Мэдээ, мэдээлэл

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛАА ИЛГЭЭЛЭЭ
ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ  ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛАА ИЛГЭЭЛЭЭ

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛАА ИЛГЭЭЛЭЭ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Монголын сайтын холбоотой хамтран 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. 

 

Энэхүү хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн салбарын эвсэл, холбоод, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд хэлэлцүүлгээс гарсан саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн юм. Уг санал нь тус хуулийн төслийн үзэл баримтлал, агуулгыг сайжруулахад хэрэгцээтэй байна хэмээн найдаж байна. 

 

 

ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ 

ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ

 

1. “Шүгэл үлээх” гэх ойлголтыг оновчтой тодорхойлох

 

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 4.1.1-т “шүгэл үлээх” гэж нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөх, өргөдөл, гомдол гаргах, тайлбар өгөх /цаашид “мэдээлэл өгөх” гэх/-ийг” ойлгоно гэжээ. Энэхүү тодорхойлолтоор зөвхөн үйлдэл бус, эрх бүхий байгууллагад хандах нөхцөлийг тусгажээ.

 

Транспаренси интернэшнл олон улсын байгууллагаас гаргасан “Шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомжтой холбоотой олон улсын зарчим”-д “Шүгэл үлээх” гэдгийг төрийн болон хувийн секторын этгээдийн зүгээс нийтийн ашиг сонирхолд аюул, занал учруулахуйц авлига, хууль бус үйлдэл, залилан, аюултай үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухайн мэдээллийн мөрөөр үр дүнтэй арга хэмжээ авна гэж итгэж буй хүн, хуулийн этгээдэд хандан илчлэх” гэж тодорхойлсон байна. 

 

Иймд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 4.1.1-т заасан “шүгэл үлээх” гэх ойлголтыг “4.1.1. “шүгэл үлээх” гэж авлига, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэрэг, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулах, эрх мэдлээ урвуулан ашиглах, төсвийн хөрөнгийг хууль бусаар ашиглах болон эдгээр үйлдлийг нуун дарагдуулах зэрэг нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй нөхцөл байдал, үйлдлийн талаар зохих арга хэмжээ авах хүн, хуулийн этгээдэд хандан тайлагнах, өргөдөл, гомдол гаргах, мэдээлэх, тайлбар өгөх зэргээр илчлэх /цаашид “мэдээлэл өгөх” гэх/-ийг” гэж өөрчлөн найруулах саналтай байна.

 

 

2. Хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэх

 

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 3.2.2-т зааснаар “Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан төрийн нууцыг хамгаалах ажилтан, танилцах эрх бүхий этгээдийн танилцсан төрийн нууцад хамаарах мэдээлэл”-д энэ хууль үйлчлэхгүй байна. Энэ заалт нь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зорилтыг алдагдуулах үр дагавартай байна. Тодруулбал, Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаар төрийн нууцад хамаарах мэдээллийн хүрээ маш өргөн болсон, холбогдох мэдээллийг төрийн нууцад хамааруулахад хялбар болсон, нууцлах шаардлагагүй мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтад нэмж оруулах эрсдэлтэй болсон.

 

Нийт 33 байгууллага, салбарт хуулиар төрийн нууцад хамааруулсан мэдээллийн тоо 60, Засгийн газрын тогтоолоор төрийн нууцад хамааруулсан мэдээллийн тоо 565 байна. Үүнээс төрийн нууцад хамааруулсан онц чухал зэрэглэлтэй мэдээллийн тоо 54, маш нууц зэрэглэлтэй мэдээллийн тоо 527 байна. Энэ нь 2017.09.01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан төрийн нууцад хамаарах мэдээллийн тоо Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолоор хэд дахин нэмэгдсэн болохыг харуулж байна. Үүнээс гадна, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т зааснаар албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, тагнуулын байгууллагын саналыг авсны үндсэн дээр асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална. Үүнтэй холбоотойгоор албаны нууцын жагсаалтад хамаарах мэдээллийн тоо өнөөг хүртэл тодорхой бус байна.

 

Түүнчлэн, нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийн хөндөж буй мэдээллийг ихэвчлэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууцаар халхавчилсан байдаг тул  “Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээхдээ ажилтай холбоотой нууц мэдээллийг агуулсан бол шүгэл үлээгчийг бусад хууль тогтоомж, хамтын гэрээ, хөдөлмөрийн дүрэм, журамд заасан ажил, мэргэжлийн хүрээнд нууц хадгалах үүргээ зөрчсөн гэж үзэхгүй” гэдэг зохицуулалт нь шүгэл үлээгчийг хамгаалахтай холбоотой стандарт заалт болдог. Энэ нь олон улсын зарчмуудад нэгэн адил тусгагдсан. Тодруулбал, “Үндэсний аюулгүй байдал ба мэдээлэл авах эрхийн талаарх олон улсын зарчим” буюу “Тшванийн зарчим”-д нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь мэдээллийг нууцлах сонирхлоос илүү чухал байгаа тохиолдолд тийнхүү мэдээллийг нууцлах үүргээ зөрчсөн гэх төрийн албан хаагчийг шүгэл үлээгчтэй адилтган үзэж хамгаална гэж заасан. Энэ зарчим нь Данийн Эрүүгийн хууль, Канадын Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуульд тус тус баталгаажсан байдаг. Мөн Европын Зөвлөлөөс “шүгэл үлээгчийг хамгаалах хүрээг хязгаарлах нь хуулийн зохицуулалтад үл итгэх байдлыг нэмэгдүүлнэ” гэж онцолжээ.

 

Мөн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 3.2.2-т заасан зохицуулалт нь Авлигын эсрэг хуулийн 8.2-т заасан “Энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргийг хэрэгжүүлэхэд төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиар тогтоосон хязгаарлалт хамаарахгүй”, тус хуулийн төслийн 11.1-т заасан “...нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээхэд нууцын тухай хязгаарлалт хамаарахгүй” гэсэнтэй тус тус нийцэхгүй байна.

 

Иймд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 3.2.2-т “Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан төрийн нууцыг хамгаалах ажилтан, танилцах эрх бүхий этгээдийн танилцсан төрийн нууцад хамаарах мэдээлэл” гэж заасныг хасах саналтай байна.

 

 

3. Шүгэл үлээх арга зам, сувгийг оновчтой болгох

 

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 3.2, 7.1, 7.2 дахь хэсэгт буй зохицуулалтаас харахад зөвхөн төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэлтэй холбоотойгоор төрийн байгууллагад хандаж шүгэл үлээх боломжтой байна. Шүгэл үлээх үндсэн зорилго бол хууль бус үйлдлийг зогсоох, тэрхүү хууль бус үйлдэлд арга хэмжээ авах юм. Тиймээс тэрхүү хууль бус үйлдэл гарч буй газарт хандаж мэдээллийг илчлэх нь чухал юм. Мөн шүгэл үлээх буюу мэдээллийг илчлэх механизм нь уян хатан буюу итгэл хүлээхүйц байх шаардлагатай. 

 

Ажлын байрандаа шүгэл үлээх нь боломжгүй буюу үр нөлөөгүй бол тухайн хувь хүний хувьд зохицуулах байгууллага, хяналт тавих байгууллага буюу тухайн байгууллагын гаднах этгээдэд хандаж шүгэл үлээж болно. Ийнхүү шүгэл үлээх суваг нь төрийн эрх бүхий байгууллага, хууль сахиулах, мөрдөн шалгах байгууллага, сонгогдсон албан тушаалтан, тухайн мэдээллийг хүлээн авахаар байгуулагдсан тусгайлсан байгууллага, хуульч, сэтгүүлч байна. Тухайлбал, Aвстрали улсад шүгэл үлээгч нь мөрдөн шалгуулахгүй байх, тийнхүү мөрдөн шалгуулсан ч ямар нэг арга хэмжээ авах нь тодорхойгүй буюу зургаан сарын хугацаа өнгөрсөн ч шүгэл үлээгчид арга хэмжээ авсан эсэх талаар мэдэгдээгүй бол шүгэл үлээгч нь сэтгүүлчид хандаж шүгэл үлээж болохоор хуульчилсан байна.

 

Иймд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 6 дугаар зүйлд дараах хэсэг нэмэх саналтай байна:

 

“6.8.Энэ хуулийн 6.1-т зааснаас үл хамааран шүгэл үлээгч нь өөрийн хувийн мэдээллийг ил болгохгүйгээр өөрийн өмнөөс хуульчаар, эсхүл сэтгүүлчээр дамжуулан шүгэл үлээж болно. 

6.9. Энэ хуулийн 6.8-т заасан тохиолдолд энэ хуулийн 6.2.3-т заасан шүгэл үлээгчийн хувийн мэдээллийг хуульчийн, эсхүл сэтгүүлчийн мэдээллээр орлуулна.

6.10.Энэ хуулийн 6.8, 6.9-т заасан хуульч, сэтгүүлчээс шүгэл үлээгчийн үйл ажиллагаатай нь холбогдуулан гэрчээр болон бусад байдлаар байцаах, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мэдүүлэг, тайлбар авах, шүгэл үлээгчийн хувийн мэдээллийг шаардахыг хориглоно.”

 

 

4. Шүгэл үлээсэн мэдээллийн мөрөөр авах арга хэмжээг тодорхой болгох

 

Хуулийн төслийн 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн холбогдох хэсэгт шүгэл үлээсэн мэдээллийн мөрөөр авах арга хэмжээтэй холбоотой харилцааг тусгасан байна. Эндээс харахад, шүгэл үлээж өгсөн мэдээллийн мөрөөр авах арга хэмжээ нь мэдээллийг хүлээн авсан байгууллагын харьяалан шийдвэрлэх асуудал эсэхээс хамаарах, хяналт шалгалт явуулах, түүний үр дүнг шүгэл үлээгчид мэдэгдэхээр хязгаарлагдаж байна. 

 

Транспаренси интернэшнл олон улсын байгууллагаас гаргасан “Шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомжтой холбоотой олон улсын зарчим”-ын 30-д зааснаар шүгэл үлээж өгсөн мэдээллийн мөрөөр зохих байгууллага үргэлжлүүлэн ажиллах, залруулах арга хэмжээ авах, бодлогын шинэтгэл хийх нь гол үр дүн байх юм. Тодруулбал, шүгэл үлээж буй зорилго нь нийтийн эрх ашгийг хангах бодлогын өөрчлөлт гаргах бөгөөд хяналт шалгалтын талаар шүгэл үлээгчид мэдээлэл өгөхөөр хязгаарлагдах ёсгүй.

 

Иймд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 7, 8 дугаар зүйлд шүгэл үлээгчийн мөрөөр авах арга хэмжээг өргөжүүлэх, түүнд байнгын хяналт тавих механизмыг тодорхой болгох, энэ хүрээнд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалах зохицуулалтыг тусгах саналтай байна.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД