Мэдээ, мэдээлэл

“Хэвлэлийн эрх чөлөөний индекс: Ухралт, шалтгаан, үр дагавар” цахим уулзалт боллоо
“Хэвлэлийн эрх чөлөөний индекс: Ухралт, шалтгаан, үр дагавар” цахим уулзалт боллоо

“Хэвлэлийн эрх чөлөөний индекс: Ухралт, шалтгаан, үр дагавар” цахим уулзалт боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд 2022.05.26-ны өдөр “Хэвлэлийн эрх чөлөөний индекс: Ухралт, шалтгаан, үр дагавар” сэдэвт цахим уулзалт хийлээ. Энэ үеэр ХМЗ-ийн хуульч Л.Галбаатар “Хэвлэлийн эрх чөлөө-2022, Монгол улсын үзүүлэлт” сэдвээр илтгэл танилцуулав. Уулзалтад ХМЗ-ийн удирдах зөвлөлийн болон ёс зүйн хороодын гишүүд, ажлын алба, төслийн багийнхан оролцсон юм.

 

Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас сүүлийн 20 жилийн турш дэлхийн 180 улсын хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргаж байгаа. Энэхүү индексийг гаргахдаа 2022 онд улс төрийн нөхцөл байдал, эрх зүйн орчин, эдийн засгийн нөхцөл байдал, нийгэм-соёлын нөхцөл байдал, аюулгүй байдал гэсэн таван шалгуур үзүүлэлтийг харгалзан үзсэн бөгөөд Монгол улс өмнөх жилээс 22 байраар ухарч 90 дүгээрт жагссан юм. 

 

ХМЗ-ийн гишүүд дээрх шалгуур үзүүлэлтүүдийн нэг болох “Улс төрийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж хэвлэл мэдээлэл дэх улс төрийн ашиг сонирхлын нөлөөлөл, эзэмшлийн ил тод байдал, хэт төвлөрлийн асуудлаар санал бодлоо солилцлоо. Оролцогчид хэвлэл мэдээллийн санхүүгийн баталгаагүй, тогтворгүй байдал нь улс төрийн хамааралд оруулж буйг онцолсон. Иймд редакцууд нэгдэж чанартай контент үйлдвэрлэх, олон нийтийн итгэлийг олох, хэрэглэгчиддээ контентоо борлуулах, тэднээс хандив дэмжлэг авах нь улс төрийн ашиг сонирхлоос ангид байх гарц гэдгийг хуваалцлаа. Түүнчлэн ОНРТ болон ХХЗХ-ны хараат бус байдлын баталгаа нь энэхүү шалгуурыг хангахад чухал нөлөөтэйг дурдав. 

 

Цаашид хэвлэл мэдээллийн салбарынхан дотооддоо ийм төрлийн хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлийг хайж өөрчлөлтийг хамтдаа хийх нь ач холбогдолтой гэдэгт санал нэгдсэн юм. Иймээс ХМЗ-өөс Хэвлэлийн эрх чөлөөний индекст нөлөөлж буй хүчин зүйлсийг шалгуур үзүүлэлт тус бүрээр цувралаар хэлэлцэж байхаар боллоо.

 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД