Өргөдөл, гомдол гаргах зааварчлага

2014-12-08

ГОМДЛОО ХЭРХЭН ГАРГАХ ВЭ?

 Иргэн та сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийн сайт, радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлж нэвтрүүлсэн ямар нэгэн нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжага гэх мэт сэтгүүл зүйн бүтээлийг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн” гэж үзвэл Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд гомдол гаргаж болно.

    Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд гомдол гаргахаар шийдсэн бол дараах алхмуудтай танилцана уу.

Алхам1.     Гомдол хүлээж авах барагдуулах журамтай танилцана уу.


Алхам 2.    Гомдол гаргах удирдамжтай танилцана уу.

 

ГОМДОЛ ГАРГАХ УДИРДАМЖ

 

                 Гомдол хүлээж авах

1.    Гомдол ирүүлэх үеэс өмнөх 90 хоногт нийтлэгдэж, нэвтрүүлсэн материалтай холбоотой гомдлыг өргөдөл, бичгийн хэлбэрээр тусгай загварын дагуу хүлээж авна.

2.  Нэгээс дээш хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсвэл нэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгээс дээш нийтлэлд гомдол гаргах бол гомдлын материалыг тус бүрд нь бөглөнө. Гомдлын өргөдөлд дараах материалыг хавсаргасан байна. Үүнд:

-    Огноо, цаг хугацаа, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр

-    Зөрчсөн гэж үзсэн “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын заалт,, тайлбар

-    Хэвлэмэл хэвлэлийн хувьд тухайн нийтлэл хэвлэгдсэн огноо, цаг хугацаа харагдахуйц эх хувь

-    Сайтын хувьд тухайн мэдээлэл гарсан хуудас \screenshot\, боломжтой бол линкийг хавсаргах

-    Радио телевизийн хувьд тухайн радио, телевизийн нэр, лого, нэвтрүүлгийн нэр, эфирт цацагдсан цаг хугацаа, боломжтой бол видео болон аудио хуулбар

Анхаарах: Тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын бизнес үйл ажиллагаа, зар сурталчилгаатай холбоотой, түүнчлэн сэтгүүлчийн мэдлэг боловсрол, биеэ авч явах байдал зэрэг хувь хүний шинжтэй, ерөнхий агуулгатай, тодорхой бус, буцах эзэн, хаяггүй гомдлыг хүлээж авахгүй.

                 Гомдлоо хэрхэн бичих вэ?

1.    Гомдол гаргаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын эсхүл хэвлэгдэн нийтлэгдэж гардаг нэрийг бүтнээр нь тодорхой, товчлохгүй бичнэ.

2.    Гомдлын агуулга, гомдол гаргаж байгаа үндэслэл, шалтгааныг бичихдээ аль үг өгүүлбэр, эсвэл зурагт гомдолтой байгаа гэдгээ тодорхой бичнэ. Ингэхдээ Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын ямар заалтыг зөрчиж байна гэж үзэж байгаагаа бичнэ.

3.    Өөрийн овог нэрээ гаргацтай бичиж, гарын үсгээ зурна.

4.    Он сар өдөр, оршин суугаа хаяг, холбоо барих утас, и-мэйл хаягаа бичнэ. Тухайн хаягаар хандахад тантай шууд холбогдох боломжийг хангаж, нөөц хувилбар хаяг байж болно. Түүнчлэн дамжуулан холбоо барьж болох найдвартай хүний утас, хаягийг өгч болно. Энэ тохиолдолд уг утас, хаягаар дамжуулж холбоо барих гэдгээ тодруулж бичнэ.

5.    Өргөдөлд хавсаргасан материалуудыг жагсааж, хэдэн хуудас болсныг тодорхойлон бичнэ.

                Гомдлыг хянаж үзэх

1.    Гомдлыг Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн ажилтан хүлээн авч, материалын иж бүрдлийг шалгана. Хэрэв иж бүрдэл дутуу байвал бүрдүүлж ирэхийг хүсч, зөвлөлгөө өгч буцаана.

2.    Иж бүрдэл бүрэн бол хүлээн авч бүртгэж, бүртгэсэн тухай батламж олгоно.

3.   Тодорхой шалтгаангүй, ойлгомжгүй, ёс зүйн асуудалд үл хамаарах гомдлын хариу тайлбарыг ажлын албанаас бичгээр өгнө.

4.    Тайлбарыг хүлээж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор иргэн та дахин гомдол гаргах эрхтэй.

Санал хүсэлт өгөх