Мэдээ, мэдээлэл

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14-ИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХМЗ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14-ИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХМЗ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14-ИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХМЗ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

   Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-ийн Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг 2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд зохион байгууллаа. Энэ удаагийн хурлаар Эрүүгийн хуулийн 13.14 дэх “Худал мэдээлэл тараах, түгээх” заалтад ХЗДХЯ  нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийн санал боловсруулсантай холбогдуулан ХМЗ-ийн байр суурийг нэгтгэх, энэ талаар хэлэлцэж цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар Удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцлээ. Уг хурлаар дараах байр суурийг нэгтгэсэн болно.

   ХЗДХЯ-наас боловсруулан вэб сайтдаа байршуулсан уг хуулийн төсөл нь холбогдох мэргэжлийн байгууллагууд болон олон нийтээс санал авалгүйгээр хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчин арванхоёрдугаар сарын 16-ны Засгийн газрын хуралдаанд оруулахаар болсоныг ХМЗ эрс эсэргүүцэж байна. Иймээс бусад эвсэл, холбоодтой нэгдэж хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахгүй байх талаас шахалт үзүүлэх шаардлагатай гэж үзлээ.

   ХЗДХЯ уг хуулийн төслийг боловсруулснаараа Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль зэрэг олон хууль тогтоомжийг зөрчиж байна. Иргэний нэр төр, алдар хүндийг хамгаалах, нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх эрсдлээс хамгаалсан зохицуулалтууд нь бусад олон хууль тогтоомжид баталгаажсан байдгийг давхарлуулсаныг Удирдах зөвлөлийн гишүүд эрс буруушаасан юм.

“Худал мэдээлэл тараах, түгээх” гэсэн нэг заалтад

  • Гүтгэлгээс иргэний нэр төр, алдар хүндийг хамгаалах
  • Худал мэдээлэл тараасны улмаас нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх

гэсэн хуулийн хоёр өөр зохицуулалтыг хольж оруулсан нь эрх мэдэлтнүүдэд өөрсдийгөө хамгаалах боломжийг олгож байгааг эсэргүүцлээ.

   Сэтгүүл зүйд хүний нэр хүндийг хамгаалах, хүний эрхийг дээдлэхдээ сэтгүүлчид ЁС ЗҮЙН өндөр хариуцлага хүлээдэг бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан нэгдэж нийлээд Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг хэрэгжүүлж ирсэн зургаан жилийн түүх туршлага, хичээл зүтгэл, оролдлогыг хууль тогтоогч, боловсруулагчид харгалзан үздэг, хүлээн зөвшөөрдөг соёлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж үзэв. Иймд санамсаргүй байдлаас мэргэжлийн ур чадвар дутсанаас үүдэн түгээгдсэн худал мэдээлэлд сэтгүүлчид, редакцууд уучлал гуйн залруулга гаргах зөөлөн зохицуулалтын хэм хэмжээг хэрэгжүүлэх орон зайг шахаж шаардах хэрэгтэй байгаад санал нэгдлээ.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД