Мэдээ, мэдээлэл

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14 ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ ЗААЛТАД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨД ХМЗ САНАЛАА ХҮРГҮҮЛЭВ
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14 ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ ЗААЛТАД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨД ХМЗ САНАЛАА ХҮРГҮҮЛЭВ

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14 ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ ЗААЛТАД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨД ХМЗ САНАЛАА ХҮРГҮҮЛЭВ

   УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нараас 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Хэвлэл мэдээллийн зөвлөлд хандан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох саналаа ирүүлэхийг хүссэн УИХ-03/2811 тоот албан бичиг ирүүлсэн. Албан бичигт Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг хэрэгжүүлж эхэлснээс хойших практик үр дагавар болон УИХ-ын гишүүдийн боловсруулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, төслийг хавсарган ирүүлсэн юм. 

   ХМЗ-ийн удирдах зөвлөл ирүүлсэн албан бичиг болон хавсралттай сайтар танилцаад 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр саналаа хүргүүлсэн. Ингэхдээ “худал мэдээлэл тараах” нь гэмт хэрэгт тооцогдох тухай тус хуулийн заалт нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахдаа мэдээлэл түгээгчийн санаатай болон санамсаргүйгээр хийсэн үйлдлийн ялгааг тодорхой зааглаагүйгээс хуулийг урвуулан ашиглах боломжийг үүсгэж, хэвлэлийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлнө хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. 

 

Та бүхэн ХМЗ-ийн хүргүүлсэн саналыг бүрэн эхээр нь хүлээн авна уу.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР, М.ОЮУНЧИМЭГ, Б.ЖАРГАЛМАА ТАНАА

   Хэвлэлийн эрх чөлөө нь мэдээлэлтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх хүний үндсэн эрхэд суурилсан ардчилсан нийгмийн салшгүй хэсэг билээ. Иргэд нь найдвартай мэдээлэлтэй мөн олон талт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж түгээх боломжтой тохиолдолд л ардчилал бүрэн оршин тогтнож чадна.

   Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж боогдуулах болон хуулийг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах зорилгоор Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар санаачилга гаргаж, Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ)-өөс мэргэжлийн санал ирүүлэхийг хүссэнд талархаж байна. 

   Эрүүгийн хуулийн дээр дурьдсан заалтад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн зорилгыг ХМЗ дэмжиж байгаа бөгөөд хуулийн төслийн ерөнхий заалтад нэмэлт тодотгол хийх саналыг дэвшүүлж, мөн нэмэлт тайлбарын томъёоллыг илүү оновчтой болгох шаардлагатай хэмээн үзэж байна. ХМЗ-ийн Удирдах зөвлөл болон удирдлагын баг Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг хэрэгжүүлж эхэлсэнээс хойших практик үр дагавар болон УИХ-ын гишүүн Та бүхний боловсруулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгатай сайтар танилцаад саналаа тайлбарын хамт Хавсралтаар  хүргүүлж байна. 

   Эрхэм хууль тогтоогч Таныг бидний хүргүүлж буй саналтай танилцаж, санаатайгаар илт худал баримтыг олон нийтэд тарааж хүний нэр төрд халдаж, хохирол учруулсан үр дагаврыг Эрүүгийн хуулиар шийддэг харин сэтгүүл зүйн чанарын агуулгатай холбоотой санамсаргүйгээр үйлдсэн алдаа дутагдлыг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн хүрээнд салбарын өөрийн зохицуулалтаар (media self-regulation) шийдвэрлэдэг соёлыг дэмжиж, ийм боломжийг эрх зүйн хувьд илүү баталгаажуулахыг хүсье. 

 

 

ХАВСРАЛТ

 

САНАЛ, ТАЙЛБАР

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй заалт:

Эрүүгийн хууль 13.14. Худал мэдээлэл тараах 

   Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нарын санаачилж буй төсөл:

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах тайлбар нэмсүгэй:

“Тайлбар: -Энэ гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй.

  • Үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй.”

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль болон хуулийн төсөлд өгөх санал:

Эрүүгийн хууль 13.14. Худал мэдээлэл тараах Гүтгэх

   Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг худал баримтыг зориудаар олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

 

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд өгөх санал:

  1. Эрүүгийн хуулийн хатуу хариуцлагыг хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болон хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудал дээр зөвхөн “онц их буруутай” тохиолдолд ашиглах ёстой гэж бид үздэг. Иймээс мэдээлэл тараагч нь хүний үндсэн эрх, нэр төрийг санаатайгаар (өөрөөр хэлбэл мэдсээр байж) буруугаар ашиглах нь “онц их буруутай байх” гэсэн ойлголтыг илэрхийлнэ гэж үзэж байна. Зөвхөн хохирол учруулсан санаатай үйлдэлд л эрүүгийн шийтгэл оногдуулах учиртай. Ийм агуулгыг хуулийн гол санаа гэдэгтэй санал нэгдэж байвал хуулийн гарчигийг “худал мэдээлэл тараах” бус “гүтгэх” гэж шууд утгаар томъёолох нь зохистой. 

   Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт нь үр нөлөө/үр дагаврыг бус арга хэрэгслийг (худал мэдээлэл тараах) шийтгэж байна хэмээн бид үзэж байна. Учир нь хүн, хуулийн этгээдийн нэр төрд халдсан гүтгэлгийг Эрүүгийн хуулиар шийтгэхдээ тухайн хэргийн үр нөлөө/үр дагаварт нь шийтгэл оногдуулахаас бус арга хэрэгслийг шийтгэх учиргүй юм. Учир нь худал мэдээлэл тараахгүйгээр гүтгэлгийг хийж болдог. Жишээ нь: цуурхал тараах, гуравдагч этгээдийн үзэл бодол дамжуулах гэх мэт.  

   Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль нь худал хуурмаг, нэр төрд халдсан баримтыг тухайн мэдээллийг тараагч нь худал болохыг нь мэдэлгүйгээр олон нийтэд түгээхэд ч эрүүгийн шийтгэл хүлээх эрсдлийг агуулж байна. Үнэн зөв, баталгаатай хэмээн эх сурвалждаа найдаснаас, түүнчлэн баримтыг нөхцөл байдлын улмаас гүйцэд нягтлаагүйн улмаас баримт/мэдээлэл нь буруу болохыг нийтийн хүртээл болсоны дараа олж мэдэх явдал сэтгүүл зүйд тохиолддог. Энэ нь ихэнхидээ сэтгүүлчийн мэргэжлийн ур чадвар дутах болон цаг хугацааны дарамтаас шалтгаалах нь бий. Гэвч нэг талаас эзэд, хөрөнгө оруулагчид сэтгүүлчдийн давтан сургалт, мэргэшүүлэх байдалд цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатайг харуулдаг. Нөгөө талаас мэдээллийг нягталж шалгах, гүнзгийрүүлэн судлах, эрэн сурвалжлахад эх сурвалжаа нууцлах эрх зүйн баталгаагүй байдал нь мэргэжлийн үйл ажиллагаанд нь саад болсоор байна.  

   Хэвлэл мэдээллийн зөвлөлөөр хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим зөрчсөн хэмээн шийдэгдсэн хэргүүдийн дийлэнх нь баримтыг дутуу нягталж шалгаснаас үүдсэн санаатай бус (санамсаргүй) алдаа байна. Ийм тохиолдолд, ХМЗ мэргэжлийн ямар ур чадвар дутсанаас редакц алдаа гаргасныг тайлбарлаж, цаашид ийм алдааг давтахгүй байхыг сануулж, залруулга гаргаж хариуцлагаа хүлээхийг зөвлөдөг. Иймэрхүү зөөлөн зохицуулалтын нийгэмд үзүүлэх эерэг үр нөлөө нь хэвлэлийн эрх чөлөөнд халгүйгээр алдааг залруулах боломжтойг харуулдаг. Сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь сэтгүүлчийн мэргэжлийн ажлаа гүйцэтгэхдээ гаргасан санамсаргүй алдаа нь эрүүгийн хариуцлага хүлээх шалтгаан болох ёсгүй хэмээн үздэг.     

  1. Эрүүгийн хуулийн 13.14 дэх "мэдээлэл" гэсэн нэр томъёог "баримт" гэсэн нэр томъёогоор солих саналтай байна. Учир нь “мэдээлэл” нь нэг талаас баримт /факт/ нөгөө талаас үзэл бодол/үнэлэмжийн талаарх дүгнэлтийг илэрхийлж болно. Жишээлбэл, ХМЗ-д нэгэн сайтын эсрэг гаргасан гомдолд “Цусанд нь шуналын дон шүглэсэн гэр бүлийнхэн” гэсэн сөрөг үнэлгээг Ёс зүйн хэм хэмжээ “зөрчсөн” хэмээн дүгнэж залруулга гаргаж уучлал гуйхыг редакцад даалгасан. Харин ижил цаг хугацаанд өөр нэг сэтгүүлч “Утсан хүүхэлдэй” гэж сөрөг үнэлгээ өгсөнийхөө төлөө хуулиар торгуулийн хариуцлага хүлээсэн жишээ бий. Гэтэл энэ нь сэтгүүл зүйд түгээмэл ашигладаг үнэлэмжийн талаарх дүгнэлт юм. Нөгөө талаас сэтгүүл зүйд бусдын хэлсэн үгийг /үүнийг мөн л мэдээлэл гэж ойлгоно/ шууд дамжуулах арга техникийг ч ашигладаг. 

   Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу шүүгч л “худал мэдээлэл” эсвэл “үнэлэмжийн талаарх дүгнэлт” гэдгийг шийдэх ёстой. Тиймээс НҮБ-аас өгсөн тайлбар зөвлөмжийн дагуу  хууль тогтоомж боловсруулахдаа дараах нэршлийн ялгаатай байдлыг харгалзаж үзэхийг  зөвлөж байна. Үүнд: 

  • Худал /хуурамч/ мэдээлэл (Disinformation) гэдэг нь хувь хүн, нийгмийн бүлгүүд, байгууллага, улс оронд хор хохирол учруулахын тулд урьдчилан төлөвлөж зохиосон худал мэдээлэл 

  • Хуудуутай мэдээлэл (Misinformation) гэдэг нь худал мэдээлэл боловч хувь хүн, нийгмийн бүлгүүд, байгууллага, улс оронд хор хохирол учруулах санаа зорилго агуулаагүй, зохиогоогүй мэдээлэл

  • Дэгс мэдээлэл (Mal-information) гэдэг нь бодит байдалд үндэслэсэн боловч хувь хүн, нийгмийн бүлгүүд, байгууллага, эсвэл улс оронд хор хохирол учруулахын тулд ашигласан мэдээлэл   

   “Худал мэдээлэл тараах” (Disinformation) тухай хуулийн хатуу хариуцлага нь олон нийтийн өмнөөс шүүмжийг өрнүүлдэг сэтгүүлчдийн хувьд “амандаа хаалт” хийх буюу өөрийн цензурт түлхэж, улмаар тэд дуугарахаас татгалзаж эхэлдэг. Үр дагавар нь ардчилал, нээлттэй, ил тод байдалд асар сөргөөр нөлөөлдөг. Иймээс “худал мэдээлэл тараах” гэдгийг шүүгч ялгаж тогтоохыг Дээд шүүхийн тайлбарт үлдээх бус хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулж “илт худал баримтыг зориудаар тараасан” гэсэн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай гэдгийг бид санал болгож байна.

  1. Хохирол учруулах санаагүйгээр хуурамч баримт тараахыг түүний харьцааны асуудлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулиас гадуур шийдвэрлэх нь зүйтэй хэмээн бид үзэж байна. Амьдрал дээр үүнийг зохицуулах гурван зохицуулалт бий: 1) Иргэний хууль, 2) Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, 3) Сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт (үүнд сошиал медиа орохгүй) багтана. 

   Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэл мэдээллийн зөвлөл нь чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хариуцлагатай, ёс зүйтэй хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх чиг үүрэгтэйгээр 2015 оны эхээр байгуулагдсан хэвлэл мэдээллийн эзэд болон сэтгүүлчдийн эвсэл юм. Өргөн нэвтрүүлэг, хэвлэмэл болон цахим хэвлэл, орон нутгийн хэвлэл мэдээлэл болон олон нийтийн төлөөлөл бүхий 45 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас сэтгүүл зүйн ёс зүйн асуудалтай холбоотой 375 өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн. 

   Сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимдаа харгалзах заалтуудыг тусгаж, түүнийгээ хэрэгжүүлэхийг сэтгүүлчдэд үргэлж сануулсаар ирсэн. Тухайлбал, баримтыг зохих ёсоор нягтлан шалгах, олон талын эх сурвалжуудаар мэдээллийг баталгаажуулах, буруутгагдаж буй этгээдийг заавал сонсож тайлбар авах, хэрэв санамсаргүйгээр хуурамч мэдээлэл түгээсэн бол өөрийн хариуцлагаа ухамсарлаж залруулга гаргах гэх мэт. 

   Ардчиллыг хөгжүүлж буй улс орнуудын хувьд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдлыг хангахад салбарын өөрийн зохицуулалт гол хөшүүрэг мөн гэдгийг ЮНЕСКО онцолсоор ирсэн. Энэхүү нийтлэг сайн жишгийн дагуу Монголын ХМЗ нь сэтгүүл зүйн агуулгын чанарын хяналтыг салбарын өөрийн зохицуулалтаар шийдвэрлэхийг илүүд үздэг.   

 

  1. Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтын зарим үг, нэршлийг нухацтай судалж, оновчтойгоор томъёолох шаардлагатай байна. Тухайлбал, тараах, түгээх гэсэн үгийн аль оновчтойг нь сонгож хуульчлахгүй бол хэргийг шалгаж буй албан хаагч нь худал мэдээллийг цахим орчинд хуваалцсан (share) хүмүүст ч хариуцлага хүлээлгэх эрсдэлтэй гэж бид үзэж байна. 

   Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.14-т Худал мэдээлэл тараах мөн хуулийн 14.8-т Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэсэн бол Коронавируст халдвар /КОВИД19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13.3-т ... олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно; Зөрчлийн хуулийн 5.13-т Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн бол ... хэмээн томъёолсон байна. Энэ мэтчилэн тараах, түгээх гэдэг нэр томъёог харилцан адилгүй хуульчилж, хуульд хэрэглэж байгаа ойлголтыг нэг мөр жигдлэх нь зүйтэй.

   Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудаас харахад бараа, бүтээгдэхүүнийг түгээх (to distribute), харин мэдээллийг тараах (to disseminate) гэсэн нэр томъёог ашиглаж байгаа нь нийтлэг байгаа тул цаашид “мэдээлэл тараах” гэсэн томъёоллыг ашиглах нь зүйтэй гэсэн саналтай байна. 

 

Нэмэлт оруулахаар төлөвлөж буй тайлбарт өгөх санал:

   Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгад “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага хамаарахгүй тухай тайлбар оруулна. Ингэснээр төрийн байгууллага, улс төрд нөлөө бүхий этгээд Эрүүгийн хуулийн заалтыг өөрт ашигтайгаар хэрэглэж, төрийн үйл ажиллагаатай нь холбогдуулан шүүмжилсэн, авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон талаар хардаж мэдээлэл түгээсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийг Эрүүгийн хэрэг үүсгүүлж,  улмаар мэдээллийн эх сурвалжаа хэлэхийг шахах, дарамтлах, иргэдийн мэдэх эрхийн амыг үдэх боломж олгосон эрх зүйн үндэс арилна” хэмээн тайлбарлажээ. 

 

   Зарчмын хувьд бид дээрх үндэслэлтэй санал нийлж буй хэдий ч нэмэлтээр оруулахаар төлөвлөж буй тайлбарын зарим нэр томъёог илүү тодорхой болгож, тайлбар хийхийг санал болгож байна. 

 

  1. Эрүүгийн хуулийн 13.14-т оруулах нэмэлт тайлбар нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн (санаатай худал үйлдэл)-ийн үндсэн асуудлыг бүрэн шийдэж чадахгүй хэмээн бид үзэж байна. Учир нь “улс төрд нөлөө бүхий этгээд”, “төрийн байгууллага” гэсэн нэр томъёо нь тодорхойгүй байдлыг үүсгэж байна. 

   Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэн хэн ч байсан санаатайгаар худал баримт/мэдээлэл тарааж хэн нэгнийг гүтгэсэн бол хуулийн хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Харин Эрүүгийн хуульд гэмт хэргийн хохирогчдыг ялгаж ангилах нь хэвлэлийн эрх чөлөөнд хязгаарлалт болж болзошгүй гэдгийг хууль санаачлагчид анхаарахыг зөвлөж байна. 

   Тухайлбал, “улс төрд нөлөө бүхий этгээд” гэдэгт хэн буюу ямар албан тушаалтай хүмүүс хамрагдахыг хэн, хэрхэн яаж тогтоох вэ? Шүүгч, прокурорууд эрүүгийн хэргийг шалгахдаа энэ бүлэгт орох хүмүүс, байгууллагыг эрх зүйн ямар үндэслэлээр ялгаж үзэх вэ? Мөн “төрийн байгууллага” гэдэгт эрүүл мэнд, барилга, боловсролын гээд бүхий л төрийн үйлчилгээний байгууллагууд хамаарах уу? зэрэг асуултад хариулах шаардлагатай болж байна. Эс бөгөөс энэ ялгаатай байдал нь сэтгүүлчид хэнийг ямар албаны эрхээ хэрэгжүүлсэнтэй холбогдуулж хардаж, сэрдэж болно/болохгүй гэсэн олон нийтийн хэлэлцүүлгийг үүсгэх болно.

 

  1. Хуулийн тайлбарын төсөлд буй “хардсан, сэрдсэн” гэдэг ойлголт нь тухайн зүйлийн үнэн/зөв эсвэл худал болохыг хараахан тогтоогоогүй байгаа явдал билээ. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд нь олон нийтийн сонирхлыг төлөөлж, олон нийтийн сонирхлыг тээгчид болдог. Иймд сэтгүүл зүйн ёс зүйн зарчимд хардсан, сэрдсэн, баталгаагүй мэдээллийг сэтгүүлчид сурвалжилж мэдээлж болох ч үүнийгээ таамаг, баталгаагүй мэдээлэл гэдгийг заавал дурьдаж олон нийтэд түгээхийг сануулдаг. 

   Хэрэв сэтгүүлчид “таамаг, баталгаагүй мэдээлэл” гэдгийг дурьдалгүйгээр мэргэжлийн алдаа гаргавал өөрийн зохицуулалтаар залруулах боломжийг олгодог. Иймд хуулийн нэмэлт тайлбарт оруулахаар төлөвлөж буй “хардалт, сэрдэлт” хэмээх нэр томъёо нь хуулийн хүрээг өргөжүүлж, хэвлэлийн эрх чөлөөнд хязгаарлалт үзүүлэх нөлөө болж болзошгүй тул ийм асуудлыг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаар зохицуулах боломжтой юм. 

   Иймд бид хуулийн төсөл дэх нэмэлт тайлбарыг илүү оновчтой боловсруулж томъёолохын тулд хуульчид, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн редакторуудтай хамтдаа хэлэлцэх боломжийг өргөнөөр ашиглахыг Танд санал болгож байна.      

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД