Мэдээ, мэдээлэл

“НИЙГМИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ ГАРЛАА
“НИЙГМИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ ГАРЛАА

“НИЙГМИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ ГАРЛАА

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Нийгмийн хэвлэл мэдээллийн зохицуулалт” дугуй ширээний ярилцлагыг 2021 оны есдүгээр сарын 29-ний Лхагва гаригт зохион байгуулсан билээ. 

 

Энэхүү дугуй ширээний ярилцлага нь нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл (сошиал медиа) -ийн эрх зүйн болон өөрийн зохицуулалтын чиглэлээр оролцогч талуудын хооронд санал бодлоо солилцох зорилготой байсан бөгөөд хэвлэл мэдээллийнхэн, хуульчид, судлаачид болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос нийгмийн хэвлэл мэдээллийг зохицуулахтай холбоотой санал, зөвлөмж гарсныг ийнхүү толилуулж байна. Уг санал, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад мөн илгээсэн бөгөөд тус харилцааг зохицуулах бодлогын баримт бичгийн үзэл баримтлал, агуулгыг гаргахад хэрэгцээтэй байна хэмээн найдаж байна. Зөвлөмжийг эндээс үзэх боломжтой. 

 

 

 

“НИЙГМИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГЫН ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ

 

 

Нэг. Ерөнхий нөхцөл байдал

 

Сошиал сүлжээ нь XXI зууны хүмүүсийн хоорондын харилцааны гол суваг болсон. Технологийн дэвшилд суурилсан сошиал платформууд бий болсноор хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ урьд өмнө байгаагүйгээр эдлэх боломжтой болж байна. Хил хязгаар харгалзахгүй мэдээлэл түгээх, хүлээн авах талбар болсон сошиал орчинд дандаа зөв, бодит, эерэг мэдээлэл ноёлохгүй байгаа нь эдүгээ маргаан дагуулаад байна. Энэ маргаан нь сошиал орчныг зохицуулах шаардлагатай юу, шаардлагатай бол хэн зохицуулах вэ, яаж зохицуулах вэ гэсэн асуудлуудыг тойрон өрнөж байна. Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах зорилгоор тавьдаг цензурын хэлбэрүүд энэ зохицуулалтын малгай дор сошиал орчинд нэвтэрч байгаа юм. 2012 оны зургадугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл “Хүмүүсийн оффлайн орчин дахь эрхүүд, тэр дундаа үзэл бодлоо илэрхийлэх эрх онлайн орчинд нэгэн адил хамгаалагдах ёстой” гэж тэмдэглэсэн. Мөн үүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2013 оны 11 дүгээр сард баталгаажуулж, “хүмүүсийн оффлайн орчин дахь эрхүүд, тэр дундаа халдашгүй, нууцлалтай байх эрх онлайн орчинд нэгэн адил хамгаалагдах ёстой” гэж тэмдэглэжээ. 

 

2021 оны байдлаар Монголын 3.3 сая хүн амын 78.7 хувь нь сошиал медиа хэрэглэж байна. Сошиал медиа хэрэглэгчийн дийлэнх нь буюу 2.749 мянга нь фэйсбүүк ашиглаж байна. Сошиал медиад хэрэглэгчийн үүсгэсэн онлайн контенттой холбоотойгоор холбогдох хууль тогтоомжоос гадна тусгайлсан хэм хэмжээ буюу Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2020 оны А/200,А/169 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам” тус үйлчилж байна.

 

 

Хоёр. Үүсэж буй асуудал

 

Монголын Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвөөс (ЭССТТ) Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр  2020 оны  УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн фэйсбүүк хаягт хийсэн мониторингийн танилцуулгад дурдсанаар, Фэйсбүүк талбар өөрөө сонгууль, улс төрийн холбогдолтой төлбөртэй түгээгдсэн мэдээллийн санг /Ad Library/ эхлүүлээд байгаа ба түүнд хэн, хэзээ ямар мэдээллийг, ямар хэмжээний төлбөр төлж нийтэлснийг хайлт хийх боломжтойгоор нэгтгэжээ. Энэ зохицуулалтын ач холбогдол 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр Монголд төдий л ажиглагдаагүй өнгөрсөн нь дотоодын хууль тогтоомжид ил тод байдлын чухал асуудлыг уялдаатай зохицуулалтгүй орхисонтой холбоотой байна.

 

Харин 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаа, сонгуультай холбоотойгоор цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэрэгжилт ямар байсан талаар хуульч, судлаач Л.Галбаатарын ННФ, ЭССТТ-тэй хамтран хийсэн мониторингийн танилцуулгад дурдсанаар, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг хамгаалсан байх бөгөөд нэр дэвшигчийн талаарх худал болон илт худал мэдээллийг тараасан үйлдэлд хариуцлага хүлээлгэхээр байна. Эдгээр зохицуулалтад “худал мэдээлэл” ба “илт худал мэдээлэл” гэдгийг тодорхойлоогүй, түүнчлэн нэр дэвшигч холбогдох бодит, зөв мэдээллээ урьдчилж нийтэд мэдээлснээс хойш худал мэдээлэл тараасан эсэхийг харгалзах талаар орхигдуулсан байна. Тодруулбал, сонгогчийн тараасан мэдээлэл нь нэр дэвшигчийн холбогдох мэдээлэл ил болоогүй буюу хуучирсантай холбоотой эсэх, эсхүл тийнхүү бодит, зөв мэдээлэл ил болсон байхад зориуд худал мэдээлэл тараасан эсэхийг харгалзахгүйгээр шийтгэл оноохоор зохицуулсан нь буруу байна. Энэ нь цахим орчинд сонгуультай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зохисгүйгээр хязгаарласан шинжтэй байна. Мөн нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон “худал мэдээлэл” тараасан бол Зөрчлийн тухай хуулиар 5 сая төгрөгөөр, “илт худал мэдээлэл” тараасан бол Эрүүгийн хуулиар 450,000 төгрөгөөр торгохоор байгаа нь зөрчил, гэмт хэргийн ялгааг харгалзаагүй, зөрчлийн шинж байдал ба шийтгэлийн төрөл, хэмжээг огт уялдуулаагүй байх бөгөөд зөрчлийн шинжтэй үйлдлийг шууд эрүүгийн хэргийн журмаар шалгаж шийдэх үр дагаврыг бий болгож байна. Эрүүгийн хуульд зааснаас хүнд шийтгэлийг Зөрчлийн тухай хуульд заасныг сонгуультай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зориуд хязгаарласан гэж үзэхэд хүргэж байна.

 

Глоб Интернэшнл төвөөс Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө” төслийн хүрээнд 2019 онд хийсэн “Нийгмийн хэвлэл мэдээллийн зохицуулалт” судалгааны танилцуулгад дурдсанаар, social media буюу нийгмийн хэвлэл мэдээллийг өргөн хүрээнд нэвтрүүлэх хэрэгсэл гэж хэлж болох бол social network буюу нийгмийн сүлжээ нь бусдыг хооронд нь холбоход ашиглагддаг хэрэгсэл юм. Энэ хоёр ойлголт нь утга зүйн талаас гадна хэрэглээний хувьд ч адилгүй. Энэ байдлыг анхаарч үзэхгүйгээр хуулиар зохицуулах гэж оролдох нь цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зохисгүйгээр хөндөх, цензур тогтоох эрсдэлтэй байна.

 

 

Гурав. Зөвлөмж

 

Дээр дурдсан нөхцөл байдал, асуудалтай холбоотойгоор “Нийгмийн хэвлэл мэдээллийн зохицуулалт” дугуй ширээний ярилцлагын үр дүнгээс дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

 

Хууль тогтоогч буюу Улсын Их Хурлын хувьд Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль дахь “худал мэдээлэл”, “илт худал мэдээлэл” гэх зохицуулалт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн зарчимтай шууд харшилж байгааг хүлээн зөвшөөрч, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 7-д заасан “нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараах” зөрчлийг, 5.13 дугаар зүйлийн 1-т заасан “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээх”, Эрүүгийн хуулийн 14.8 дугаар зүйлийн 1-т заасан “Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараах”, 13.14 дүгээр зүйлийн 1-т заасан “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах” гэмт хэргийг тус тус хуулиас хасах.

 

Дээр дурдсаны дагуу Улсын Их Хурлаас Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хасах хүртэлх хугацаанд Улсын Дээд шүүхээс зөрчил, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байхын тулд “худал мэдээлэл”, “илт худал мэдээлэл” гэх ойлголтыг Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийг хангах зорилгоор тайлбарлах. Энэ хүрээнд олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл тараах, түгээхтэй холбоотой Зөрчлийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хяналт тавьж буй эрх бүхий албан тушаалтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Ерөнхий тайлбар №34 буюу үзэл бодол, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой тайлбаруудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд харгалзан үзэж байх дадал бий болгох.

 

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 36 дахь чуулганаар Монгол Улсад өгсөн “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэтийн хэрэглээнд тогтоосон хязгаарлалтыг цуцлах талаар шаардлагатай хүчин чармайлт гаргах” гэсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 08 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2020 оны А/200,А/169 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам”-уудыг тус тус өөрчлөх. Энэ хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос дээрх журмуудын дагуу шийдвэрлэж буй гомдлын агуулга, шийдвэрийн талаар тухай бүр цахим хуудсаараа дамжуулан ил тод мэдээлж байх.

 

Улсын Их Хурлын хувьд цахим орчин дахь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарласан хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль тогтоомж баталсаар байгаа практик нь “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай” хууль батлах, хэлэлцэх үе шатанд нийгмийн бүх талын оролцогч онцгой анхаарал хандуулах, тэрхүү хууль нь хэрэглэгч буюу иргэдэд цензур тогтоох бус фэйсбүүк гэх мэт технологийн том тоглогчид буюу платформд үүрэг хүлээлгэхэд чиглэсэн байх учиртайг тухай бүр сануулж, шаардаж байх.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД