“Телевизийн бизнес ба ёс зүй” хэлэлцүүлэгт Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөл оролцлоо

2016 оны 2-р сарын 25

“Монголын телевизүүдийн форум-2016”  гурав дахь жилдээ буюу 2 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд “Бест Вестерн” зочид буудалд болж өнгөрлөө.  Уг форумд Монголын телевизүүд болон харилцаа холбооны салбарынхан, уран бүтээлчид, төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбарынхан оролцов.

Энэ удаагийн форум нь  Монголын телевизүүдийн “Контентын үнэлэмж” Монголд ямар байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлж, уг хэлэлцүүлэгт Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл “Телевизийн бизнес ба ёс зүй” сэдвийг хөндсөн юм. Тус хэлэлцүүлэг нь  Телевизүүд нэр хүндтэйгээр оршин тогтноход ёс зүй хэр чухал болох, улмаар телевизийн бизнесийг амжилттай явуулахад ёс зүйн асуудал хэрхэн хөндөгдөж байгаад чиглэгдэв. Хэлэлцүүлгийг Монголын Хэвлэл Мэдээллийн  Зөвлөл (МХМЗ)- ийн Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Гүнжидмаа удирдаж, панелистээр МХМЗ-ийн Удирдах Зөвлөлийн дэд дарга У.Тамир, Радио, телевизийн ёс зүйн хорооны дарга Ж.Батбаатар, News агентлагийн дэд захирал, сэтгүүлч Д.Нарантуяа, залуу сэтгүүлч Ж.Tэгшжаргал нар оролцсон юм.

Тэд телевизийн төдийгүй Монголын хэвлэл мэдээллийн салбарт үзэгчдийн итгэл үнэмшлийг тээж явдаг ёс зүйн асуудлын эргэн тойронд ямар алдаа оноо байгаа тухай санал бодлоо хэлсэн. Уг хэлэлцүүлгийн үр дүнд баталгаатай найдвартай мэдээний үнэ цэнэ улам бүр өсөж, түүнийг хүлээн авах хүсэлтэй үзэгчдийн тоо нэмэгдсээр байгаа нь редакцуудын үнэлэмж, үнэ цэнийг  өсгөхийг онцолсон нь энэ удаагийн Монголын Телевизүүдийн форумын нэгэн чухал шигтгээ нь байлаа.

Санал хүсэлт өгөх