтгүүлчийн ёс зүйг зөрчөөгүй, асуудлыг мэргэжлийн түвшинд сурвалжилж чадсан гэж ССС-ийн Ес зүйн хороо үзсэн юм. Даатгалын үйлчилгээ нь үйлчлүүлэгчийн сайн дурын үндсэн дээр явагдах ёстой байтал “Улаанбаатар хотын даатгал” компани орон сууцны СӨХ-той хамтран өрх бүртэй гэрээ хийлгүй шууд байрны мөнгөнд шингээсэн нь “луйвар” мөн хэмээн шүүмжилсэн. Тиймээс “Улаанбаатар хотын даатгал” компанийн гомдол үндэслэлгүй.

 

SHAR.NEWS САЙТЫГ ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ГЭЖ ҮЗЛЭЭ

Соёлын өвийн үндэсний төв Хэвлэл мэдээллийн зөвлөлд хоёр дахь удаагаа гомдол ирүүллээ. www.shar.news сайтад 2018 оны аравдугаар сарын 20-ны өдөр нийтлэгдсэн “Соёлын өвийн үндэсний төвийн дарга Г.Энхбатыг солих цаг болжээ” гарчигтай нийтлэл нь иргэн Г.Энхбатыг гүтгэсэн, гутаан доромжилсон мэдээллийг олон нийтэд түгээж, хувь хүн, ажил хэрэг болон гэр бүлийнх нь нэр хүндэд халдсан гэж Соёлын өвийн үндэсний төв гомдол гаргасан юм.
2018 оны арванхоёрдугаар сард Соёлын өвийн үндэсний төв мөн ХМЗ-д гомдол ирүүлж байсан. Өмнөх гомдол, энэ удаагийн гомдол хоёр аль аль нь дээрх нийтлэлтэй холбоотой.

 

МЭДЭЭЛЛЭЭ НЯГТЛААГҮЙДЭЭ САЙТ УУЧЛАЛ ГУЙЛАА

“Боми инженеринг констракшн” ХХК нэгэн сайтад нийтлэгдсэн “2-р эмнэлгийн өргөтгөл барилгын ажил явагдаж буйтай холбоотой асуудал” нэртэй нийтлэлд гомдол гаргасан.
“Боми инженеринг констракшн” ХХК нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монгол улс болон БНСУ-ын Засгийн газрын хоорондын гэрээгээр тохирсон Улаанбаатарт Үндэсний эмчилгээ оношилгооны төв барих төслийн хүрээнд Хоёрдугаар эмнэлгийн өргөтгөлийн ажлыг ерөнхий гүйцэтгэгчийн статустайгаар 2016 оны тавдугаар сараас хийж байгаа ажээ.

Сайтын нийтлэлд тус компани нь ур чадвартай Монголын компаниудад ажлын өндөр шаардлага тавьж ажил гүйцэтгүүлдэг хийсэн ажилд тохирохгүй хямд хөлс төлж байгаа тухай бичсэнийг бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэн гомдол гаргасан юм.
Сайтын редакц гомдлыг хүлээн аваад “тухайн мэдээллийн үнэн бодитой эсэхийг нягтлан тодруулалгүйгээр өөрсдийн вэб сайтдаа нийтэлсэн нь “Боми инженеринг констракшн” ХХК-ийн нэр хүндэд халдсан үйлдэл болсон байна. Тиймээс бид ёс зүйн алдаа гаргасан энэхүү үйлдэлдээ хариуцлага хүлээж, ташаа мэдээлэл нийтэлсэн тухайгаа залруулга гарган, тус компаниас уучлал гуйхад бэлэн байна” гэсэн хариу ирүүлж, мөн 2019 оны гуравдугаар сарын 19-нд тус сайтаас “Ташаа мэдээллийг залруулах нь” гарчигтайгаар гомдол гаргагчаас хүлцэл өчсөн юм.
ССС-ийн Ёс зүйн хороо энэхүү гомдлыг хэлэлцээд сайтын “2-р эмнэлгийн өргөтгөл барилгын ажил явагдаж буйтай холбоотой асуудал” нийтлэл нь чухал асуудлыг хөндсөн байх магадлалтай ч мэдээллээ батлах ямар нэг эх сурвалж ашиглаагүй, таамаг төдий зүйл бичсэн тул Ёс зүйн зарчмын 1.1-р заалтыг зөрчсөн гэж үзлээ. Гэхдээ редакцийн зүгээс хайнга хандаж, ёс зүйн алдаа гаргаснаа зөвшөөрч “Боми инженеринг констракшн” компаниас уучлал гуйж залруулга гаргасан тул редакцийн нэрийг олон нийтэд зарлахгүй, зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

EAGLE.MN САЙТААС ТАЙЛБАР АВАХААР БОЛОВ

Мобиком Корпораци ХХК-аас eagle.mn сайтын 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн “Мобикомынхон далайхад хэрэглэгчид далдирна” гарчигтай нийтлэлд гомдол гаргасан.Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хороо өргөдөл гомдлыг хэлэлцээд шийдвэр гаргахад  редакцийн хариу тайлбарыг авах шаардлагатай хэмээн үзэж дараагийн хурал хүртэл хойшлуулав.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД