Мэдээ, мэдээлэл

Хэвлэл мэдээллийн редакцуудыг сонгуулийн үеэр ёс зүйтэй ажиллахыг уриалж байна
Хэвлэл мэдээллийн редакцуудыг сонгуулийн үеэр ёс зүйтэй ажиллахыг уриалж байна

Хэвлэл мэдээллийн редакцуудыг сонгуулийн үеэр ёс зүйтэй ажиллахыг уриалж байна

УРИАЛГА

 

Монгол Улс 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг онцгой нөхцөл байдалд, олон сорилтын дунд хийх гэж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах, чөлөөт шүүмжлэл өрнүүлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг хүний үндсэн буюу жам ёсны эрхээ хэрэгжүүлэх боломжтой нөхцөлд ард иргэд улс төрийн сонголтоо бүрэн дүүрэн, итгэл төгс хийж чадна. Иймд цар тахлын үеийн чөлөөт, шударга, ардчилсан сонгуулийн үйл явцад ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭРГЭЖЛИЙН СЭТГҮҮЛЧДИЙН үүрэг, хариуцлага үлэмж их юм.

 

Сонгуулийн үед хамгийн түгээмэл ажиглагддаг худал мэдээлэл, гүтгэлэг, доромжлолоос мэргэжлийн сэтгүүлч, редакцууд ангид байж, ийм зүйлийг нийтлэх, түгээхээс татгалзах ёстой. Үүний тулд сэтгүүлч, сурвалжлагч та бүхнийг аливаа мэдээ, мэдээллийг түгээхдээ туйлын хянуур байж, санамсаргүй алдаа гаргахаас сэргийлэн, олон талын эх сурвалжаар баталгаажуулсны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ түгээхийг онцлон анхааруулж байна.

 

Редакцын бэлтгэсэн мэргэжлийн контентийн агуулгаас үзэл суртал шингэсэн болон төлбөртэй мэдээллийг тодорхой тэмдэглэн зааглаж, хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй байх нь сэтгүүл зүйн зарчим. Энэ нь нэг талаар иргэдийн мэдэх эрхийг хангах, нөгөөтэйгүүр тухайн редакцын ил тод нээлттэй байдлын хэмжүүр болно. 

 

Нэр дэвшигчид болон намуудын мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл авах нь иргэний мэдэх эрх юм. Энэхүү мэдэх эрхийг хангахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийн үеэр тэнцвэртэй мэдээллээр иргэдийг хангах үүрэгтэй. Сонгуулийн сурталчилгааны үед тэгш байдлыг хангасан тэнцвэртэй мэдээллийг олгох нь иргэдэд аливаа асуудлын учир холбогдлыг үнэлж, дүгнэх, харьцуулалт хийх боломжийг бий болгодог. Мөн буруутгагдсан талд учир шалтгааныг тодруулж, сонгуулийн сурталчилгаа хаагдахаас өмнө тайлбар өгөх боломжоор хангах нь хүнлэг төдийгүй ёс зүйтэй.

 

Мэргэжлийн сэтгүүлчдийн өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрддөг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим” нь улс орны өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн сонгуулийн сурталчилгааны үед энгийн үеийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ. Харин сэтгүүл зүйн нөлөө, үр дагавар нь сонгуулийн хугацаанд энгийн үеэс хэд дахин өсөн нэмэгддэг. Иймд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн редакцуудыг сонгуулийн үед “хоточ банхар”-ын үүргээ нэр төртэй биелүүлэхийн сацуу мэргэжлийн сэтгүүлчдийн нэр хүндийн хамгаалалт болсон “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ”-аа чанд сахин мөрдөж ажиллахыг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс уриалж байна.

 

Улаанбаатар хот

2020 оны 5-р сарын 27

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД